2012/01/15

Алтайн Урианхайн Тамга дээдлэх ёс

Нуман тамганы баярын тэмдэглэл
 

Баян-Өлгий аймгийн Булган суманд өнгөрсөн намар “Нуман тамгын баяр” болов. Нуман тамгын баярт Улаанбаатар хот, Ховд, Баян-Өлгий аймагт байгаа нутгийн зөвлөл, хөрш зэргэлдээ Ховд аймгийн зарим сумдын төлөөлөгч, нутгийн иргэд оролцлоо. Энэ нутгийнхан нум сумаа хүндлэн дээдэлж баяр ёслол хийх эртний сайхан уламжлалтай билээ.Монголын эртний түүхт овог аймаг болох Урианхай түмний нэршил, хэрэглээ, ахуй, ёс заншилтай холбоотой Нуман тамганы баяр Булган сумын Урианхайчуудын дунд зохион явагдлаа. Санаачлан зохион байгуулагч нь сумын засаг даргын орлогч Б.Баатар, багш С.Ганбат нарын хүмүүс байлаа.
Эртний овог аймаг, хөдөлмөрийн хуваарь үүсэх үед хавчаахай нум, саадаг хийж бусад овог аймгийнхаа бахдал гайхширлыг төрүүлж “Уран”-чууд хэмээн нэрлэгдэж байжээ. Улмаар уран ухаанаа шингээн хийсэн хавчаахай, нум саадгаараа ан, гөрөө хийх, бусдыг байлдан дагуулж, айлган түрэмгийлэх зэргээр, зэвсгийн чанартай, чадварлагаар ашиглаж бусдад “Гай” төвөг учруулж эхэлсэн учир “Уран+гай”-тангууд хэмээн хослон нэрлэгдэх болжээ.
Хожим нум сумаа агсан ан гөрөө хийх аян дайнд мордсон үедээ “уухай”, “уриа” хашгиран дайран орж ялан дийлдэг эрэлхэг зориг, эв нэгдэл сайтай байсанд нь “Уриан” хаан болж үгийн хэллэгээр эгшиг гийгүүлэгч уусан нэгдэж Урианхай хэмээн нэрлэгдсэн нь эдүүгээгийн Урианхай ард түмэн билээ.
“Монголын нууц товчоо” алдарт түүхэн сурвалжид дурдагдаж буй эртний үг хэллэг, ёс заншил өдгөө хүртэл Урианхайн ард түмний ахуй амьдралд түгээмэл хадгалагдсаар байгааг тусгайлан судлан үзэж, нийтэд сурталчлан мэдүүлэх шаардлагатай гэж үзнэм.
ХII зууны үед Бурхан Халдуны эзэн болсон Урианхайчуудын тухай, шинч баян Урианхайн Жарчуудай өвгөний хүү Зэлмэ, Их монгол улс байгуулахад Тэмүүжин Чингис хааны шадар түшмэл, есөн өрлөг, дөрвөн их жанжиныхан нэг болж явсныг нууц товчоонд тод томруун тэмдэглэж, үлдээсэн байх юм.
Чингис хаан аян дайнаа дуусгаад баатар эрс, их цэрэгтэйгээ буцаж явахдаа “Сундаалин” хэмээх ус, ургамал ногоо нь тэгширсэн тэгш сайхан тал хээр газарт их цэргээ амраах зуур юу хийж амраавал зохистойг асуухад, Урианхайн Зэлмийн санаачлагаар агт морьдоо суллан амрааж, мориныхоо ногт, цулбуур, жолоо, чөдөр зэрэг суран эдлэлүүдийг бөөрөнхийлэн гүрж(уяж), түүнийгээ тал дээр эгнүүлэн өрж, өрснөө бай болгон харвуулж, цэц мэргэнийг сорин наадуулж, шалгарсаныг нь мялааж, амраан цэнгүүлснээр “Урианхай сурын” харвааны үүсэл эхэлсэн гэх бөгөөд эрийн гурван наадмын нэгэн төрөл болон дэлгэрсэн түүхтэй ажгуу.
Өдгөө Монгол төрийн наадмын сурын харвааг Урианхай сурын харваагаар эхэлж Буриад, Халх харваагаар үргэлжлүүлэн харвадаг нь бас учиртай. Түүхэн тэр цагаас хойш нум сумыг зөвхөн дайн тулааны зэвсэг биш, баяр цэнгэл, цэц мэргэнээ сорих нэгэн төрлийн наадам, спортын тэмцээн болтол нь дэлгэрүүлэн хөгжүүлсэн байна.
Аян дайны уналгын агт морь, атан тэмээндээ түүхэн дурсамж, бэлгэ тэмдэг болгон гуя, ташаанд нь аян дайны зэвсэг болсон нум сумынхаа хэлбэрээр тамга, тэмдэг дарж, эрх дураар нь сул чөлөөтэй явуулах болжээ.
Монголчууд олон янзын тамгатай тэмдэг хэрэглэж ирсэн боловч эртний түүхт овог аймаг болох Урианхайчууд өдгөө хүртэл зөвхөн Нуман тамгаа дээдлэн хэрэглэсээр байна. Монгол, Орос, Хятад улсад нийтдээ 40 гаруй мянган Урианхайчууд байгаагаас Монгол Алтайн нуруугаар зонхилон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймаг мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймаг,Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод тархан амьдарцгааж байна. Тэд цөм Нуман тамгаа дээдлэн хэрэглэдэг ээ.
Монгол Алтайн нуруугаар зонхилон нутаглаж ирсэн 7 хошуу Урианхайчуудын Зүүн амбаны 4 хошуу нь адуу тэмээнийхээ зүүн талын гуя, шанаанд нь тамгаа дардаг бол Баруун амбаны 3 хошууны ардууд малынхаа баруун гуяа, шанаанд нь тамгаа дардаг байна.
Долоон хошуу Урианхайн баруун амбаны Дархан бээсийн хошуу, одоогийн Баян-Өлгий аймгийн Булган суманд болсон Нуман тамганы баяр түүхэн уламжлалаа сэргээсэн залуу үеийнхэнд танин мэдүүлсэн чухал ач холбогдолтой өв соёл, ёс заншилаа дээдлэн бататгаж өвлүүлж буй онцлог арга хэмжээ болов.
Уулсын хаан гэгддэг мөнх цаст Мөнххайрхан уулын баруун талд байх Монгол Алтайн алдарт 13 тахилгат овооны нэг болох Сэрүүн нуурын улаан үзүүрт Тамганы баяр, овоо тахих зан үйлээ хамтад нь хийв. Нутгийн ардууд бүх тамгаа тахилгат овоондоо авч гаран, чуулсан байв. Нуман тамгаа дээдлэн аравнайлах баяр ёслолын ажиллагааг нээж, сумын засаг даргын орлогч Б.Баатар нуман тамга хэрэглэж ирсэн ёс заншил, түүхэн уламжлал, учир гарвалын талаар мэдээлэл хийж, сумын иргэдийн хурлын дарга, сурын холбооны тэргүүн М.Цэрэн нумаа татаж сум тавив.
Эрчит хар нумын харилтаар
Хамаг муу бүхэн арилах болтугай
Эрээн цоохор нумны эвшээлтээр
Элдэв муу бүхэн арилж
Энх тунх, аз жаргал, амжилт бүтээл ундрах болтугай

гэж ерөөн хоёр сумыг хойт, урьд зүг рүү хандуулж харван тамганы баяр ёслолын ажиллагааг нээв.
Лам Г.Даваасамбуу, Б.Чулуудай, Б.Гал-Өрөг нар бурхан номын ерөөл айлдаж, аравнай өргүүлэн хишиг даллага авхуулав. Мянган малчины улсын зөвөлгөөнд шалгаран оролцсон, сумын аварга малчин А.Батчулууны адуун сүргээс хурдан “саарал” даагыг бариулж адуун сүргийн төлөөлөл болгон, хошуу нутгаа ахалж явсан Бадарч гүндийн үеээс эхлэн 8 үе дамжин хэрэглэж ирсэн нуман тамгаар тамгаллаа.
Даагыг сумын иргэдийн хурлын дарга, сурын холбооны тэргүүн М.Цэрэн тамгалаж, “Тамгалсан адуугаар тал дүүрч, тамга зэхрээсэн(хатаасан) суулгаар сааль дүүрэх болтугай” гэснийг тамгын баярт оролцогсод ерөөл бат орших болтугай гэцгээв. Даага тамгалахад хөл тушиж байсан сурыг тайлан, гэдсэн доогуур нь хаяж дааганы тамгалсан хэсэгт болон зэхэрсэн тамганд шар тос түрхэж, цагаан хадаг уян эзэнд нь гардуулав.
Ууланд улддаггүй цэх
Хаданд хальтирдаггүй бат
Холд цуцдаггүй бөх
Хотол түмэндээ алдартай
Хүлэг морьдын манлай болох болтугай

гэж Урианхайн нийгмийн хөгжлийг дэмжих сумын холбооны тэргүүн Б.Баатар ерөөхөд цугласан олон уухайлан дэмжиж хурайлав. Ингэсний учир нь адуу малыг анх тамгалахад хошуу нутгаа ахалсан, төрийн тамга барьж, төр түшиж буй хүмүүсээр бэлэгшээн эхлэн тамгаа даруулдаг уламжлалтай ажээ.
Тамганы баярын гол арга хэмжээ болгон тахиж буй хийморийн овоон дээрээ нар сар галыг бэлэгшээн дүрсэлсэн 3 метр модон багана, тулгын 4 тотго, сэрвээтэй болон сумтай нуман тамгаа сийлсэн боржин чулуун хөшөөг тус тус байрлуулах хүндэтгэл ёслол үйлдлээ.
Багана, тотго болон нуман тамгаа хонхойлгон цохиж сийлсэн чулуун хөшөө дурсгалын суурин дор хадаг цай, агар зандан мод, есөн эрдэнэ, арц хүж зэрэг ариун нандин зүйлс хийж мөнхийн дурсгалт ариун шүтээн болгон цогцлоон босгож байрлууллаа.
Багана, тотго, тамганы дүрс, хэлбэр, хэмжээ, зургийг Б.Баатар гаргаж, чулуу модонд урлан цохиж сийлхийг уран гартан, дархан, мужаан Д.Жамбал, Ш.Гэрэлчулуун, М.Мөнхдалай нар гүйцэтгэжээ.
Тамганы баяраар тамгаа авч ирсэн малчин иргэд, тамганыхаа үүх түүхийг дурьдан бүртгүүлж, тусгайлан бэлдсэн сагсаг тулгатай галд тамгаа хийж халаан, цагаан эсгийнд тамгаа дарж, дардасыг нь түүхэн дурсгал болгож үлдээв. Тамганы дардас дарж үлдээсэн 3 метр урт, 2 метр өргөн цагаан эсгийг О.Төмөрөө, Т.Цэцэгмаа, Д.Оюун, Ч.Цэцэгмаа, М.Оюунбаяр нарын нутгийн уран үйлчин оёдолчин бүсгүйчүүд хийж зээг татан алхан хээгээр хүрээлэн урлажээ.
Хийморийн овоондоо мөнхийн сар, нар, бадамласан галыг дүрслэн сийлсэн багана, тулга, нуман тамгатай чулуун хөшөө дурсгалаа цогцлоон байрлуулсны дараа бүртгэгдсэн 40 гаруй тамгануудаа овооныхоо тавцан дээр нэр хаягтай нь байрлуулан нийтэд дэлгэн танилцуулав.
Долоон хошуу Урианхайн баруун амбаны Дархан бэйсийн хошуу дотороо овог элкиний 4 сумтай байсан бөгөөд тэдгээрээс хамгийн ахмад настан нь хийморийн овооны Тулгын 4 тотгонд эхлээд хадаг уяж, ерөөл айлтгав.
 Ах сумыг төлөөлж: 77 настай Ө.Түвшинтөр ерөөхдөө:
Бид бүхний ариун шүтээн болсон
Эдгээр зүйлс нь мөнхөд оршиж
Нутгийн ардын хийморь сэргэж
Хишиг буян нь дэлгэрч байх болтугай
гэв.
 Оорцог сумыг төлөөлж: 72 настай Т.Намсрай залуу үеийнхэн маань сайхан зүйл санаачлан хийж буйд маш их баярлалаа
Ус ургамал нь дэлгэрч
Ухаан бодол нь хөгжиж
Урам зориг нь бадарч
Үйлс бүтээл нь аривжиж
Улс нутагаа мандуулж яваарай
гэж ерөөв.
Энэ нутагт бидний өвөг дээдэс Сэрүүн хэмээх сайхан нуур буй болгож, энэ овоог босгон тахиж тайснаас хойш 230 гаруй жил өнгөрчээ. Миний өвөг дээдэс Тулгаан баян болж, түмэн малтай болсон өгөөж буянтай нутагаа бид хайрлан хамгаалж, тахин шүтэж байх ёстой юм шүү гэв.
 Мянгад сумыг төлөөлж: 74 настай З.Тавьтай хэлэхдээ: Эрт дээр үеээс хошуу нутгаараа тахиж ирсэн энэ овоог улам сүрлэг сайхан болгож нуман тамгаа дээдлэн бэлэгдсэн, шүтээнүүд цогцлоосон, ариун дагшин газар болгожээ. Санаачилж зохион байгуулж, оролцсон бүх хүмүүст гүн талархал илэрхийлэн баяр хүргэж урт наслаж, удаан жаргаарай гэлээ.
 Цэрвээ сумыг төлөөлж: өндөр настан Ж.Түвшээ хэлэхдээ:
Урианхайн нуман тамгыг дээдлэн хөшөө дурсгал босгон баяр ёслол үйлдэж байгаад үнэхээр бахдан бишэрч байнам. Юу санасан 9 цагаан хүсэл сэтгэлчлэн биелэж эрүүл энх аз жаргалаар дүүрэн байж.
Тамгатай хурдаар нутаг баясаж
Таван хошуу малаар тал дүүрч
Таван тансаг идээ будаан дэлгэрч
Тайван сайхан амьдрал цэцэглэн хөгжиж байх болтугай
хэмээн ерөөгөөд хурай, хурай, хурай хэмээн хурайлав.
Лам нар ном айлдаж, тамга аравнайлан сан тавив. 4 сумын 4 эмэгтэй тамгаа зэхрээсэн сүүтэй 4 модон суулганаас сүүн цацалаа 4 зүг найман зовхист өргөлөө.
Нуман тамгаа бүртгүүлэхээр авч ирсэн бүх хүмүүсийн тамганд зохион байгуулагчид цагаан хадаг уяж, Тамгаа дээдэлж.
Тамгаан баян болоорой
Тамгалсан адуугаар тал дүүрч
Татсан нумын эвшээлтээр элдэв муу бүхэн арилж
Төр амгалан, түмэн олон жаргалтай байх болтугай хэмээн ерөөж эздэд нь гардуулав.
Тамгаа барьсан эзэд нь тамгаа дээдлэн өргөж, адислан овоогоо нар зөв гурвантай тойрон хурайлан дурсгалын зураг татуулцгаав.
Ардын авъяастан Ц.Ганболд, П.Сэмбэдорж нар Алтайн магтаал хайлав.
Тамгын баяр, овоо тахилгад оролцогсод идээ сүүнийхээ дээжийг овоо, тэнгэр хангайдаа өргөн залбирч мөргөл үйлдэв. Хурайлан хишиг даллага авахуулсан идээ ундаанаасаа идэж ууцгаах зуур Алтайн 13 сангийн тухай Жаргал ихтэй Алтай зэрэг уртын дуугаа дуулцгаав. Тамгын баяр, ёслолд оролцсон хүн бүрт тамгын хишиг хүртээлээ.
Улаанбаатар хот, Ховд, Баян-Өлгий аймаг, өөр бусад сумаас ирсэн зочин төлөөлөгчдөд Тамга аравнайлсан даллагын хишгээс тусгайлан оёж урласан тамгатай уутанд хийж бэлэг гардууллаа. Тамганы уут(сав) урлах ажлыг уран оёдолчин У.Пагма оёж урласан байв. Сэрүүн нуурын хөвөөнд тамгын баярт зориулсан эрийн гарван наадам боллоо.
Сурын харваанд 43 харваач оролцон цэц мэргээ сорьсноос Мөнххайрхан сумын харваач түрүүлж удаалан, Булган сумын харваачид айргийн тавд оров. Хүчит 32 бөх барилдаж залуу бөх Б.Төмөрбаатар түрүүлж, сумын заан Б.Золзаяа үзүүрлэв. Хурдан морины уралдаанд болов. Дааганы уралдаанд энэ өдөр тамгын баяраар овоон дээр тамгалагдсан А.Батчулууны саарал даага түрүүлэн давхиж наадамчин олноо баясгав.
Тамгын баярыг ивээн тэтгэсэн бизнесмэн Ч.Чинбатад түрүүлсэн даага бэлэглэж, баяр хүргэн талархал илэрхийлэв. Тамгын баяраар гүүний айраг, чигээгээр наадамчин олноо дайлан үйлчилж байлаа.
Ийнхүү Монгол улсын хамгийн баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн Булган суманд Нуман Тамгаа дээдлэх баяр ёслол болсон нь бусад сум, аймгуудад ч сэргээн хийж болох ардын түүхэн уламжлалт ёс төр мөнөөс мөн болохыг онцлон тэмдэглэж байнам.
Тамгатай айлд малын буян хишиг хурдаг учир тамгаа дээдлэн гэрийнхээ хойморт залж байрлуулна. Энэ нутгийн Урианхайчууд “Баян”-ыг 3 ангилдаг байжээ. Үүнд:
1. Тамгаан баян (анхдагч баян)
2. Дансаан баян (дунд баян)
3. Тулгаан баян (дээд баян) гэж ялгана.
Мал сүрэг нь мянга хүрвэл өөрийн гэсэн нуман тамга хийлгэж, адуу малаа тамгалж явахыг хошуу ноёноос соёрхон зөвшөөрч Тамгаан баян болгож хошуу нутагтаа зарлан мэдээлж, баяр ёслол хийлгэдэг байжээ.
Дансаан баянд ангийн арьс үс бэлтгэх, алт мөнгөн эдлэл хийх, арилжаа наймаагаар баяжин, ядууст туслан сан хөрөнгөө аривжуулж яваа чинээлэг айл өрх, иргэнийг хамааруулан цоллодог байв.
Хошуу нутагтаа өгөөж хүртээлтэй, адуу нь мянга, мал сүрэг нь түм(10000)-д хүрсэн баячуудад хошуу ноёноос тусгайлан Ган тулга хийлгэн Дээд баяны батламж болгон өгч алдаршуулдаг байжээ.
Ийнхүү хошуу ноёны соёрхолоор Ган тулгаар шагнагдсан дээд баяныг Тулгаан баян гэж нэрлэцгээдэг байна. Тухайлбал энэ нутагаас
Тамгаан баянаар: Мөнх, Цавил, Цагаадай, Санзай, Майхан, Янжаа
Дансаан баянаар: Долдаа Амгалан, Накаа
Тулгаан баянаар: Бага гэгээн-лам, Сагсаг, Довчин нарын хүмүүс тодорч тэдгээр баячуудад олон зуун хүмүүс хүч хөдөлмөрөө шингээн малыг нь маллах, зарцлагдах байдлаар амьжиргаагаа залгуулж явсан түүхийг нутгийн ахмад буурлууд дурсан ярьдаг.
Тамгаан баян болно гэдэг өндөр нэр төрийн хэрэг бөгөөд, ажил үйлс, мал маллагааны амжилтын гол үнэлгээ нь болдог байж.
Мал тамгалах ёслолыг хавар намрын улиралд голлон гүйцэтгэдэг. Тамганы хэмжээ, хэлбэр дүрс нь ч түүхэн уламжлал, билэгдэлтэй, өвөрмөц онцлогтой байх юм.
Тухайлбал хурдан удмын угшил адуутай айл сумтай нуман тамгатай байх бөгөөд сумтай тамганы сумыг нь мориныхоо давхилтанд чиглүүлэн хөндлөн дарж,
Сум шиг хурдан
Өд шиг хөнгөн байх болтугай гэж ерөөдөг байна.
Уналага, ачлага, тэрэг, анжис чирч газар хагалуулах моринд сумтай нуман тамга дарах тохиолдолд сумыг нь газар луу чиглүүлэн хэвтээ дарж.
Ууланд улддагүй
Хаданд халтирдаггүй
Хатууд халирдаггүй
Харьшгүй хүчит хүлэг
болоорой гээд тамгаа дардаг байна.
Өөртөө тамгагүй айл бусдын тамгыг залан авч ирүүлж, малаа тамгалуулдаг.
Тамга залан авч ирэх, тамга даруулах, тамгаа тавьж хадгалах зэрэгт дандаа ерөөл дагалдуулан хэлж хүндэтгэлтэй ханддаг байна. Ялангуяа тамгыг адуу малд дарах үед олон янзын утга төгөлдөр ерөөл хэлэгдэж ирснээс:
Унахад номхон
Уралдахад хурдан болог ээ
Эзэндээ ээлтэй
Эрэмгий хурдан болтугай
Адуундаа нөмөртэй
Адуучиндаа ачтай байг ээ
Унахад урамтай
Уралдахад шандастай байг ээ
... гэх мэт ерөөл үгс түгээмэл хэлэгдэж байна.
Булан суманд дунджаар 5 айл тутмын нэг нь нуман тамгатай бөгөөд тэдгээр тамганууд өөр өөр хэлбэр хэмжээ дүрс, билэгдэлтэй байх юм. Тухайлбал хэлбэрийн хувьд:
1) Галтай нуман тамга
2) Дөлтэй нуман тамга
3) Шулдан нуман тамга
4) Сумтай нуман тамга
5) Сартай нуман тамга
6) Сэрээтэй нуман тамга
7) Сэрвээтэй нуман тамга
8) Сэнжтэй нуман тамга
9) Нартай нуман тамга
10) Цацалтай нуман тамга
зэрэг нь түгээмэл ашиглагдаж байна.
Тамганы дундаж хэмжээ нь 10-15 см, иш бариулын урт нь малиан(ташуур) ишний хэмжээнд дүйхүйц 40-50см урттай байна. Тамгаар адуу малаа тамгалуулсан айл, тамганд цагаан зурам уяж, тамганы уланд шар тос түрхэн:
Тамгалахаар арвин
Тамгаар батжиж явах болтугай гэж ерөөн, бэлэгтэй өгдөг.






Одоо хэрэглэж буй тамгануудаас хамгийн эртнийх нь 8 үе дамжин 150 орчим жил ашиглагдаж байгаа бол сүүлчийнх нь түүхт ойн жилийг бэлэгшээн 2011 онд шинээр урлан хийлгэсэн тамга ч байв.
Тамгыг галд улайсган халааж малд дардаг учир халуун галын улайсалтаар хэлбэр дүрсээ алдах, хайлж элэгдэх нь түргэн боловч нэг тамга дундажаар 1000 адуу тамгалах дундаж эдэлгээтэй байдаг гэнэ. Тамгыг хашуу ноёны Лүндэн айлдвараар нэртэй удамт, уран дархан хүнээр хийлгэдэг байна. Ингэхдээ тамгыг зөвхөн ширээлж (залгахгүй, цутгах аргаар) хийдэг хатуу дэг жаяг уламжлагдаж иржээ.
Тамгатай холбоотой аливаа баяр ёслолыг зөвхөн гүүний айраг, чигээгээр сөн өргөж, дайлан олон түмэнд үйлчилдэг байна. Нум сумнаас үүдэлтэй нуман тамгатай холбоотой нэгэн баяр ёслолын талаар сурвалжлан, товч тэмдэглэхэд ийм ажгуу.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ШУА-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Оорцогын Хорхон овогт Баатарын Жаргалсайхан
Баян-Өлгий аймгийн Булган сум, Сэрүүн нуурын Улаан үзүүрийн овоо
2011-08-31

No comments:

Post a Comment