2010/11/14

Хоёр. Үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал

Ингэхэд бид үндэсний цөөнх гэдэг нэр томъёог зүгээр л энгийн ярианд хэрэглэсээр байгаад хэвшмэл нэр томъёо болсон уу? аль эсвэл албан ёсны хэллэг үү?
гэдгийг төдий л анзаардаг билүү.

    Хүний эрхийн олон улсын нэр томъёоны гарын авлагад “үндэсний цөөнх гэдэг нь тухайн улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөн болох хэл, арьсны өнгө, шашин шүтлэг, соёл иргэншилийнхээ хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлаа хадгалах хүсэл эрмэлзэл бүхий тодорхой бүлэг хүмүүсийг хэлдэг” гэж тодорхойлжээ.

    Олон улсын хүний эрхийн байгууллагууд улс бүр дэх үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн байдалд шинжилгээ судалгаа явуулж үнэлэлт дүгнэлт өгдөг ба түүний мөрөөр тухайн улс орны төрийн байгууллагууд тодорхой бодлого боловсруулж асуудлыг шийдвэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүний эрхийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хөвсгөл аймаг дах Дархадуудын асуудлаар судалгаа явуулж дүгнэлт гаргасныг та бид мэдэж байгаа.

    Манай аймгийн нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлдэг Урианхай, Дөрвөд, Тувачууд нь өөрийн хэл, соёл, зан заншил, шашинтай бөгөөд энэхүү өвөрмөц байдлаа хадгалах хүсэл эрмэлзэл бүхий үндэсний цөөнх гэж албан ёсны тодорхойлолтоор илэрхийлж болох юм.

    Одоогоос 5 жилийн өмнө Ойрадын эрх ашгийг хамгаалах холбоо тус аймагт үүсэн үндэсний цөөнхийн нийтлэг эрх ашигт нийцсэн нэгдмэл үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.Нийтлэг язгуур эрх ашиг сонирхолтой мөртлөө тус тусдаа холбоо байгуулж тэр нь дорвитой үйл ажиллагаа явуулахаа больчихсон тийм үед дахин байгуулагдсанаараа уг холбоо нь цөөнхийг нэгэн бодлого зорилгод нэгтгэн зангидаж дуудсан түүхэн ач холбогдолтой байсан.Холбооны үйл ажиллагаа бас л санасан хэмжээгээр яваагүйгээр барахгүй ор тас зогссон билээ. Энэ нь нэг талаар эрх зүйн орчны шинжтэй доголдолтой холбоотой боловч нөгөө талаар улс төржих хандлага давамгайлсан, нийтлэг гэхээс тодорхой хэсэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн, Өлгийгээс бусад сум дах цөөнхийн дэмжлэг авч чадаагүй буюу тэдэнд мэдрэгдэж үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой байлаа.

    Бас нэг асуудал бол “эрх ашгийг хамгаалах” тухай ярих бус хамгийн гол нь тэдгээр эрх ашгийн нэгдлийг бүрдүүлэгч гол хүчин зүйлүүд хэл, соёл, урлаг шашин шүтлэг зэрэг үндэсний үнэт зүйлсээ сэргээхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай болохыг энэ хугацаанд бид мэдэрсэн билээ.

    Үндэстнийхээ баларсныг сэргээж, тасарсаныг нөхөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байж үндэснийхээ бахархал, үнэт зүйлийг хадгалж үлдэх төдийгүй, хөгжүүлнэ гэдэг нь даяаршилын эрэн үед нэг аймаг, улс орны төдийгүй дэлхий нийтийн нээлттэй асуудал болоод байгааг дурдвал зохино.

    Эдгээр нөхцөл байдлаас үндэслэн Ойрадын эрх ашгийг хамгаалах холбооны үйл ажиллагааны чиглэл зорилтыг бага зэрэг өөрчилж, Монгол угсаатан иргэдийн нийгмийн хөгжлийн дэмжих холбоог шинээр байгуулсан юм.

    Холбоо нь 2005 оны 3 дугаар сарын 14 –ний өдөр анх үүсэн байгуулагдаж мөн сарын 30-нд Хууль Зүй Дотоод Хэргийн яаманд бүртгүүлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй болов.

    Холбооны үйл ажиллагааны эрхэм зорилтууд дараах үндсэн хэдэн асуудалд тулгуурлаж байна.

    Үүнд:-тус аймагт амьдардаг үндэсний цөөнх болох Монгол угсаатан иргэдийн мэргэжилтэй боловсон хүчний ажил эрхлэлтийн асуудлаар төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах,

    -Аймаг, сумын төр захиргааны байгууллагын шийдвэр гаргах түвшинд зохих тооны төлөөлөлтэй байх бодлогыг төлөвшүүлэх,

    -Үндэсний цөөнхийн удмын санг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтын болон сургалт сурталчилгааны ажлыг төр, олон нийтийн байгууллагуудтай хамтран явуулах,

    -Үндэсний зан заншил, урлаг соёлын өвийг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх,

    -Уламжлалт бурханы шашны зан үйлийг хөхүүлэн дэмжиж сүм хийдийг дахин сэргээн байгуулах замаар иргэдийн сүсэг бишрэлийг хангах ажлыг дэлгэрүүлэх явдал юм.

    Цөөнх иргэдийнхээ нийгмийн хөгжлийн асуудлаар төсөл, хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг боловсруулж төр, захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх явдал Холбооны үйл ажиллагааны анхаарлын төвд байх болно.

    Дэлхийн зон олон хүний эрхийн болоод нийгмийн асуудлыг /боловсрол, эрүүл мэнд, ядуурал г.м / шийдвэрлэх талаар улам бүр ойртон нягтарч нэг үндэсний бус бүх нийтийн үйл хэрэг болгож байна.

    Одоогоос хоёр жилийн өмнө авсан судалгаагаар тус аймаг дахь үндэсний цөөнх иргэдийн нийгмийн хөгжлийн асуудал туйлын хангалтгүй байна.

    Аймгийн засаг захиргааны 14 нэгжийн 10-д 9900 гаруй урианхай, дөрвөд, тува, халх, өөлд, торгууд зэрэг ястангууд оршин сууж байна.Монгол өрхийн тоо аймгийн дүнгээр 2400 орчим байгаагаас Алтай сум 350, Алтанцөгц 200, Бугатад 140, Булганд 250,Буянтад 420, Ногооннуурт 120, Сагсайд 50, Цэнгэлд 400,Цагааннуурт 100, Өлгий суманд 330 өрх байна.Эдгээр 9900 гаруй хүн амын 50 гаруй хувь нь хөдөлмөрийн насны бөгөөд тэдгээрээс 500 орчим нь төсөвт болон бусад байгууллагад ажил эрхэлдэг гэсэн тооцоо буй.Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны иргэдийн дөнгөж 10 орчим хувь нь ямар нэг цалин хөлстэй ажил эрхэлдэг гэсэн үг.Мэргэжилтэй 100 гаруй хүн ажилгүй байна гэсэн тооцоо бий.Цөөнхөөс их дээд сургууль төгссөн залуучууд төрсөн нутагтаа ирэхгүй байна.

    Мэргэжил боловсролтой ч дэмжлэггүйгээс ажилд орж чадахгүй түүнээсээ болж нутаг орон сольж нүүсэн хүмүүс олон байна.Нөгөө зөрим нь амьдралын аргагүй байдлын улмаас эх нутгаа орхин төвийн аймаг руу нүүцгээж байна.Жил бүр 20-30 өрх төвийн бүсийн аймаг руу шилжиж байна. Нүүж асуудлаа шийдэх бус нүүхгүйгээр хамтран тэмцэж, хөдөлмөрлөж, асуудлаа шийдэх ёстой. Аль ч үндэстэн эх нутгийнхаа эзэн нь байх эрхэм үүргээсээ буцах учиргүй бус уу.

    Хөрөнгө мөнгөгүй, танил талгүй, төрөл төрөгсөд нь удирдах ажил эрхэлдэггүй бол төрийн байгууллагад ажилд орох бололцоо огт байхгүй нь тодорхой болсон цаг үе юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, ЗДТГ болон Алтай, Буянт,Ногооннуур, Сагсай, Өлгий сумын хурал, ЗДТГ-т удирдах албан тушаал хашдаг монгол угсаатан байхгүй. Байгууллага толгойлдог хүн ч алга. Байдал ийм байхад үндэсний цөөнхөөс шинээр ажил албанд томилогдох дэмжлэг авах нэн бололцоогүй бөгөөд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж  байна. Уг нь үүнийг бодлогоор зохицуулж ирсэн уламжлал бий.

    Социализмын үед монголчууд амьдардаг сумын 2 даргын аль нэг нь монгол хүн байх, 3 хүн ажилд шинээр орох бол нэг нь монгол хүн байх бодлогыг зориуд авч хэрэгжүүлдэг байлаа.1990 оноос хойш ч энэ уламжлал хадгалагдаж Аймгийн засаг даргын орлогч, тамгын газрын даргаар монгол хүн томилогдон ажиллаж байсан бол 2002 оноос огт төлөөлөлгүй болов.Аймгийн ИТХ-д сонгогдсон Монгол төлөөлөгчдийн хэн нэгийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулдаг байсан уламжлал ч алдагдав. Энэ нь цөөнх иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон, өөрийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийг удирдах хэсэгт оролцох эрх хязгаарлагдсаны илрэл юм.
    Асуудлыг олонхоор шийдэх зарчмыг цөөнхийг үл хүндэтгэх байдалд буруугаар ашиглаж болохгүй гэдгийг үндэсний асуудлын хүрээнд хатуу анхаарах нь бидний хамтын эв эеийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

    Цөөнх нь олонх болсон үндэсний зүгээс өөрсдөд нь хэрхэн хандаж байгааг боловсон хүчний томилгооны байдлаар үнэлж дүгнэдэг хандлага байдаг. Адилхан мэргэжил, боловсролтой 2 хүний нөгөөх нь ажилд томилогдвол үлдсэн цөөнх нь үндэсний асуудлын хэмжээнд сэтгэж эмзэгээр тусган авч бухимдал үүсдэг.

    Аймаг сумын төр, захиргааны байгууллагын шийдвэр гаргах албан тушаалд цөөнх иргэдийн төлөөлөл байхгүй нь хүмүүст сэтгэл зүйн таагүй байдал төрүүлж байна. Удирдах албанд төлөөлөл нь байснаар зөвхөн тэдэнд үйлчилж тэдний асуудлыг бүрмөсөн шийдэхгүй нь хэн хүнд тодорхой. Гэхдээ бидний төлөөлөл тэнд сууж байна гэдгээрээ үндэсний хувьд сэтгэлийн дэм авдаг жамтай .Энэ нь өдгөө Монгол улсын Засгын газрын бүрэлдэхүүнд Баян-Өлгийн унаган хүү П.Цагаан, С.Цогт-очир нар сайд, дэд сайдаар ажилласаар байхад яагаад заавал казак сайд байхгүй гэж гоморхож байдагтай агаар нэг билээ.

    Юм болгонд цөөнх гэдэг талаас хандаж юу юугүй гомдоллох нь учир дутагдалтай. Бидний дотор нарийн мэргэжил, өндөр боловсрол мэдлэгтэй боловсон хүчний хүрэлцээ нэн хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.

    Юуны өмнө боловсролын асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ. ЕБС төгсөгчдийн эхний өндөр оноо үнэлгээтэй хүүхдүүдийн дотор цөөнх бидний хүүхдүүдийн эзлэх хувь нэн доогуур байна. Хүүхдүүдийн сурлагад огт анхаардаггүй, сургууль завсардуулах, сурах нөхцөл бололцоонд хайнга хандах явдал ялангуяа хөдөөд түгээмэл байгаад бид дүгнэлт хийх    хэрэгтэй.

 Мэдлэг боловсролгүй харанхуй байдал үндэстнийг  мөхөлд хүргэнэ. Боловсрол доройгоос болж уншихгүй байна, мэдээллээс хоцорч байна, хөгжлөөс хоцорч байна, сэтгэхгүй байна, сэтгэж чадахгүйгээс цаг үеэ зөв мэдэрч амьдрах арга ухаанаа олохгүй байна. Тиймээс бид боловсролыг шүтэх үзлийг төлөвшүүлөх шаардлагатай байна.
Боловсролын хүрээнд анхаарах гол асуудлын нэг нь Өлгий сумын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх явдал юм. Аймгийн төвийн цэцэрлэгүүдэд монгол ангийг олшруулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар Өлгий сумын 2-р цэцэрлэгт ганц бүлэг байдаг ч ангийн багш нь хүүхдийн авъяас чадвар , ой тогтоолтыг хөгжүүлэх, нээхэд чиглэсэн сургалт явуулж чадахгүй байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ өгөхгүй байна. Нөгөө талаар цэцэрлэгүүдийн хоолны орцын байдалд анхаарахгүй бол хүүхдүүд цэцэрлэгээс өлсөж ирдэг болжээ. Энэ байдалд Өлгий сумын удирдлага онцгой анхаарал тавих байх гэж найдаж байна. Ногооннуур, Цагааннуур, Бугат, Сагсай зэрэг сумдад анги дүүрэлтгүйгээс монгол хүүхдүүдийн боловсролын ирээдүй тун бүрхэг байна. Эдгээр сумдад монгол хүүхдүүд хагас дутуу бага боловсрол эзэмшээд сургуулиас гарч байна. Эндээс бид цөөнхийн хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрх, эрх чөлөө яаж зөрчигдөж  байгааг харж болно.

Ирээдүй хойч үе маань боловсролгүй харанхуй өсч өндийж байхад хөгжлийн тухай ярихын ч хэрэггүй болж байна. Сургууль завсардсан хүүхдүүдэд албан бус сургалт явуулах замаар ЕБ-ыг үнэ төлбөргүй эзэмших эрхийн хэрэгжилтийг хангах талаар сум , аймгийн удирдлагууд зориуд анхаарал тавьж бодлогын шинжтэй арга хэмжээ авах цаг болжээ.

        Монголоор чөлөөтэй сэтгэж, ярьж чаддаггүй багш Өлгий сумын 10 жилийн 2-р сургуулийн бага ангид багшилж байгаа талаар эцэг эхчүүд шүүмжилж байна. Урианхай дөрвөд тувачуудаас багшийн мэргэжил эзэмшсэн шинэ залуу боловсон хүчнүүдийн ажиллах ёстой  газар нь хамгийн түрүүнд энэ сургууль байх бодлогыг зориуд барих учиртай бус уу. Гэтэл энэ бодлого эсрэгээр хэрэгжиж байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

         Үндэсний цөөнх бидний урлаг, соёлын их өв жил ирэх бүр улам бүдгэрч мартагдаж мөхөх хандлагатай болжээ. Үндсэн хуулиар олгосон соёл, урлагийн үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих үр шимийг нь хүртэх эрх, эрх чөлөөгөө бүрэн хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч байна.

        Хуучны эд өлөгийн зүйлс болох Монгол /урианхай, дөрвөд, тува/ хувцас хунар, гоёл чимэглэл, эд хэрэгслийн эртний хийц загвар устаж алга болжээ. Үүнийг бид сэргээх шаардлагатай юм. Үндэсний хувцасаа болж өгвөл хүн бүр өмсөж хэвших үүний тулд загвар хийцийг сэргээн оёдлын цех ажиллуулдаг, цагаан сар, найр, хурим, бусад баяр наадмаар урианхай, дөрвөд, тува хувцасаа өмсдөг болж хэвших хэрэгтэй байна. Буриад зон өдгөө баяр наадам, хурим найранд ч, сур харвахдаа ч буриад дээл, малгайгаа өмсөж, хэрэглээд хэвшил болчихсон байна. Ийм дэвшилт үлгэр дууриаллыг авч бид хэрэгжүүлэх хэрэгтэй.

          Бидний дунд алдар цуутай уран дархчууд үнэндээ цөөрчээ. Үндэсний онцлогтой эрэгтэй, эмэгтэй гоёл чимэглэл, гэр ахуй, морь малын тоноглол урладаг уламжлалыг ч сэргээх шаардлагатай байна.
      
          Манай ард түмний дунд олон сайхан тууль, домог, ерөөл, магтаал  зэрэг ардын аман зохиолын олон төрөл байсан. Хоног өртөөлөн хайлдаг тууль, олон сайхан үлгэр, домог,  хууч яриа бараг устсан байна. Хөрш Ховд аймаг дахь урианхай түмэн өнөө хэр тууль хайлсан хэвээр байгаагаас ч суралцах хэрэгтэй юм.

         Монголчууд бид бэлгэ дэмбэрэлийн сургаал үг, ерөөл магтаал олныг хэрэглэж ирсэн. Өдгөө ерөөлийн эртний хэллэг найруулга алдагдаж эхэлжээ. Уртын дуу маш явцуу хүрээнд цөөн хэдэн дуу дуулагдаж байна. Богино дуу, хошин шог, харилцаа, домогт дуунуудыг мэддэг хүн үгүй болсон байна. Энэ бол том эмгэнэл гэдгийг бид ухаарах хэрэгтэй.

         Үндэсний уламжлалт хөгжмийн зэмсэг товшуур, икэл, морин хуур тоглодог хүнгүй болж эдгээр хөгжмийн зэмсэгтэй айл өрх байхгүй болсон нь нэн харамсалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд “Морин хуур, уртын дуу” хөтөлбөр улс орон даяар  хэрэгжиж эхлээд байгаа өнөө үед айл бүр икэл, морин хууртай болох, улмаар эдгээр хөгжмийн зэмсэгийг хүүхдүүдэд сургах ажлыг системтэй явуулах шаардлагатай байна.

          1980-аад оны үед нэлээд эрчимтэй хөгжих хандлагатай байсан үндэсний тоглоом наадгайн төрөл зүйлийг  ч сэргээх ажил зохиох хэрэгтэй байна. Үүшүүр, хорол тоглож чөлөөт цагаа өнгөрөөдөг уламжлалаа сэргээцгээе.
        
           Цагаан сарын баяраар үндэсний тоглоомоо л хамгийн их тоглож нааддаг байсан бол одоо учир утгагүй идэж, ууж, согтуурах байдлаар энэ сайхан баяраа өнгөрүүлэх хандлагатай болсныг анхаарах хэрэгтэй юм.

            Энэ байдлаараа дахиад 5-10 жилийн дараа бидний үндэсний өвөрмөц урлагийн төрөл зүйл, бүтээл бүрмөсөн устана гэсэн үг.

            Урианхай зон олны соёлын их өвийн нэг сурын харвааг хөгжүүлэх ажил 1990-ээд оноос эхлэл нь тавигдаж улмаар 1997 оны сүүлээр Монголын урианхай сурын холбоо байгуулагдаж анх удаа Урианхай сурын харвааны дүрэмтэй болсноор улам эрч далайцтай хөгжив. 1998 онд аймгийн Урианхай сурын холбоо байгуулагдсанаас хойш Монголын сур харвааны дэвжээн дээр манай харваачид олон шинэ шинэ амжилт гаргаж улс даяар аймгийнхаа нэр сүрийг цуурайтуулсан. 1998 онд үндэсний сурын “Улсын мэргэн” төрсөн нь манай аймгийн түүхэнд  30 гаруй жилийн дараа гарсан онцгой амжилт байлаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд улсын наадмаас төрсөн улсын мэргэн цолтны олонхи нь Дорнод, Улаанбаатар , Хөвсгөл, Эрдэнэт, Завхан зэрэг аймагийнхан байсан тэр уламжлалыг баруун аймгийнхан тэр тусмаа Баян-Өлгийн харваач М.Батгэрэл эвдсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт байлаа. Энэ амжилт манай харваачдын идэвхи, урам зоригийг улам бадрааж, урианхай сураар даруй 5 харваач улсын мэргэн цол хүртэж манай аймгийн шигшээ багийн тамирчид олон арван алт, мөнгө, хүрэл медалийг аймагтаа авч ирсэнийг та бид сайн мэдэж байгаа. Энэ бол сурын спортыг авч явах эзэн Холбоо байгуулсны үр шим яах аргагүй мөн.
            
Сурын харвааны талбай гаргаж түүнийг тохижуулах талаар хөрөнгийн туслалцаа үзүүлсэн явдалд аймгийн өмнөх удирдлагуудад талархал илэрхийлэхийг хүсч байна. Гэхдээ энэ спортын цаашдын хөгжилд аймгийн төр, захиргааны байгууллагаас анхаарах асуудал ч байна. Тухайлбал жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын унааны зардалыг аймаг хариуцдаг байх, сурын спортын онцгой амжилт гаргасан тамирчнаа ивээлдээ авч байнгын ажилтай болгох, үгүй ядахдаа аймгаасаа олигтойхон шагнал өгчих сэтгэл дутагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

    Биеийн тамир спортын хороонд энэ чиглэлийн орон тооны дасгалжуулагч багш ажиллуулж хүүхдүүдэд системтэй сургалт явуулбал Өлгийчүүд бидний нэр сүр улсын төрийн наадмын дэвжээнд олон жил цуурайтах амжилтууд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Сурын харваагаар улсад алдаршиж Баян-Өлгийн нэрийн хуудас болгохыг ч бид үгүйсгэхгүй.
  
    Сурын харваа зохих ёсоор хөгжиж байгаа ч цаашдын хөгжлийн явцад нь сурчид бидний зүгээс анхаарах олон асуудал байсаар байна. Сурын харваа туйлын хор шартай, өрсөлдөөнтэй явагддаг байсан тэр өвөрмөц шинжээ алдсаар байна. Залуу харваачид зөвхөн харвах ээлжээ л өнгөрүүлэх төдий сонирхолтой болсноос гадна өөрийн гэх нум, сумтай болох санаачлага өрнөхгүй байгаа зэрэг нь энэ спортын цаашдын хөгжлийн төлөв бүрхэг болж байгаагийн илрэл юм. Бас тэмцээний болон энгийн чөлөөт харвааны үеэр сурчид архидах нь гэм биш зан болжээ.

    Урианхай, дөрвөд хэлний эртний үгийн сан бараг мартагдахад хүрчээ. Эдгээр ястанууд халх хэлэнд уусч төрөлх хэлнийхээ үг аялгыг мартаж эхэлсэн байна. Харин тувачууд эх хэлээрээ ярьж сурч байгаа нь нэн сайшаалтай хэрэг. Урианхай, дөрвөд хэлний мартагдсан үгийн санг сэргээх  талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохиох шаардлагатай юм. Эх хэлээ мартах аваас тухайн овог аймаг, угсаатан уусаж байхгүй болно гэсэн үг.

     Эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үндсэн хуулиар олгосоны үр шимийг бидний ахан дүү Казак түмэн өргөн дэлгэр эдэлж байгаа билээ. Төрийн байгууллагуудын албаны хэл сүүлийн жилүүдэд алдагдах хандлагатай болж байна. Төрийн арга хэмжээний албан ёсны баяр ёслолын нээлт, хурал зөвлөлгөөний илтгэл казак хэл дээр явагдаж байгаа нь залруулвал зохих асуудлын нэг мөн гэж үзэж байна. Хамгийн ойрхоны жишээ дурдахад хүүхдийн байгууллагын 80 жилийн ойн баярын үндсэн илтгэл казак хэл дээр явагдсан нь өөр хэлтэн хүүхдүүдийн хувьд нэн таагүй зүйл болсон байна.

    Газар, уул усны уламжлжлт нэрийг өөрөөр нэрлэх, орчуулан хэрэглэхийг хуулиар хориглосон байтал бас л зөрчигдсөөр байна. Энэ байдлыг аймаг, сумын удирдлагууд анхааралдаа авч, үнэлэлт дүгнэлт хийх цаг болжээ.
    Уул, овоогоо тахих хөдөлгөөн нэг үе нэлээд эрчтэй явагдаж байснаа бас л зогсонги, оромдох төдий хандах явдал гарч эхэллээ.
    Энэ дашрамд дурдахад нутаг усаараа тус тусдаа овоотой түүнийгээ шүтэж залбирахаас гадна урианхай, дөрвөд, тувачууд 2 жилд нэг удаа ч гэсэн нэгдсэн журмаар тахидаг нэгдсэн нэг уул овоо бий болгох санаачлагыг ч дэмжихэд илүүдэхгүй гэж үзэж байна. Нэгдсэн  овоо тахилгаараа найр наадам хийж /сум сумын мянгат малчдын ивээл дор тэдний нэр алдрыг мандуулах хэлбэрээр/ охид хөвгүүдээ уулзуулж танилцуулах энэ нь бидний ярьдаг цус ойртолтоос сэргийлэхэд ганц алхам төдий ч ач холбогдолтой үйл ажиллагаа болохыг үгүйсгэхгүй байна. Үр удам маань эрүүл, ухаан төгс байваас үндэс угсаа маань өнө мөнх оршино.

    Үндэсний цөөнхийн шашин шүтэх эрх чөлөө харьцангуй чөлөөтэй хэрэгжиж байгаа боловч цөөнх иргэн бүрийн шашны зан үйлээ хангах бололцоо туйлын хомс байна. Энэ нь аймгийн төв болон цөөнх оршин суудаг ихэнх суманд бурханы шашны хурал, уншлагын байнгын үйл ажиллагаа явуулах сүм хийд байхгүйтэй холбоотой.     Түүхэн уламжлалаар манай аймгийн хэмжээнд 10 орчим хүрээ хийд ажиллаж байсан билээ.
    Жилийн болон бусад төрлийн засал хийлгэх, хийморь сэргээх, өөд бологсдын хойтохыг даатгах зэрэг шашны хурал уншлагын олон зан үйлийн ихэхийг хийлгэж чадахгүй байна. Үүнээс болж өөрийгөө лам, хувраг, төлөгч, мэргэч хэмээсэн зальтан этгээдүүд хол ойрын аймаг хотоос ирж сүсэгтэн олныг мунхруулан шулан мөлжих, тохуу хийх явдал газар авч байна. Иймээс бид аймгийн төвд сүм хийд барьж ажиллуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй болж байна.

    Шашны дээд сургууль төгссөн, жилийн дараа төгсөх бүгд 4 залуу лам бидэнд байна. Нэгэнт ажиллах боловсон хүчин байгаа цагт тэдний ажиллах сүм хийдийг барьж байгуулах нь зөвхөн бидний хамтын хүч хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийн дэмжлэгээр бүтнэ. Өөр хэн нэгэн , эрхтэн дархтан үүнийг бидэнд барьж өгөхгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Үүнд аймаг хөгжүүлэх сангийн шугамаар ч дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ нь бидний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө төгс хэрэгжүүлэх өргөн боломж олгох болно.

    Үндэснийхээ урлаг, соёлын өвийг хөгжүүлэх талаар үндэс угсаа, элэг нэгтэй Тува, Халимагийн ард түмэнтэй харилцаа холбоогоо хөгжүүлэх зорилго Холбооны үйл ажиллагааны анхаарлын төвд байх болно.

    Цөөнхийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, эрх чөлөөний хэргжилт бас л хангалтгүй байна. Ядуурал, амьдралын түвшний доройтлын улмас цөөнх монголчуудын дотор ужиг өвчлөл харьцангуй өндөр байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, хэнэггүй байдал нөгөө талаар хоол хүнсний дутагдлаас цус багадалтад орох, улмаар суурь өвчин сэдрэх зэрэг шалтгааны улмаас залуу эхчүүд нас барах явдал гарч байна. Өнгөрсөн дөрвөн жилд Буянт, Алтай сумаас 21-26 насны дөрвөн эх эндсэн нь нарийн мэргэжлийн тусламж авч чадаагүй, эмчийн хяналт сул, эмнэлгэд хожуу хандсан зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
         2001-2004 онд зөвхөн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан 243 хүний 33 буюу 13,5% нь монгол угсаатан  иргэд байна.   
    Эдгээр нь ихэнхдээ өвчнөө хүндрүүлсний дараа эмчид хандсантай холбоотой байна. Цаана нь сумдын эмнэлэгт болон гэр орондоо өвчний улмаас зуурдаар нас барсан хүн өчнөөн бий.

    Эрүүл мэндийн чиглэлээр хамгийн олон хөтөлбөр төсөл аймагт хэрэгжиж байгаа. Харамсалтай нь эдгээр хөтөлбөр, төслүүдийн хүртээмж, сургалт сурталчилгаа нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын болон сумдын                                                                                                                                                                             захиргааны цөөн ажилчдын хүрээнд хийгдээд ард иргэдэд хүрэхгүй байна. Ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг багт, бүр хот айлыг хамруулан өрхөд хүрч хийх хэрэгтэй байна.

    Бидний эрүүл мэндийн асуудлын хүрээнд авч үзэх нэг чухал асуудал бол цус ойртолт юм. Цус ойртолтоос болж хүмүүсийн биеийн байдал жижгэрч, оюуны хомсдол бий болж байна.

    Залуучууд зөвхөн өөрийн сум, багаасаа хань ижлээ сонгож гэр бүл бололцож байна. Нэг багт сайндаа 100 орчим монгол өрх байдаг. Энэ 100 өрхийн дотор хэдэн овог омог байхыг бид сайн мэддэг бус уу. Угийн бичиг хөтөлдөг айл хувь хүн бараг байхгүй. Иргэний үнэмлэхээс үзэхэд нэг гэр бүлийн хоёр ижил овогтой, бүр ойрын садан төрөл байх тохиолдол цөөнгүй байна. Хүүгээ  дагуулж удам судар сайн айлаас бэр олохоор нутаг хошуу алгасан явдаг сайхан уламжлалыг сэргээхэд ч буруудахгүй.

    Удам судраа мэддэг хүмүүсийн тоо цөөрч байгаа өнөө үед овгийн судалгаа шинжлэх ухааны байгууллагын тусламжтайгаар нарийвчлан гүйцэтгүүлж улмаар сум бүрийн хүн ам угсаатны зүйн ном хэвлүүлэх чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

1 comment:

  1. НААД ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ ГЭСЭН НЭР ТОМЪЁО ЧИНЬ 1990 оноос хойш албан бус хийгээд буруу ташаа
    ойлгогдохуйц нэгэн нэр томъёог Улаанбаатар болон Монгол
    даяар улам их хэрэглэх болжээ. Энэ бол Монголын баруун
    хязгаарын ард түмнийг үндэсний цөөнх буюу “бага ястан” гэж
    нэрлэх явдал юм. Бага ястан хэмээх нэр томъёог бүх хүн, тэр
    бүү хэл баруун аймгийнхан өөрсдөө ч бүр социализмын үеэс
    л хэрэглэдэг байсан ч сүүлийн үед аман ярианы энэ хэллэгийг
    албан ёсны нэр томъёо мэт хэрэглэх болжээ. “Бага ястан” гэдэг
    нь Орос хэлний малый народ гэдэг хэллэгийн хадмал орчуулга
    гэж би харж байгаа бөгөөд энэ хэллэг нь мөн чанартаа “цөөнх
    ард түмэн” гэсэн утгатай билээ. Харин утгыг нь ухажойлголгүй
    хадаж орчуулснаас болж Монгол хэлэнд утга нь үл ойшоосон
    өнгө аястай, чадавхи дутуу гэсэн мэт утга агуулгатай болж
    бүрэн хувиран, энэ нь бага ястан гэж тооцогддог голдуу Увс,
    Ховд, Баян-Өлгий аймгийнханд ичих, эргэлзэх сэтгэл төрүүлэх
    болоод байна та нар өөрсдөөбага ястан гэсэн наад нэршлээ орхи

    ReplyDelete