2012/01/15

Алтайн 13 сан шүтлэг билэгдлийн тухай нэгэн санал

Хэргийн овоо (Наран овоо гэж бас нэрлэнэ)Түвшин нуурын зүүн урд тал - Дэлтийн нуруу. Булган, Дэлүү сумдын зааг
Оорцогын Хорхон овогт Баатарын Жаргалсайхан
ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм Эдийн Засгийн судалгааны төв
Өгүүллийн товч: Алтайн 13 санг шүтэх, түүнийг тахин дээдэлж ирсэн билэгдэл зан үйл зэргийг судлан гаргахад өгүүллийн товч оршино
Түлхүүр үг: Алтайн 13 сангийн билэгдэл

Од эрхэс шүтлэгийн зан үйл нь юуны өмнө тэнгэр шүтлэгтэй холбогдох юм. Байгалийн элдэв гамшигт үзэгдэл, салхи шуурга болох, үер ус буух, аянга цахилгаан цахих зэрэг энэ бүхэн тэнгэрийн залхаалт хэмээн үзсээр тэнгэрт сүсэглэн биширч, энэ нь яваандаа хүн төрөлхтний дотор анги, овог бий болох цагт тэнгэр газар, уул ус, гол бүхэн эзэн савдагтай болдог гэсэн ойлголтыг буй болгожээ.

Алтайн Урианхайчууд эх болсон байгалиа, эцэг болсон тэнгэрээ шүтэн бишрэх, байгальтайгаа дасан зохицох сэтгэлгээ давамгайлж түүний үр шим, сүр хүчийг бахдан хүслээ илэрхийлж сэтгэл санаагаа засах, хийморио сэргээн ариусгал үйлдэх эртний уламжлал өнөө болтол уламжлагдсан нь уул овооны тахилга юм. Хүний санаа бодол байгальд нөлөөлдөг гэж итгэвэл үүний тодорхой жишээ нь уул овоо тахихад бороо орж, байгаль дэлхий өнгө орж засаж, өвс ургамал ургаж, өгөөж буянаа хүн мал, түмэн олондоо хайрладаг гэж үздэг. Нөгөө талаар уул усаа тахих гэдэг нь хүний сэтгэл санааг засах, хийморь сэргээх ариусгал болдог аж. Монгол хүн овооны хажуугаар шууд өнгөрдөггүй заавал мориноосоо бууж, морины дэл сүүлнээс нь авч овоон дээрээ тавих бөгөөд нүүдлийн болон бусад аяны үед овоондоо цагаан идээнийхээ дээж өргөх, чулуу тавих, овоогоо нар зөв тойрон “Овоон их нь танд, Олзны их нь бидэнд(надад)” байх болтугай зэргээр хүндэтгэл илэрхийлдэг.

Долоон хошуу Урианхайчуудын нутаглаж ирсэн Алтайн нурууны мөнх цаст 13 ноён оргилыг бэлгэдэн “Алтайн 13 овоо” сан тавьж, овоо тахилга дээр мөргөн ёслолоо үйлддэг. Алтайн Урианхайн долоон хошууны Баруун амбаны нутаг одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт овооны тахилгыг Дээр мөргөх гэдэг байна. Баруун амбаны дөрвөн сум нэгдэн Сэрүүн нуурын Хэрзэнгийн хоолойн улаан толгой(Улаан үзүүр)-н овоог тахин шүтсээр иржээ. Алтайн арван гурван цаст цагаан оргилыг дамжиж үеийн үед харж, харуусалж явдаг алтан шаргал морьтой Алтайн эзэн алиа хонгор бүсгүй Хангайн эзэн хархүү хоёр нь өөр хоорондоо эр эм бололцдог түүхтэй гэдэг.

Алтайн эзэн арван гурван сангийн орших орон нь:
1. Арван зүг: Дөрвөн зүг найман зовхис, дээд, доод арав болно.
2. Гурван цаг: Энэхүү гурван цаг нь өдгөө бидний амьдран буй дэлхий ертөнцийн өглөө, өдөр, оройн гурван цагийг билэгдсэн
3. Дөрвөн зүг: Ертөнцийн дөрвөн зүг болох Баруун, Зүүн, Өмнөд, Хойд зүгийг билэгдсэн
4. Найман хөлөл: Монголчууд бидний дээдлэн билэгдэж ирсэн 8 тахилыг билэгдсэн
5. Арван жилтэний орон
6. Арван өнгө
7. Долоо, есөн өнгө: Билгийн тооллын 7 улаан, 9 цагаан мэнгийг билэгдсэн
8. Дөрөв, долоон орон: Дөрвөн махбодын орон
9. Хийморь лүндээ: Эр хүний хийморь сүлдийг даатган шингээсэн орон зайг билэгдсэн
10. Арван хоёр жил: Хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай./тус бүр 5 мах бодийн өнгөөр эр, эм болж хувирна.
11. Арван хоёр сар: Бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай, хулгана, үхэр. /тус бүр 5 махбодийн өнгөөр эр, эм болж хувирна.
12. Арван хоёр өдөр: Хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай./тус бүр 5 махбодийн өнгөөр эр, эм болж хувирна.
13. Арван хоёр цагийг: Тус тус эзэлсэн ид шидтэй гайхамшгийн орон байдаг хэмээн үздэг байна.


Алтайн Урианхайчууд Овоо тахилгын үед Алтайн арван гурван сан тус бүрд сан тавихдаа:
Хаан буурал Алтай минь
Хайрхан Богд уул минь өршөө
Ханагар сайхан нуруунууд
Хатан сайхан голууд минь өршөө
Цурам улаан уул минь
Сүрлэг өндөр Алтай минь өршөө
Бороо хур элбэг болгож
Бодсон санасныг бүтээж хайрла
Өвс ургацаа өндөр болгож
Өгөөж хайрамаа их болгож хайрла
Зуны гурван сардаа жаргалтай байлга
Намрын гурван сардаа налгар байлга
Өвлийн гурван сарыг өнөтөй байлга
Хаврын гурван сарыг хайрамтай байлгаж хайрлатан
г
эж залбираад сүү цагаа, идээ будаагаа цацдаг уламжлалтай билээ.
Алтайн Урианхайчууд арван гурван санг ихэд эрхэмлэн шүтэхийн учир нь хүний зөв аж төрөн амьдрахын тухай арвин сургаал гэж болох аж. Энэ нь:
1. Өвчин зовлонгүй, эрүүл мэнд аж төрөх
2. Хэрүүл маргаангүй, эв найрамдалтай эвсэг аж төрөх
3. Хортой ариун бус хар, улаан идээ идэж, уухыг хатуу цээрлэж бузартахаас
болгоомжлон аж төрөх
4. Атгаг муу санаатай хортон хүнээс хол зайдуу аж төрөх
5. Гал усны гашуун зовлонгоос биеэ хямгадан хамгаалах, сэрэмжтэй аж төрөх
6. Галзуу нохой, догшин шувууны халдлага довтолгооноос болгоомжлон аж төрөх
7. Эх эцэг, үр саднаа асрамжлан уг удмаа санан аж төрөх
8. Эр нөхөр, эм ханийн эв дүйг эрхэмлэн, самуун садар бусармаг явдалтай хормойн донтоноос ариун бие бохиртон
бузартуулахаас эмээн аж төрөх
9. Эд хөрөнгө, мал, хишиг буянаа эрхэмлэн хайрлаж аривжуулан аж төрөх
10. Ариун дагшин, онгон байгалиа тахиж, түүнээс хишиглэн аж төрөх
11. Айл гэрийн онгон шүтээн, эцгийн гал голомтоо ариун бус зүйлээр бузартуулахаас болгоомжилж, галын цээр сахиж аж төрөх
12. Бие сэтгэлд оршсон сүр сүлдээ гадны ад хорлол, хэл амны бузраас хамгаалж өөрийгөө эзэмдэн аж төрөх
13. Хөх тэнгэр, эцэг дээдэс, эзэн Чингисийн онгон сүлд бурхан ном, лам багшид ихэд сүсэглэн хүндэлж аж төрөх

Эдгээр нь амьдралын мөрдөж, чандлан сахиж явах түүхэн сургамжын чухал ач холбогдолтой юм. Иймд Алтайн Урианхайчууд өнө эртнээс өвөг дээдэс болсон дээд тэнгэр, байгал дэлхийдээ буян заяагаа даатгаж сүсэглэн залбирч ирсэн төдийгүй түүнийхээ төлөө байгаль дэлхийтэйгээ үеийн үед эвсэг амьдарч ирсэн байна.
Эх сурвалж:
1. “Арван гурван сан” Тод үсгээр орчуулсан н.Мөнхсайхан
2. Т.Баасанжавын хувийн тэмдэглэл. Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн иргэн, 61 настай, эр
3. Б.Баатарын хувийн тэмдэглэл, аман яриа. Булган сумын засаг даргын орлогч, 57 настай, эр
4. Б.Баатар “Булган сум 70 жил” УБ., 2008.
5. Х.Бямбажав “Тод номын гэрэл сонин №2” УБ., 2010
6. “Газар тахих судар оршвой” Тод үсгээс орчуулсан Х.Бямбажав
7. Б.Пунцагдорж “Алтай сайхан нутгийн минь ардын ухааны эрдэнэсийн хэлхээ” УБ., 1999.
8. Лха.Туяабаатар “Шинжлэх ухааны амьдрал сэтгүүл” УБ., 1993.

No comments:

Post a Comment