2012/01/09

Цаатан иргэдийн амьжиргааны өнөөгийн дүр төрх #2

"Хөвсгөлийн Баруун тайга" Гэрэл зургийг Б.Галбадрах
1990-ээд оны үеэр цаатангуудад цааг нь хувьчлан өгч, урьд өмнөх тодорхой бодлого, үйлчилгээ үгүй болсноор тайгынхны амьдрал эрс хүндэрч, цаагаа олноор нядлах, цааны эврээ худалдах, ангийн олзоор амьдрах зэрэг өнөө маргаашаа өнгөрөөн аргацаах байдалд шилжжээ.
Цааны эврээ жил бүр хөрөөдөн авч амьдралаа залгуулсаар байгаа нь цааны өвчин ихсэхэд хүргэж буй бөгөөд цаа бугын үржил багасан, ерөнхийдөө жижгэрч, давжаарч ирсэн юм. Мөн загас агнуурын аж ахуй татан буугдаж тэнд ажиллаж байсан цаатан иргэд эргэн тайгадаа гарснаар тайгын хүн ам ихэсч, цаа цөөрөх хандлага руу оржээ. Мөн түүнчлэн цааг хувьчлахдаа цаа бугын аж ахуйд үржлийн цааг авч үлдээгүй, цаа бугыг нэгэнт хувьчилсан гэдэг шалтгаанаар эрүүлжүүлэх болон бусад үржил селекцийн асуудалд анхаарал тавихаа больсон зэрэг хүчин зүйл цаа бугыг хоргодоход ихээр нөлөөлсөн гэж үздэг.
2008 оны байдлаар сумын нийт хүн амын 53.9 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, 29 нэн ядуу өрх (173 хүн), ядуу 157 өрх (621 хүн) дундаж 189 өрх (657 хүн) чинээлэг 4 өрхөд (21хүн) хүн амьдарч байна.
2002 онд Цагааннуур суманд амьдарч байгаа цаатан иргэдийн судалгааг гаргажээ. Тус сумын 2 багт нийт 114 өрхийн 493 цаатан хүмүүс амьдарч байна. Хүйсийн хувьд 240 эрэгтэй, 255 эмэгтэй байна. Тэдгээрийн 39.9 хувийг 0-16 насны хүүхдүүд, 19.8 хувийг 17-25 насны залуучууд, 20.2 хувийг 26-35 насны хүмүүс, 15.2 хувийг 36-60 насны хүмүүс, 4.6 хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байсан бол 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн авсан дүн мэдээгээр57 нийт цаатан өрх 168, үүнээс баруун тайгад 34 өрхийн 134 хүн, зүүн тайгад 28 өрхийн 98 хүн тус тус амьдарч байгаа ба хүйсийн хувьд авч үзвэл 112 эрэгтэй, 120 эмэгтэй байна. Цэвэр цаатан өрх (духа) 85, холимог цаатан 83 өрхийн нийт 67559 иргэд байна. Тэгвэл 2009 оны эхний 9 сарын байдлаар 1178 цаа буга тоологдсон нь сүүлийн жилүүдэд цааг нядлах, идшинд хэрэглэхгүй байх, түүнийг өсгөн үржүүлэх, сүргийн бүтцийг өөрчлөх санал санаачлагатай холбоотой гэж үзэж байна. Шашин уламжлалын хувьд цаатангууд олон зуун жилийн бөөгийн шашныг шүтэж үе дамжин уламжлан ирсэн байна. Цаатан бөөгийн мөргөл нь дархад, бэлийн тожийн (Тува) бөөгийн мөргөлтэй агуулга, хэлбэрийн талаар бараг адил, тэгэхдээ цаатангийн бөө мөргөл нь Тува, Дархадын бөө мөргөлийг бодвол эртний шинж агуулга, ёс дэглэмийг нилээд хадгалсан бөгөөд буддын шашны нөлөө төдийлөн их шингээгүй тул өвөрмөц байдал нь хэвээр үлдсэн талаар судлаачид63 тэмдэглэсэн байдаг. Өнөөдрийн хувьд ч мөн ялгаагүй цаатангууд бөөгийн шашныг шүтэж зан үйлээ хийсээр байна.
Манай хүн амын цөөнх болсон цаатан хүмүүсийн хэл, соёл, зан заншил, шашныг хуучин хэвээр нь хадгалан үлдээх бодит боломж нөхцөл ихээхэн хязгаарлагдмал байгаа бөгөөд орчин үед энэ нь улам ч хумигдаж байгаа билээ.
Хөвсгөл аймгийн хувьд Цагааннуур сум бол цөөн хүн амтай, хоёр багтай, хамгийн жижиг сум. Гэсэн хэдий ч үндэстний цөөнх амьдардаг онцлогийг харгалзан үзсэн тодорхой бодлого баримталж иржээ. Жижиг сумыг хэвээр нь үлдээж явах нь сумын төсвийг батлахаас эхлээд л хүндрэл учирдаг тухай аймгийн удирдлагууд ярьж байсан.
Хөвсгөл аймгийн ИТХ-аар “Хөвсгөл аймгийг бүсчилэн хөгжүүлэх бодлого (2002-2020)” баталжээ. Тус хөтөлбөрт туссанаар Цагааннуур сум аялал жуулчлалын бүсэд хамаарсан байна. Тус бодлогын баримт бичигт “...Цагааннуур суманд бусад сумдад байдаг орон тоо бүгд ажиллаж, 1 хүнд удирдлагын зардал 14.5, төсвийн зарлага 56.4, төсвийн орлого 5.3 мянган төгрөг оногдож байхад ... хамгийн олон хүн амтай Мөрөн суманд 1 хүнд оногдох удирдлагын зардал 2.3, төсвийн зарлага 38.2, орлого 7.4 мянган төгрөг байна...Энэ нь бүсчилсэн хөгжлийн эдийн засаг, санхүүгийн бүтцийг боловсронгуй болгох шаардлагатай болсныг харуулж байгаа нэг жишээ...” хэмээн бичжээ. Дээрх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхдээ үндэстний цөөнх амьдардаг сумын онцлогийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай.
Сумын ИТХ-аас Цагааннуур сумыг 2002-2020 он хүртэл тогтвортой хөгжүүлэх зорилт, төлөвлөгөөгөө 2002 онд баталжээ. Тус төлөвлөгөөнд цааны үржил селекцийн асуудалд онцгой анхаарч уламжлалт өвөрмөц аж ахуйг өсгөх эрүүлжүүлэх, үндэстний цөөнхийн талаарх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, улс, аймгийн хүн ам зүйн бодлогод онцлон тусгуулах зэрэг зүйлийг тусгасан байсан.
2009 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ИТХ-ын 03 тоот тогтоолоор “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эдийн засаг нийгмийг 2009-2015 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргажээ. Энэхүү баримт бичгийг өөрийн онцлогт тохирсон дунд хугацааны болон хэтийн чиглэлээ тодорхойлон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагад үндэслэн нийтийн оролцоотойгоор боловсруулан гаргасан байна. Энэ баримт бичиг нь тус сумын онцлогийг харгалзан хийгдсэн бөгөөд анх удаа сумын иргэдийн оролцоог бүрэн хангаж нөхцөл байдлын үнэлгээ, боломж, сул талууд, аюул заналыг өнөөгийн тулгарч буй бэрхшээл дээр тулгуурлан бодитойгоор гаргаж ирснээрээ онцлогтой болсон байна. Баримт бичигт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, төр захиргааны байгууллагууд, ТББ-ууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хийх ёстой үйл ажиллагааг тодорхойлон гаргахыг хичээсний зэрэгцээгээр цаашид хүн амын болон нийгмийн хөгжил, боловсрол, эдийн засгийн хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль орчны талаар баримтлах бодлого үйл ажиллагааны чиглэлийг нэг бүрчлэн тодорхойлжээ.
Харин Цагааннуур суманд үндэстний цөөнх оршин амьдардаг онцлогт нийцүүлсэн бие даасан бодлогын баримт бичиг байхгүй байна.

Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛ 2009

No comments:

Post a Comment