2011/07/17

Төр нийгмийн зүтгэлтэн Тамжидын Сурахбаяр

Монголын ард түмний эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнол, хувьсгалын ялалтыг бататган бэхжүүлэх, хязгаар нутгийг тохинуулах, аугаа үйлсэд алд биеийн алжаал зүдрэлийг умартан цаг наргүй зүтгэж явсан хүний нэг бол Алтайн урианхайн долоон хошууны Зүүн амбаны хошууны харъяат өргөн олноо Улсын бага хурлын нарийн бичгийн дарга хэмээн алдаршсан Тамжидын Сурахбаяр юм.

Т.Сурахбаяр нь 1881 онд / зарим материалд 1880 онд төрсөн гэж байдаг ч Улсын аюулгүй байдлыг хангах тусгай газрын архивын материалыг үндэс болгов./
Ховд хязгаарын Алтайн урианхайн 7 хошууны зүүн амбаны хошуу буюу одоогийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Цэнгэлийн гол хэмээх газар ядуу ард Тамжидын гэрт хорвоод мэндэлжээ.
Тамжид нь Сурахбаяр, Цогт, Шогжир гэдэг хүүтэй байсан бөгөөд тэд Шинжааны Чингэл голоор хэсэг нутаглаж байгаад Галдан бошготын баруун гарын итгэлт шадар туслагч нь байсан. Данжилагийн угсааны Дамбийням тайж / Дамбий өөлд хоч нэрээр нэршсэн/-ийн хошуу одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нүүдэллэн ирж хүү Шогжироо Сагсайн хүрээнд шавилан суулгаж өөрөө хүү Цогтын хамт Хонгио дахь хятад худалдаачны үхэр малыг хариулан, хүү Сурахбаяр нь хятад худалдаачны тамхины гал баригчаар ажиллаж байсны дээр хувийн цөөн малаа маллан ан гөрөө хийж хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчээ.
Төрөлхийн сэргэлэн цовоо Сурахбаяр хүү хятад худалдаачдад зарцлагдаж явахдаа хятад, хасаг хэлийг сурч бусдаар монгол бичиг заалган суралцаж улмаар Ховд дахь манж хятадын амбаны дэргэдэх түр дамжаанд 17 настайдаа орж 18 настай төгсөж ирээд Урианхайн хошууны амбан ноён Жунисын бичээч, Оорцог сумын хүнд, залан, захирагчаар ажиллан 1912 онд Хошуу тамга залж аваачихаар Нийслэлд хүрээнд ирж Богд хаанаас хөх жинс, тогосын отгоор шагнуулж байжээ. Энэ үед уйгар хэлийг өөрийн авъяас билгээр сурсан байна.
Сурахбаяр Сагсайн хүрээнд тухайн үед байсан Оросын худалдаачдаас тэдний хувьсгалт үзэл санаа, үйл ажиллагаатай нь танилцаж Оросын Бийск, Хятадын Шинжаны шар сүм, Тагна Тува, Улиастай зэрэг газруудаар явж газар нутаг үзэн нүд тайлахын зэрэгцээ баячууд нь ядуусаа хэрхэн дарлан мөлжиж байгааг ойлгон мэддэг болжээ. Энэ бүхэн нь түүний хувьсгалт үзэл санаа бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Мөн автономит засгийн үед Сурахбаяр Ховдын жанжин сайдын дэргэдэх жургааны дамжаанд / 1915 / суралцаж байсан байна. Урианхайн зүүн амбаны ноён Эрх-Шуна хэмээх Яндаг амбан: “Ном бичиг үсэг сайтай, олон ястны хэл мэддэг Сурахбаяр мэт хүн бидэнд хэрэгтэй “ хэмээн зүүн амбаны хошууны бичээч, захирагчаар 1921 он хүртэл ажиллуулсан байна.
1921 онд Монгол Улсын ардын эрхт хэмжээт цаазат төр засаг байгуулагдсаны дараа үндэсний хувьсгалын ялалтыг орон даяарт түгээн дэлгэрүүлэх, түмэн олноо хүргэх, Монгол орны баруун хязгаар нутагт орогнон хоргодсон цагаан цэргийн бүлэг хүчийг бут цохих, газар орон нутаг, ард түмнээ цагааны мэдлээс чөлөөлөх асуудал чухал ач холбогдолтой байлаа. Чухам энэ ажлыг амжилтанд хүргэхийн төлөө анхнаас нь хүчин зүтгэсэн хүний нэг бол Сурахбаяр байлаа.
Ц.Дамбадорж, К.Байкалов нар хөшөө модонд байсан улаан цэргийн ангитай нутгийн ард олны дэмжлэгтэйгээр холбоо барьж чадсан учраас цагаантны цэргийн бүслэлтийн 42 дэх хоногт цохилт өгч ардын журамт цэргийн салбар анги, улаан цэргийг чөлөөлөгдмөгц Т. Сурахбаяр Сагсайн хүрээний жасын хөрөнгөнөөс 500 эр хонь, 500 үстэй дээл, 500 морь, 50 гэрийг гаргаж тэдэнд тусалсан байна. Энэ нь түүний нутгийн олон түмэндээ өндөр нэр хүндтэй байсны баталгаа юм.
Нөгөө талаар тухайн үеийн орон нутгийн засаг захиргааны томоохон эрх мэдэл бүхий албаны хүн шинэ тулгар төрийн найдвартай түшээ байсны гэрч гэлтэй. Т.Сурахбаяр нь монголын баруун хязгаар Алтайн урианхайчуудын дотроос тухайн үедээ өндөр боловсролтой нэгэн байсны төдийгүй казах, уйгар хэл мэддэг сайн орчуулагч байжээ.
Т.Сурахбаяр нь 1922 оноос намын үүрийн дарга, 1923 оноос Ховдын хязгаарын Жанжин яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байхдаа монгол улсынхаа баруун хил хязгаарыг сахин хамгаалах, ард түмнийхээ амгалан тайван байдлыг хамгаалах, цэрэг ард түмний холбоог бэхжүүлэх олон ястныг төрийн хэрэгт оролцуулан сургах, МАН-ын салбар байгууллагыг байгуулан олон ястны төлөөллөөр эгнээг нь бэхжүүлэх үйлсэд эх орон, элэг нэгт олныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж явсан бусад нөхдийнхөө нэгэн адил зүтгэсэн эх оронч дээдсийн нэг байлаа.
1924 онд хуралдсан МАХН-ын 3-р их хурлаас Т.Сурахбаярыг Намын Төв Хорооны Бүгд хурлын гишүүнээр сонгосон нь төрийн удирдах дээд байгууллагад урианхай түмнээ төлөөлөн дэвшин ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.
1925 онд Алтайн урианхайн хошуу даргаар Т.Сурахбаярыг томилсон бөгөөд эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх, ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх,тэднийг соён гэгээрүүлэх, эрх чөлөөг нь эдлүүлэх, хүүхэд залуучуудыг сургаж эрдэм номтой болгох талаар цуцалтгүй ажиллаж байв.
Алтайн урианхайн 7 хошууг 1927 онд Алтайн урианхайн Зүүн гарын зүтгэлт, Зоригт, Итгэмжит, Эетэй гүний 4 хошууг нэгтгэн Алтай хан уулын Урианхайн Зүүн хошуу, Дархан Ёст, Саруул засгийн гурван хошууг нэгтгэн Алтай хан уулын урианхайн баруун гарын хошуу гэдэг хоёр хошуу болгосон бөгөөд 1929 онд энэ хоёр хошууг нэгтгэн Алтай хан уулын хошуу болгон зохион байгуулахад Т.Сурахбаяр ихээхэн зүтгэл гаргаж байсан ба 1927 онд хошуудыг нэгтгэн Зүүн хошууны даргаар түүнийг томилон ажиллуулжээ.
1928 оны сүүүлчээс эхлэн он дамжин хуралдсан Улсын 5-р их хуралд Т.Сурахбаяр урианхай түмнээ төлөөлөн оролцсон байна. Тэрээр 1928 оны 12-р сарын 15-нд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 2-р тогтоолоор Дотоод Явдлын Яамны сайдаар томилогдон ажилласан байна.Мөн 1929 оны 1-р сарын 23-нд Улсын 5-р их хурлын 39-р тогтоолоор Улсын Бага Хурлын тэргүүлэгчээр сонгогджээ.
Улсын 5-р их хурлын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын дийлэнхийг нь Т.Сурахбаярын толгойлсон Дотоод Явдлын Яам удирдан зохион байгуулжээ. Дотоод Явдлын Яамны сайдаар томилогдмогц Т.Сурахбаяр нутгийн захиргааны ажлын тухай, бичгийн ажлын тухай, өртөөний тухай, суртлын тухай, харилцах мэдээ захидлын тухай заавар гарын авлага боловсруулсан бөгөөд энэ нь түүний холч хараа, гүйлгээ ухаантайг гэрчлэх нэгэн баталгаа мөнөөс мөн.
1930 оны 2-р сарын 21-нээс 4-р сарын 3-ныг хүртэл хуралдсан МАХН-ын 8-р их хурал, 1930 оны 4-р сард хуралдсан Улсын 6-р их хуралд тус тус төлөөлөгчөөр сонгогдон оролцож тус хурлуудаас гарсан “Бага ястны дунд эдийн засаг, мал аж ахуй, эрдэм гэгээрлийн тухай явуулах хэргийг онцод үзэж явуулбал зохихын дээр торгууд, казах зэрэг бага ястныг тус тусын үндэсний эрхийг хүндэтгэж удирдах, захирах өөрсдийн захиргааны хэргийг эрхлэгчдэд эрхбиш өөрийн дотроос сонгуулж эрхлүүлэхийг чухал болговол зохино” гэсэн заалтыг үндэслэн 1930 оны 7-р сард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 22-р тогтоолоор “Бага ястны зөвлөл”-ийг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэд байгуулан нарийн бичгийн даргаар нь Дотоод Явдлын Яамны сайд Т.Сурахбаярыг томилон ажиллуулсан байна.
Энэ ажлыг хүлээн авсан Т.Сурахбаяр бага ястны дотор сургууль, эмнэлэг байгуулах, аж ахуй, эдийн талаас аливаа татвараас хөнгөлөх, чөлөөлөх, монгол банкнаас тэдэнд удаан хугацааны зээл олгох, ан агнах, загас барих, тариалан хөгжүүлэхэд хэрэглэгдэх багаж зэвсгээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон ажлыг зохион байгуулсан нь тэрээр улс орон, ард түмнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хичнээн их санаа тавьж ажиллаж байсныг гэрчилж байна.
Улсын 16-р бага хурал Т.Сурахбаярын Улсын бага хурлын нарийн бичгийн даргаар сонгосон байна. Улсын Бага Хурлын нэр дэр ирсэн албан бичгийн хариу өгөх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах, хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөх, хурлын бэлтгэл ажлыг хангах, ялтан хэрэгтний ялын бодлогыг хянан үзэж шийдвэрлүүлэх, хүмүүсийг одон медалиар шагнуулах зэрэг асуудлыг Т.Сурахбаяр хариуцан гүйцэтгэж байжээ.
Тэрээр 1934 оны 12-р сард хуралдсан Улсын 7-р ир хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. 1935 оны 11-р сарын 7-нд болсон Октябрийн социалист хувьсгалын 18 жилийн ойн баярт Т.Сурахбаяр, малчин Бадарч, Дорноговь аймгийн намын хорооны дарга Г.Дамдин, Увс аймгийн намын хорооны дарга Уртнасан, Хатгалын ноос угаах үйлдвэрийн дарга Далхаа нарын хэсэг нөхдийн хамт улсаа төлөөлөн төлөөлөгчөөр оролцож байжээ. Ажил үйлсээрээ шалгарсан шилдэг хүмүүсээ жил бүр шалгаруулан шагналын журмаар ЗХУ-ын баярт зардлыг нь улсаас хариуцуулан жуулчлуулдаг байжээ.
1936 онд Ховд аймгийн Буга сумын урианхайчуудын амьдрал нэн ядуу байсныг шалган шийдвэрлэх комиссыг Сайд нарын зөвлөлийн 32-р хурлын тогтоолоор Т.Сурахбаяраар ахлуулан томилон ажиллуулсан байна. Уг асуудлыг газар дээр нь судалсан комиссын саналыг үндэслэн ерөнхий сайдын захирамж гарч сумын ардуудад өмнө нь зээлээр олгосон 20000 төгрөгийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр шийдэж, 1935 онд дахин зээлээр олгосон 20000 төгрөгийг 10-аас доош бодтой 150 өрхөд буцалтгүй тусламж болгон үлдээж байжээ.
1936 оны 7-р сарын 15-нд нээгдсэн Улсын 21-р бага хуралд Т.Сурахбаяр: “Цэргийн ар гэрт тэтгэлэг олгох, олон түмний эрэлт хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх талаар зохиож буй ажил үр дүнд хүрэхгүй байна. Орон нутгийн захиргааны газруудын ажил сул байна.Сахилга батгүй цалгар назгай байдлыг сайжруулах хэрэгтэй. Хил хязгаараа хамгаалж байгаа улаан цэрэгтэй тогтоосон шефийн харилцаагаа улам бэхжүүлж ажиллахыг уриалан үг хэлсэн байна. Энэ нь Т.Сурахбаярын туурга тусгаар монгол улсынхаа мандал бадралын төлөө , босоо заяат монгол түмнийхээ тэгш сайхан амьдралын төлөө хэлсэн сүүлчийн үг, хойчийн удирдагчиддаа үлдээсэн гэрээслэл ч байж болох юм. Ингэхийн учир нь үүнээс хойшхи хугацаанд ямар нэгэн хурал зөвлөгөөнд үг хэлж, илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай материал харагдахгүй байна.
1937 оны 6-р сарын 28-ныг хүртэл төрийн өндөр албанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн байна. Т.Сурахбаяр 1938 оны зун өвчний учир нутагтаа ирсэн бөгөөд 1938 оны сүүлчээр түүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт татан баривчилсан байна. Сурахбаяр нь эхнэр Тошил, хүү Ёнгоруун, Рааш, Чойжид, охин Ожаан нарын хамт амьдарч байсан ба Ёнгоруун нь аавыгаа баригдах үед Сагсай сумын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1930-аад оны дунд үеэс эхэлсэн хэлмэгдүүлэлтийн “хар шуурга”-нд монгол улсынхаа төлөө чин шударгаар зүтгэж явсан олон мянган хүн өртөн хэлмэгдсэний нэг нь Т.Сурахбаяр байлаа.
Төгсгөлийн оронд онцлон тэмдэглэж өгүүлэх инү:
Тамжидын Сурахбаяр хэмээх энэ хүмүүн Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн төрийн албанд бичээчээс төрийн сайд хүртэл төрийн өндөр албыг хашсан, шинэ тулгар Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө ухамсарт амьдралаа зориулан, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах, хязгаар нутгийн ард түмнийг соён гэгээрүүлэх, улсынхаа дархан хил хязгаарыг хамгаалах, бэхжүүлэх, нам төрийн тухайн үеийн шийдвэрийг биелүүлэх, олон ястан үндэстнийг монгол хэмээх нэгэн гэр бүлд эв найрамдалтай , хамтын нэгэн хүчин болгохын төлөө ноён нуруу алдаагүй, алд биеийн алжаалыг умартан тууштай тэмцсэн, ухааны цараагаар улсаа удирдан залалцсан урианхай түмний бахархал болсон буурал дээдсийн нэг нь байжээ.

А.Гонгор
2010 оны 9 сарын 20

2 comments:

  1. Би энэ хүний хамгийн бага хүү болох С.Чойжидын гуч нь байгаам
    Саяханаас удамаа судалж Өвөг дээдсийнхаа тухай олсондоо баяртай байна баярлаа :)

    ReplyDelete
  2. Би энэ хүний хамгийн бага хүү болох С.Чойжидын гуч нь байгаам
    Саяханаас удамаа судалж Өвөг дээдсийнхаа тухай олсондоо баяртай байна баярлаа :)

    ReplyDelete