2012/01/04

Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хуулзүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх төсөл

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам болон Дэлхийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Хууль Зүйн Салбарын Үйлчилгээг Сайжруулах” (ХЗСҮС) төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт оршин суудаг Урианхай, дөрвөд, тува иргэдэд хууль зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн өмнө тэдний эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хууль тогтоомжийг эх хэлээр нь ойлгомжтой мэдээлж, тэдний эрх зүйн боловсролд түлхэц өгөх зорилготой “Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх” төсөл хэрэгжиж байна.Баян-Өлгий аймагт оршин суудаг Урианхай, дөрвөд, тува иргэдийн дийлэнх нь төрийн албан ёсны хэл болох халх  аялгуугаар сайн ярьж чаддаггүй, эсхүл маш бага хүрээнд мэддэг бөгөөд өөрийн угсаатны, нутгийн аялгуут хэлээр ихэвчлэн ярьдаг. Тэдний хэлийг халх, казах хүмүүс ойлгоход бэрхшээлтэй. Тус аймгийн хэмжээнд монгол хэлээр сургалт явуулдаг сургууль тун цөөхөн байдаг. Аймгийн төвд гэхэд Ахлах 2-р сургуулиас бусад бүх сургуульд казах хэл дээр хичээл явагддаг. Эдгээр нөхцөл байдлын улмаас урианхай, тува, дөрвөд иргэд хууль, шүүхийн өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар нь хомс байдаг, эрх зүйн мэдлэг дутмаг байна. Эрүү, Захиргаа, Иргэний процессийн ажиллагааг халх аялгуугаар явуулдаг, ихэнх байцаалтыг казах хэлээр авдаг учир урианхай, дөрвөд, тува иргэдийг процессийн ажиллагааны явцад өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй болгож байна.
Дээрх үндэсний цөөнх иргэдэд хууль, эрх зүйн ойлголт бараг байхгүй, өргөдөл ч бичих чадвараар хомс, ихэнх нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байна.
Тиймээс энэ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлж байна:
    “Уугуул иргэдийн эрх” нэртэй хууль зүйн зөвлөгөө өгөх төвийг аймгийн төвд байгуулж, 3-4 эрх зүйч мэргэжилтэй залуу боловсон хүчнийг ажиллуулах.
    Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон иргэний хууль,  мөн бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг нийгмийн даатгал, нийгмийн халамжийн багц хуулиуд болон өөр бусад хууль эрх зүйн актуудыг сурталчилж, урианхай, дөрвөд, тува иргэдэд мэдээлэл өгөх.
    Аймгийн төвөөс алслагдсан Алтай, Цэнгэл зэрэг сумдын иргэдэд мэдвэл зохих хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, шаардлагатай үед баримт бичиг боловсруулж өгөх, арга зүйн зөвлөгөө өгөх, ном, гарын авлагаар хангах. Энэ ажилд их дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, ажилгүй байгаа, мэдлэг чадвартай боловсон хүчин, шинээр төгсөж ирсэн залуучуудыг оролцуулж байна.
    Түгээмэл хэрэглэгддэг /худалдах худалдан авах, зээлээр мал эд зүйл авах, бэлэглэл г.м / гэрээний төрлөөр  загвар гэрээ гаргаж иргэдэд үйлчлэх.
    “Хуулийн самбар” гаргаж, урианхай, дөрвөд, тува иргэдийн мэдвэл зохих зүйлүүд, мөн улс болон аймаг орон нутагт болж буй сүүлийн үеийн шинэ соргог мэдээ мэдээллээр сар болон улирал тутамд шинэчилж ажиллах.

No comments:

Post a Comment