2011/10/21

Тывачуудын “Хей аът” наадмын талаарх мэдээлэл

     Алтайн сүрлэг уулс Таван Богд, Цэнгэл Хайрханы бэлд ариун урсгалт Ховд, Харганат, Цагаан голоос ундааланхан төрж өссөн, өвөг дээдсийн буурал түүх шастираа мартаагүй, түүнийгээ өвлүүлэн үлдээхийн төлөө хүчин зүтгэж, санаачилга гарган ажиллаж амьдарч яваа Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Монгол Улсын хүн амын Цөөнхийн цөөнх болсон Тыва Үндэстэний уламжлалт “Хей аът” наадам дөрөв дэх удаагаа 2011.09.10, 11-ны өдрүүдэд “Шар нуур” хэмээх газарт сайхан болж өнгөрлөө.                                         
    Наадмын гол зориого нь Тыва ард түмний түүх судар, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, хамгаалах, сэргээх, түүнийг бусдад сурталчлах, харилцан суралцахад оршино.
   Уг наадмыг 2007 оноос зохиолч Ч.Галсангийн санаачилгаар “Ч.Галсан” сангийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж эхэлсэн билээ. Үүний зэрэгцээ сумын удирдлага, ЗДТГ-аас байнга дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт манай ард түмэн талархаж явдаг билээ. 
   Наадамд гадаадын болон өөр аймгийн зочид төлөөлөгчид оролцож байгаа нь улам бүр ач холбогдолтой болж байна. Энэ жилийн наадмын тухайд цухас дурдвал:                                             Наадамд дөрвөн Тыва багийн иргэд хамрагдан оролцлоо. Мөн Тыва улс, Ховд аймгийн төлөөлөгчид болон гадаадын зочид оролцсон нь сайшаалтай байлаа. Наадамд оролцогчид үндэснийхээ дуу хуур, бие биелгээ, үндэсний хувцас, иж бүрэн Тыва гэр, гар урлалын үзэсгэлэнгээр өрсөлдөн сайхан наадлаа. Мөн эрийн гурван наадам явагдсанаас:
• 84 бөх Тыва барилдаанаар барилдаж залуу бөх Г.Мерген түрүүлж, залуу бөх М.Одгэрэл үзүүрлэв.
• 68 харваачид эрхий мэргэнээ сорьсноос залуу харваач Ц.Гантөмөр түрүүлж, сумын мэргэн М.Хүрэлбаатар, сумын мэргэн Х.Соронзонболд нар удааллаа.
• Их насны 40 морь уралдаж уяач Ө.Хойлогдоржийн хээр морь түрүүлж, Ш.Лхагваагийн хээр морь аман хүзүүнд, Ө.Хамартайгийн хар хээр морь гуравт давхилаа.

Тыва зоны маань хийморь нь өөдрөг, Заяа нь тэгш байг.

No comments:

Post a Comment