Хөвсгөлийн урианхай /Ар ширхтэн урианхай/. Дархадын хязгаарт эртнээс нааш дархадаас гадна Ар ширхтэн урианхай болон цаатан хүмүүс нутаглаж ирсэн бөгөөд XVII зууны үеэс Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар нутагладаг иргэдийг Халхын захирагч Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хүү Ашихай дархан хунтайжийн үр удмынхан болох Хотгойдын ноёд захиран, 1697 оноос Хотгойдын эзэн Гэндэн хунтайжийн хүү Бүүвэй бэйлийн харъяат болгосон байна. Ингэснээр одоогийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Гуна, Мунгараг, Ушгидай, Хориг, Бургалтай, Хөг, Үхэрт, Жамас хэмээх газраар нутаглаж байсан Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн урианхай нарыг Өвөр шихртэн урианхай гэж ялган нэрлэжээ.
1923 онд Манжийн үед байгуулсан харуулыг татан буулгаснаар Ар ширхтэн Урианхайчууд болон их шавийн харъяат Дархад отгийн ардууд халх буюу төв Монголоос тусгаарлагдмал, бөглүү, хязгаарлагдмал байдлаасаа ангижирч, ардын харуул, шавь, ширхтэн урианхай нарын зөрчил будлиан арилж, урианхай дархад нар монголын бусад ард түмэн ястан угсаатны нэгэн адил эрх чөлөөтэй болсон ажээ. 1923 оноос монгол даяар орон нутагт ардчилсан засаг захиргаа байгуулахад Ар ширхтэн отог нь Ар ширхтэн сум болсон ба 1925 онд Дархад шавийг өөрчлөн Дэлгэр их уулын аймгийн байгуулахад Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны Ар ширхтэн урианхай сумыг нутгийн дөтөөр Дэлгэр их уулын хошуунд нэгтгэж Тосонсүмбэр сум гэж нэрлэх болжээ. Тэр үед Дэлгэр их уулын хошуунд Намнан, Тосонсүмбэр, Цацат, Ринченлхүмбэ, Хонин-Өндөр, Тосоннамнан хэмээх 6 сумтай байснаас Тосонсүмбэр, Намнан сум нь одоогийн Улаан-Уул сумын нутагт байв.
1928 онд Дэлгэр их уулын хошууг Хөвсгөл далай Бүрэнхан уулын хошуутай нэгтгэн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгоход мөнөөхөн Тосонсүмбэр, Намнан сумд тус хошууны бүрэлдэхүүнд багтах болсон. Чингээд 1931 онд Хөвсгөл аймаг байгуулахад дээрх сумдыг нийлүүлэн Улаан-Уул болгосон байна. Ингэснээр хуучин Ар ширхтэн урианхай нар Улаан-Уул хэмээх шинэ сумын харъяат болжээ. Ар ширхтэн отгийнхны голлон эрхлэх аж ахуй нь мал аж ахуй байсан бөгөөд адуу, үхэр, хонь, ямаа өсгөн, ан гөрөө хийж, цаа малладаг байжээ. Тэдний шүтддэг мөргөл нь бөөгийн мөргөл байсан байна.
Эх сурвалж: http://www.mgl.ngo.cn
No comments:
Post a Comment