Шинэ машиныг "Өөртөө зориулж нэг юм ав" гэсэн гэрийнхнийхээ шаргуу шаардлагаар худалдаж авчээ. Гэрийн эзэн "Хотоос зугтаж, хөдөө газар сонголоо гэсэн чинь хот намайг гүйцээд ирсэн" хэмээн хошигнож байна лээ. 2004 оноос тэднийх энд амьдарчээ. Үнэхээр л тэр хавиар амины орон сууц "хөглөрч" харагдав. Ч.Галсан гуайн хөршүүд хүүхдүүд нь. Түүний охин, хүүгийнх нь аавтайгаа айлсаж амьдардаг болохоор сайн тал ихтэй. Бэр нь унд цай бэлтгэх ажилд гэрийн эзэгтэйд тусалж харагдсан. Охин нь Бээжингээс дөнгөж орж ирээд ээж, аавдаа гарын бэлэг гардуулж байна лээ. "Аав аа таны хөл хэрэгтэй байна" гэж охин нь дуудав. Аавдаа брэнд пүүз авчирч л дээ. Гэрийн эзэн өөрийгөө "Улаан тамирчин" гэж тодорхойлсон. Тэрбээр өөрийн диваажинд тааваараа аялдаг юм байна. Өдөрт хоёр удаа цаг орчим агаарт алхдаг. Бид дагаж салхинд гарсан чинь өвгөний алхааг гүйцэхгүй хоцрох дөхсөн. Тэрбээр хар залуугаасаа л гүйж, дасгал хийж, гар дээрээ суниадаг зуршилтай. Тэрхүү сайн чанараа өнөөг хүртэл гээгээгүй.
Байшинд оронгуут зочдын өрөө угтана. Энд гэр бүлээрээ цуглаж ярьж хөөрч, суух дуртай гэсэн. Тавиур дээр хамгийн дээд талд аавынх нь зураг, ээжийнх нь бололтой баруун Монголын хувцас хэрэглэлтэй эмэгтэйн патиар, бас нэг сэгсгэр үстэй, настай эмэгтэйн зураг харагдана. Түүнийг "XX зууны их удган Пүрэв" хэмээн танилцуулсан. "Энэ удганы шавь нь би. Насны ганц шүтээн. Миний Есүс Христ, миний Далай лам, миний Мухаммед" гэнэ.
-Дээр үеийн бөө нар онгодоо буулгах гэж яддаг байсан хэмээн хуучилсан тэрбээр орчин үеийн бөөгийн онгод хүссэн үед нь ирдгийг гайхсан ч муулсангүй. Харин "Бөө гэхээр хүмүүс нэг л юм шиг ойлгодог. Арван бөө байлаа гэхэд арван өөр ертөнц шүү дээ" хэмээн тайлбарлав. Ч.Галсан айлын отгон хүү. "Хөдөөний хүүхдийн эрх гэж хөөрхий юу байхав. Хурга ишиг л ноолно" гэж ярилаа. Баян-Өлгийн Цэнгэл хайрхан суманд тэрбээр төрж өсчээ.
Манай сурвалжлагч Ю.Дэлгэрмаа Чингиз Айтматовтой уулзсан түүхийг нь сонирхсон юм л даа. "Чингиз Айтматов өвгөнтэй Киргизийн Элчин сайдын яаман дээр өнжсөн, одоо та нарын өнжөөд байгаа шиг л. Киргиз хэлийг ярьж суухдаа гадарлачихаж байгаа юм. Хасаг, тува хоёрын дундуур л ярьчих юм билээ. Айтматов хасгаар сайн ярьдаг. Том гэхээсээ илүү жижиг юм сонирхоно. Гэрээ зураад өг. Хаана нь юу байдаг юм гэнэ. Ч.Айтматов азтай хүн. Бүх юм нь өөрөө бүтээд байсан. Ард түмний автор гэж дэлхийд цоллогдсон зохиолч доо. Сумын төвийн хүүхэд. Нэг зун эмээ дээрээ очиж, хурга ишиг үзсэн хүн" хэмээн ярьж сууснаа цай аягалж буй гэргий рүүгээ хараад "Бид чинь адгийн доод давхраас гарч ирсэн хоёр" хэмээн огцом харьцуулалт хийв.
-Норжмаа маань над шиг гэрт төрсөн. Баян-Өлгий аймгийн Бугат сумынх. Хоёр настайдаа өнчирсөн учраас ээжийгээ санадаггүй. Дөрвөн настайд нь өнгөрсөн аавыгаа муухан санадаг. Бүтэн өнчин, ах дүү нарынхаараа, олны дунд явдаг байлаа. Долдугаар ангиа төгсөөд Худалдааны техникум дүүргэсэн юм хэмээн нөхөр нь танилцуулав. Тэднийхийг хэр олон нүүснийг сонирхсон чинь "Гоё асуулт байна" гээд хууч дэлгэв. Мань эр 1995 онд "Их нүүдэл" зохион байгуулсан билээ. "Дорноос өрнө рүү чиглэсэн цор ганц нүүдэл" гэж түүнийгээ тодотгосон. Харин тэрбээр амьдралын харгуйд өгсүүр замаар зөндөө нүүсэн байх юм. Ч.Галсангийнх хэмээх өрхийн нүүдлийн зам ийнхүү эхэлжээ.
-Германд зургаан жил сураад, эх орондоо нэг үүргэвч, хоёр том чемодантай ирлээ. Угтаж авах хүнгүй. Ачаагаа үүрээд, дөрвөлжин ногоон автобусанд чихэж орсон. Кондуктор "Мөнгөө" гэхээр нь "Гадаадад сурч байгаад ирлээ" гэсэн чинь "За, урагшаа яв" гэнэ. Тэд надад тусалж, их сургуулийн үүдэнд буулгаж билээ. Кондуктор намайг их л өрөвдсөн маягтай "Угтаж авах хүн байхгүй юм уу" гээд хоцорсон сон. Тэр үед "Их сургууль орон сууцаар ядмаг" байсан учир тэнхимдээ долоо хоносон. Өдөр хичээлээ заагаад, шүүгээний араар орж хувцсаа сольдог байлаа. Тэгсээр байтал оюутны байранд 419 тоот өрөөг суллаж өглөө. С.Норжмаагаа тэндээ авчирлаа. Тэр өрөөнд охин маань мэндэлсэн юм шүү дээ. Цэрэг ногоон ортой, хэдэн хайрцаг номтой л байсан. Нэг удаа "Оюутны байр чөлөөлнө" гээд дөрвөн зам руу нүүх боллоо. Энэ маань том гэдэстэй. Хамаг юмаа баглаад нүүх болтол гэнэт өвдөөд, яах аргагүй төрчихлөө. Оюутны байрны жижүүр хүйг нь огтолсон. Энийг маань оюутнууд носилк дээр хэвтүүлж, дөрвөн давхраас зөөлөө. Эмнэлэгт хэвтүүлчихээд, ганцаараа нүүсэн юм. Манай энэ гал зуухны өрөөний тал шиг өрөөнд орлоо. Нар үздэггүй, нийтийн хүйтэн устай, муухай өрөө байсан. Хоёр, гурван жил болж байтал тэндээсээ хөөгдлөө. Хүүхэд өвдөөд би Халдвартад авч хэвтсэн. Эхнэр том гэдэстэй, бага хүүгээ төрүүлэх гэж байсан үе. Өөр байгууллага орох гээд эд юмсыг маань хүчээр ачаалаад, айлын хашаанд хаячихсан байж билээ. Энэ маань хүүхдээ төрүүлэхэд би хаана гаргаж авахаа мэдэхгүй. Багш нарын хуучин байранд нийтийн жорлонгийн өөдөөс харсан, хаалга байнга онгорхой учраас хүйтэн гээд хүн голоод ордоггүй нэг өрөө байж. "Би оръё" гэсэн юм. Жорлонг угааж цэвэрлэж, гадаах хаалгыг янзалж хаагддаг болгов. Коридорыг цэвэрлэж, шуудай дүүрэн хог асгаж билээ. Өглөө нь энэ хоёрыгоо төрөхөөс гаргаж авсан. Шөнөжингөө нойр хүрсэнгүй. "Ер нь ингэж амьдрахгүй" гэж шийдлээ. Германы "элдүүр" өөр. Ийм амьдралтай эвлэрч чадахгүй. Орон сууцны хоршоолол байгуулъя гэж шийдлээ. Явсаар Ж.Батмөнх дарга дээр орсон. Тэр үед мань хүн их сургуулийн ректор байсан. Аялга төстэй, сайн ойлголцдог байлаа. "Багшаа, би ингэмээр байна" гээд тайлбарлахад сонсч сонсч "Хамтрах хүн байгаа юу" гэсэн. Орон сууцны бэрхшээл үзсэн 20 залуу багш олов. Ж.Батмөнх ректор дэмжсэн бичиг хийж өглөө. Их дэлгүүрийн хойно сууцтай болсон. "Залуу багш нар мөнгөөр зодож, сууцтай боллоо. Эхлээд ахмад багш нар орон сууцтай болох ёстой" гэсэн үг хэл ч гарч л байсан. Энэ бүхэн хялбар бүтээгүй. Орон сууцны хоршоолол гэж юу байдгийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний сайдад зөндөө тайлбарлах хэрэг гарсан. Сайд ойлгоод, "Байрны зардлын хагасыг нь өөрсдөө гарга, 50 хувийг нь улс даая. 20 жилийн зээл олгоё" гэсэн. Нэг сая 200 мянган төгрөгт 20 айлын сууц боссон юм. Гучин хувийг нь бэлнээр төлж, 70 хувийг нь зээлээр төлөхөөр болсон. Шинэ хаалга нээх бүртээ би шилэн хана мөргөж байсан. Эхлээд улсууд цочирддог, эсэргүүцдэг, дараа нь хүлээн зөвшөөрдөг юм даа. Шинэ байр бэлэн болсны дараа би наран тийш харсан гурван өрөө байр сонгосон юм, Амьдрал дээшилж эхэлсэн хэмээн гэрийн эзэн хүүрнэлээ.
"Энэ маань Улс төрийн товчооны ахлах тогооч. Намын гишүүн. Хаялга нь надад их тусч байгаа юм. Информаци ихтэй. Би намын гишүүн биш. Хэл аманд их ордог. Муу нэртэй луу данстай" хэмээн Ч.Галсан гуай тодорхойлов. "Жигтэйхэн сайхан амьдардаг. Ямар л хос байлаа даа. Мөрөөдлийн хос гэдэг шиг л" хэмээн хань руугаа харав, нөхөр нь.
"Мөрөөдлийн хос" сайхан амьдарч байтал ардчиллын жилүүд эхэлжээ. Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг Д.Сүхбаатар Ч.Галсангаас зөвлөгөө авдаг байсан гэнэ. Тэр "Толь" сонин гаргадаг байж л дээ. Ардчилал ялсны дараа Ч.Галсанд "АИХ-д нэрээ дэвшүүлэх үү" гэсэн санал ирж л байж. Тэр зөвшөөрөөгүй агаад "Бурхан намайг аварсан" гэж одоо ярьж сууна. "Хэрэв би зөвшөөрсөн бол олон сайхан номуудын маань тал нь байхгүй. Улстөрчдийн жонхуунд хутгалдчихсан ч явах юм бил үү" гэнэ. Харин зах зээлийн салхинд нийслэлийнхэн барилга барихын халууралд автсан нь манай баатарт сөргөөр нөлөөлжээ. Байшинг нь тойроод зургаан газар барилга баригдаж, өдөр шөнөгүй "их бүтээн байгуулалт" өрнөхөөр "Энд амьдаршгүй" гэж санагдсан гэнэ шүү. Тэгээд л Ч.Галсан том зохиолчид хэрхэн амьдардгийг бодож үзжээ. Том зохиолчид ой дотор том байшинтай байдаг. Өглөө нь сэрээд газрын эрэлд гарчээ. Ингэж явахдаа барилга барьдаг Герман компанийн эзэнтэй танилцсан байна. Эхлээд Гүнтэд байшингийнхаа шавыг тавьжээ. Л.Гүндалайн байрны хажууд шав тавьж, виски задалсан ч хэрэг явдал өөрөөр эргэв. "Л.Гүндалай МАХН-ынхантай зарга хийгээд, дөрвөн мөчнөөс нь бариад явсан. Тэгсэн чинь Гүнтийн байшинг нь шөнө трактороор эвдсэн юм. Энэ лав л нэг насны юм болох нь. Ядаж л дараагийн сонгууль хүртэл ийм юм үргэлжлэх нь байна" гэж бодсон Ч.Галсан өөр сонголт хийжээ. Одоогийн байгаа газраа тэрбээр 14 хүүхэдтэй авгайгаас тухайн үедээ 7000 доллараар авсан гэнэ.
Герман компани байшинг нь хэдхэн сарын дотор босгожээ. Зун нь эднийх эсгий гэртээ зусдаг. "Хүн тэмцэх явцдаа их өсдөг" гэж Ч.Галсан хэлсэн. "Намайг Германаас ирэхэд хүмүүс угтаад, бэлэн сууцанд оруулсан бол шалчгар амьтан үлдэх байсан" гэв. Хүүхдүүддээ юу өвлүүлэх талаар нь өвгөнөөс сонирхсон. "Бүгдийг нь орон сууцтай, хөл дүүжлэх унаатай болгосон. Хамгийн үнэтэй өв гэвэл хүн чанар, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, залхуурахгүй зан" гэлээ. "Эцэг өвгөдөөс өвлөн ирсэн үнэт зүйлээ" гэрийн эзэн нуусангүй. Том шүрэн толгойтой халтар манан хөөрөг үзүүлэв. Хэт хутгыг нь амьтан сонирхож "5000 евро", "өч төчнөөн шар үхэр" амалсан тохиолдол ч байсан гэнэ. Түүний ажлын өрөөнд бөөгийн эд зүйлс арвин. Хэнгэрэг, бөөгийн ташуур лав зургаан "загварынх" байсан. Түүний онгод уурлах, гомдох, баярлахад ордог аж. Заримдаа тэнгэрт агсам тавимаар санагддаг гэсэн шүү.
"Гэр бүлийн үнэт зүйл" гэсэн асуултад тэрбээр "Хамгийн үнэт зүйл гэвэл манай удмынхны сайн нэр" гэж хариуллаа. "Иргит овогтой Чинаг эцгийн Галсан хүү" гэж тэрбээр дэвтэрт маань бичиж өгсөн. Иргит нь Тувагийн эртний овог аж. Эцэг дээдэс нь баян улсууд байсан гэнэ. Аав нь хөрөнгөтэй хүн байсан ч гоё ганган хувцас өмсөх дургүй. Өвөл нэхий, зун илгэн дээлтэй явдаг сонин хүн байж. Өвөө нь "Таван хүүхэдтэй, өргөсөн 20 хүүхэдтэй" байсан гэнэ. Ядарсан зүдэрсэн, орчин үеийн хэллэгээр бол "хөгжлийн бэрхшээлтэй" хүмүүсийг цуглуулах дуртай хүн байж. "Тэдэндээ эсгий овоохой барьж өгдөг. Хорь гаруй хүүхэд нь эцгийнхээ мал руу гар нь чөлөөтэй ордог байсан гэдэг. Айлын мал руу чоно нохой халдаж байхад өвөөгийн мал чоно нохойд ордоггүй байж" хэмээн ач хүү нь хуучилсан юм.
Т.Галсан Германд зах зээлтэй зохиолч гэдгийг олон хүн мэднэ. Зохиолч өөрөө "Герман хэл дээр ном бичиж эхэлсэн нь хувь заяа" гэв.
-"Би бол цаг үеийн захиалга байжээ" гэж боддог. Саяхныг хүртэл Тувагийн түүхэнд бичиг үсэгтэй хүн байсангүй. Тува ард түмэн бусдын адил түүх домогтой, урт настай. Түүхийн тавцангаас буухын өмнө хүн төрөлхтөний оюуны санд хувиа нэмэх, үгээ хэлэх миний ард түмэн ингэж баярладаг, ингэж гутардаг, ийм дутагдалтай гэдгийг санах бодох юмгүйгээр цацаж гаргах хүн хэрэгтэй байж. Нөгөө талаас цаг үеийн захиалга Германы талаас ирсэн. Эртний германчууд гайхамшигтай том бөөтэй байсан. Германчууд дэлхийн ганц хурд хязгаарладаггүй ард түмэн. Энэ ард түмний бөө мөргөлийг 2000 жилийн өмнө цус урсгаж, үнсийг нь хийсгэж байж устгажээ. Гэсэн ч бөө мөргөлийн үндэс нь энэ ард түмний дунд унтаж байна. Үүнийг сэрээх шаардлага байж. Энийг хамгийн боловсроогүй, гэмтээгүй, бузартаагүй, дэлхийн захын нэг тийм, гэм зэмгүй хүн авчирч Германы соёлд оруулах учиртай. Бөө мөргөлд хөдөлгөөн оруулах тэр хүн нь Тува малчны хүү Галсан байж хэмээн мань эр сэтгэл хөдлөн ярилаа. Тэнгэр шүтлэгтэй энэ хүн "Монгол хүн нүүдэлчин амьдралын хязгааргүйд өссөн учраас өөртөө итгэдэг. Тэнгэрт итгэдэг. Тэнгэр шүтлэгтэй хүн юунаас ч айдаггүй. Тэнгэр дээр бас бидний дотор хязгааргүй оршдог. Хүн атигар жаахан биеэрээ өөрийгөө төсөөлж их алддаг" хэмээн учирлав. Одоо ч тэр Германы хамгийн том хэвлэлийн компанитай гэрээтэй ажилладаг.
-Миний 30 ном дэлхийн утга зохиолд нүүдэлчний уран зохиол, язгуур амьдралын уран зохиол, бөө мөргөлийн уран зохиол гэсэн бүхэл бүтэн бүлэг нэмсэн гэж би боддог. "Цагаан уул" романаа бичиж дуусаад тэгж бодсон юм. Хүнд зохиол. Би дахиж уншихаар толгойн үс зарайгаад байдаг гэж зохиолч өөртөө дүн тавив.
-Би маш шаргуу амьдарсан. Хэзээ ч амарч үзээгүй гэж эл эрхэм хэллээ. Тэрбээр шөнөдөө дөрвөн цаг унтдаг нь гэм биш зан. "Чингис хааны есөн зүүд" номоо 77 хоногт багтаан өдөр шөнөгүй бичсэн аж. "Чингис хаан идтэй шидтэй нөхөр шиг байгаа юм. Татаад, дуудаад байх шиг" хэмээн наргиа болгосон. Ч.Галсан олон талт амьдралтай. Зохиолч, бөө, бас "Нүүдэлчний оточ". Гадаадад явж байхдаа мань эр хүн анагаана, барина. "Миний хэрэг энэ дэлхийд улам их өсч байна" гэж тодорхойлсныг яана. Гутрал гэдэг айхавтар өвчин гарч ирж байна. Хүн улам айгаад, жижигрээд, амьдралын булан руу чихэгдээд, хярсан туулай шиг байдалд орсон. Би хүн төрөлхтнийг харьцангуй эрүүл гэж боддог. Өвчтэй болгож байгаа юм нь эмч нар, эмийн үйлдвэрүүд, мафи болсон засаг төр. Эд нийлээд хүн төрөлхтнийг маш их жижигрүүлж байна. Бид өвдөөд байвал дэлхийн олон хүн ашиг олно. Үүнийг би хүмүүст хүргэдэг. Эмч хүний өвчинд анхаарал хандуулдаг бол би эрүүл хэсэгт анхаардаг гэнэ. Энэ бол "Нүүдэлчний оточ"-ийн философи. Ер нь шинжлэх ухаан төгссөн газар "Нүүдэлчний оточ"-ийн ажил эхэлдэг юм шиг байна лээ. Түүний тиннитус хэмээх чих шуугих өвчнийг эмчлэх бөөгийн жор Германд төдийгүй Европын зарим оронд бяцхан алдаршжээ. Тэрбээр зохиолчийн төдийгүй, "Нүүдэлчний оточ"-ийн хувьд олон оронд урилга, заллагатай явдаг нэгэн. "Бас Герман руу эрүүл мэндийн өргөн дэлгэр зам нээчихээд байгаа" гэж дуулгасан. Гэргий нь тархины том хавдар авахуулсан юм билээ. Ч.Галсангийн номыг уншдаг Германд амьдардаг палестин хүн тус болжээ. Зохиогчид тэрбээр тавин хувийн хямдралтай үнээр үйлчилсэн гэнэ. Тэр нь 8000 евро болж. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай монголчууд ч "Ч.Галсангийн сайн нэрийг Германд худалдаж болно" гэсэн шүү.
Ч.Галсан өөрийн шүтээн Гетёгийн нэгэн адил 60 ном бичихийг хүсдэг аж. Тэрбээр яг л улстөрч шиг том том зорилго тавьсан байна лээ. Сая мод тарих "үүрэг амлалт" авсан агаад өдгөө 100 гаруй мянган мод тарьчихаад байгаа гэнэ. "Мод бол миний өөртөө босгосон хөшөө" гэсэн. Эхлээд хүмүүст хөрөнгө оруулдаг байсан бол одоо газар дэлхийдээ "мөнгө хийдэг" болсон аж. "Би харьцангуй их мөнгө олдог" гэж зохиолч хэллээ. Хүмүүст мөнгө тарааж буян үйлдэж байсан үе түүнд бий. "Хүний шунал хязгааргүй. Тэгээд ч мөнгө тараагаад амьдрал нь дээшилдэггүй"-г анзаарчээ. Түүний гурав дахь мөрөөдөл нь "Бороог буцааж авчрах". Зуун жилийн өмнө Австрийн нэгэн еврей "Тэнгэрт зангирсан бөглөрөл үүсдэг" гэж номондоо бичсэн удаатай. Эртэдсэн нээлтээ мань эр амь насаараа төлжээ. Харин түүний зөв байсныг 100 жилийн дараа эрдэмтэд баталсан юм. Ч.Галсан мөнөөх үүлнүүдийн бөглөрлийг Улаанбаатарын гудамжин дахь машинуудын гацаатай зүйрлүүлэв. Гайт гацаанаас болоод Хятадад үер бууж байхад Орост халуу шатаж, түймэрт автсан юм байх. Үүлнүүдийн бөөгнөрлийг арилгах төсөл түүнд бий. Үүний тулд ямар нэгэн тусгай труба хэрэгтэй юм байх. Сахарын цөлийг ногооруулсан эрдэмтэн түүнд туслах гэнэ. Учир нь тэр эрдэмтэн мань эрийн уншигч ажээ. Энэхүү ажилд нь 10000 евро бас эрх мэдэлтнүүдийн дэмжлэг хэрэгтэй.
Ю.ДЭЛГЭРМАА, Б.ЯНЖМАА, Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: Өдрийн сонин
No comments:
Post a Comment