Тэр нүдээ анин, Алтайн өндөр уулсын хавцлаар улин шуугих салхины исгэрээ, усны харгиа мэт дуугарах цоор хөгжмөө аялгуулан дарна. Урианхайн туульч, хөөмийч, цоорч Э.Баатаржавынд зочлохдоо ЮНЕСКО-гоос дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад хүндэтгэлтэйгээр багтаасан цоор хөгжимтэй ийн танилцлаа. Хамаг анхаарлаа эгшиглүүлж буй аялгуундаа хандуулах тэрбээр “Их Хөгсүү” наадмын үеэр ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтын салхийг хагалах үзүүлбэрээ бэлдэж байгаа нь энэ. Замын түгжрэл, хотын гудмаар хором мөч бүртэй уралдан шогших хүмүүсийн алхаа гээд л яарч адгасан их хотын амьдралаас түр ч атугай ангижрах боломж олгож, өндөр уулсын цаанаас наран мандаж, өглөөний жаврыг үргээх мэт байгалийн сайханд аялуулах цоор хөгжмийн тухай түүнтэй хөөрөлдлөө.
-Цоор гэхээр хүмүүс ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэн авсан гэдгээс өөр зүйлийг төдийлэн мэдэхгүй. Та цоор хөгжмийн тухай товч танилцуулаач.
-Монголын язгуур хөгжмийн төрлүүдээс хамгийн эртний түүхтэй хөгжмийн зэмсэг бол цоор. Түүхийн сурвалж бичгээс харахад Хүннүгийн үед уг хөгжмийг ашиглаж байсан баримт бий. Тиймээс багаар бодоход 2000 жилийн настай хөгжим юм. Гэхдээ эртний индианчууд ч эл хөгжмийг хэрэглэдэг байсан гэх ул мөр олдсон байдаг юм билээ. Америкийн эрдэмтэд индианчуудыг 25 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж таамагладаг. Тэгэхээр их зузаан намтартай хөгжим болж таарч байгаа биз.
-Тэгэхээр хамгийн эртний үлээвэр хөгжим гэж ойлгож болох уу?
-Үлээвэр хөгжим гээд гадаадын лимбэ, бишгүүр зэрэг сонгодог хөгжмийн зэмсэгтэй зүйрлэж болохгүй. Тэдний үүсэл гарал нь саяхных шүү дээ. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт эдгээр хөгжмөөр тоглож байна. Харин цоор бол хэдэн мянган жилийн түүхтэй атал өнөө хэр өнгө төрхөө хувилгалгүй, эртний хэв маяг, шинж чанараа хадгалсаар ирсэн хөгжмийн зэмсэг. Тиймээс цоор бол Монголын төдийгүй хүн төрөлхтний ууган хөгжим гэж хэлж болно.
-Тиймээс л дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан байх нь ээ?
-Тийм ээ. Цоорын талаарх баримт эртний Хятадын сурвалж бичигт ч, Оросын Тувагийн түүхэн баримтад ч бичээстэй бий. Тиймээс л цоорыг дэлхийн соёлын өвд багтаах саналыг тэр даруй зөвшөөрсөн хэрэг.
-Зарим хүн цуур, зарим нь цоор гэх юм. Ер нь эл хөгжмийн зэмсгийн нэр ямар учиртай юм бэ?
-Балчиргана буюу цооргоно гэх ургамлаар хийдэг учир цоор гэж нэрлэсэн байдаг. Үү нийг нутгийн аялгаас хамааран зарим газар цоор, зарим нутагт цуур гэдэг. Цоор нь дотроо гуурсан, модон, тасын шөрмөсөн гээд хийцээсээ шалтгаалан олон янз. Модон цоорыг дотор нь өвсөн, модлог, зөөгөн гэж ялгадаг.
-Туг, икэл гэх товшуур хөгжимтэй адил цоор ч бас байдаг гэх юм билээ.
-Үгүй дээ. Тэр бол хүний юмыг өөртөө нааж авах гэсэн зарим хүний увайгүй үйлдлийн үр дүн. Шинжааны орчим ургадаг хөндий модлог ургамлыг тайрч нүхлэн өвсөн цоор хийдэг юм. Тиймээс Хятадын харьяат болсон өвөрмонголчуудад ч цоор хөгжмийн уламжлал бий гэсэн үг. Харин үүнийг нь далимдуулан хятад эрдэмтэд цоорыг өөрсдийн язгуур урлаг мэт ойлголт төрүүлэхийн тулд ийн бичиж, ном товхимол болгон гаргасан байдаг юм билээ.
Бүр Өвөрмонголын зарим нутагт хуур татахыг цоор тоглох гэж нэрлэх нь ч бий. “
Манайхан уртын дууг дэлхийн соёлын өвөөр бүртгэхэд улс даяараа баяр тэмдэглэх шахан хөөрч, баярлаж байсан. Харин тууль, бий биелгээ, цоорыг тэгсгээд л мэдээлээд өнгөрлөө. Энэ талаарх мэдээлэл ч сонины арын нүүрэнд жаахан мэдээний дайтай л гарах юм. Угтаа энэ цоор чинь дэлхийн ууган хөгжим юм шүү дээ” хэмээн халаглан суух тэрбээр дэлхийн олон оронд язгуур урлагаа сурталчлан яваа нэгэн.
-ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтаахаас гадна хамгаалж, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ авахад тусалдаг уу?
-Энэ талаарх төсөл хэрэгжүүлсэн. Гэхдээ нэр төдий л үйл ажиллагаа болоод өнгөрсөн дөө.
-Манайхан цоорыг хадгалж, хойч үедээ өвлүүлэх ажилд хэр анхаарал хандуулж байна вэ?
-Юу ч хийхгүй гар хумхин сууцгаах юм. Амьтны авиа, байгалийн дуу чимээг дуурайлган гаргах ийм энгийн бүтэцтэй хөгжим дэлхий дахинд тун цөөн. Тиймээс энэ байгальд ойр чанар нь хөгжингүй орны иргэдийн анхаарлыг их татдаг. Эртний уламж лал, их түүхийг өөртөө хадгалан үлдсэн хөгжмөө устгачихалгүй хойч үедээ өвл үүлэхсэн гэсэн бодол тээж, үүний төлөө ажиллаж байгаа хүн цөөн юм. Би ч бас энэ хөгжим, урлагийнхаа төлөө өөрийгөө бүрэн зориулж чадахгүй л байна. Ахуй амьдралаа авч явах гээд л ажил ар араасаа л ундрах юм. Энэ зах зээлийн нийгэм биднийг ийм болгочихлоо л доо. Тиймгүйсэн бол би хөдөө нутагт тууль хайлан, цоороо үлээн, айл саахалтын хүүхдүүдэд зааж өгсөн шиг сууж байхсан.
-Цоор тоглодог хүн манайд олон бий юү?
-Хоёр гурван жилийн өмнө гуравхан хүн байсан. Одооноос л дэлгэрч, цөөнгүй цоорчтой болж байна.
-Та хэдийнээс энэ хөгжимтэй нөхөрл өсөн юм бэ?
-Би таван настайгаасаа тухайн үеийн нэрт туульч С.Чойсүрэн, аав туульч Ж.Эрдэнэ цогт нараар “Алтайн магтаал” заалгасан. Тууль хайлах урлаг гэдэг олон өдөр шөнө үргэлжлэх их туулийн шүлэг, дууллыг цээжлэн тогтоох, туулийн аялгууг цогцлуулагч цоор, товшуур, хэл хуур зэрэг хөгжмийг бүрэн эзэмшиж, хөөмийг сайн сурахыг шаарддаг цогц урлаг. Тиймээс би найман настайгаас цоор хөгжим тоглох болсон.
Тэгэхээр гуч гаруй жил энэ хөгжимтэй нөхөрлөсөн байна.
-Цоор сурах хэцүү юү. Хөгжмийн зэмсг үүдээс үлээвэр хөгжмийн төрлийг хамгийн хүнд гэдэг шүү дээ. Тиймээс ч энэ төрлийн хөгжимчид эрт тэтгэвэрт гардаг.
-Цоор тоглох амаргүй. Лимбийг сурахын тулд таван минут сургуулилахад эхний авиаг дуугаргадаг. Хажуунаас нь үлээдэг тул исгэрэх авиа дорхноо гардаг хэрэг. Харин цоорыг дээрээс нь доош шулуун үлээдэг тул авиа гаргаж сурахад л хэдэн өдөр шаардагдана.
Түү нийхээ дараа тэр авиагаа аялгуу болгоно гэхээр ямар их хөдөлмөр, тэвчээр, авьяас шаарддаг нь илэрхий байгаа биз. Лимбэ, бүрээ, бишгүүр гээд л үлээвэр хөгжмийг тоглоход хүнд хэцүү гэдэг. Тэднийг зүгээр л үлээж тоглодог бол цоорыг тоглоход хагас хөөмийн арга техник хэрэглэгддэг тул тэднээс ч хэцүү. Өвөрмонголчууд хөөмийг хоолойн цоор гэж нэрлэх нь ч бий. Хүний өгүүлэхүйн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хөгжмийн зэмсэгтэй хавсран аялгуу тоглодог нь цоорын гол онцлог.
-Морин хуур анхны төрх байдлаа өөрчл өн хийл, морин хийл гэх мэт сонгодог хөгжмийн зэмсэгтэй төстэй болж эхэлсэн. Харин цоор ингэж өөрчлөгдсөн үү?
-Монголчууд өөрсдийн нүүдлийн ахуй амьдралд зохицуулан бага зэрэг хувиргаж, бүтэц хэлбэрийн хувьд энгийн, гарын доорх материалаар хийж болохуйц болгосон нь бүх нийтээр хэрэглэж, үе дамжуулан өнөө цагт авч ирэх гол түлхүүр нь болсон хэмээн хөгжим судлаачид үздэг. Өдгөө миний энэ тоглож байгаа цоор яг л тэр хэлбэрээ хадгалсан хөгжим. Гурван нүхтэй учир гаргах авиа, өнгөний хувьд цөөн. Харин үүнийг нь тувачууд өөрчлөн дөрөв нүхэлсэн байдаг. Гэхдээ энгийн, байгальд ойр чанараараа л дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гэдгийг бид бодолцох хэрэгтэй.
Тэр ийн “ууган хөгжмийн зэмсгээ” танилцуулаад бэлтгэлдээ шамдлаа. Тоглолт эхлэхэд хоёрхон цаг дутуу байгаа учир түү нийг өөр асуултаар саатуулж зүрхэлсэнгүй. Харин Алтайн уулсын чөлөөнд амсхийн суух боломж олгох цоорын аялгууг сонсож хэсэг саатлаа. Хөнгөн хэмнэлтэй хөгжмөө хэдхэн хором тоглосныхоо дараа тэр холын зайд гүйсэн тамирчин шиг л амьсгаадсан харагдана. Үлээвэр хөгжим тэр дундаа хөгжимчнөөс хамгийн их хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг цоор хөгжим тоглосны дараа хэсэгтээ л үг дуугарах аргагүй болчихдог аж.
О.Ундармаа
Эх сурвалж: www.mongolnews.mn
No comments:
Post a Comment