2010/11/12

“Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв


Эрүүл ардчиллыг төлөвшүүлэхэд иргэдийн хууль, эрх зүйн ойлголт, мэдлэг, эрхээ хамгаалах чадвар чухал үүрэгтэй. Дэлхийн банкны дэмжлэгээр  Хуул зүй Дотоод хэргийн яамны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслөөс Баян-Өлгий аймаг дахь “Урианхай дөрвөд тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо”-ны дэргэд “Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төвийг шинээр үүсгэн байгуулж байна. Энэхүү төвийг нээх болсон гол үндэслэл нь цөөнхийн цөөнх болсон урианхай дөрвөд тува иргэдийн дийлэнх хувь буюу хөдөө сумдад амьдардаг малчид болон ажилгүй иргэд төрийн баримт бичиг хөтлөгддөг монгол хэлний халх аялгаар сайн ярьж ойлгодоггүй, ихэнх нь бага, дунд боловсролтой бөгөөд өөрийн угсаатны, нутгийн аялгаар ярьдаг. Үүний улмаас хууль болон шүүхийн өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар, боломж хомс, хууль эрх зүйн мэдлэггүйгээс эрх нь янз бүрээр зөрчигдөх нь түгээмэл байдаг. Иймд хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь тэдгээр иргэдийнхээ эрхийг хамгаалах, хууль зүйн боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх, эрх зүйн мэдээлэлд хандах боломжийг нь нэмэгдүүлэх, хууль зүйн тал бүрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой юм. Уг төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2010 оны 11-р сарын 11-ний өдөр 14 цагт Цэнгэлхайрхан үйлчилгээний төвийн 201 тоотод албан ёсоор боллоо. 
Урианхай дөрвөд тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо

No comments:

Post a Comment