2012/01/09

Цаатан (Духа) иргэдийн өв, соёл #3

Баруун Тайга
Цаатангуудын соёл иргэншлийг өнөө хүртэл хадгалж ирсэн том өв бол өөрсдийнх нь орон байр болох урц (өүке) яах аргагүй мөн. Урцыг хэрхэн барих, хаана барих, ямар аргаар барих гээд өөр өөрийн тогтсон дэг жаяг, ёс уламжлалтай байна. Ихэвчлэн нойтон хар модоор мөчрүүдийг өөлөн хийнэ. Үзүүртэй ацтай модыг гол модоо олгон огтлон авдаг. Урц үндсэндээ мод (алаадже) бүрээс (алхе) хоёроос бүрдэх бөгөөд даавуу, арьс, брезентэн бүрээсийг нилээд хожуу (XIX үеэс) хэрэглэх болсон талаар эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байна.
Цаатан ардууд нь 3-4 метрийн урттай, том урц бол 28-32, жижиг урц бол 17-23 ширхэг мод орсон, брезентээр бүрсэн уламжлалт сууцандаа цельсийн нэмэх 31 хэмээс цельсийн хасах 53 хэм хүртэлх цаг уурын нөхцөлд өнөөг хүртэл амьдарсаар байна. Өмнө нь ямар нэгэн ан амьтны болон цаа бугын арьс, модны холтосоор урцаа бүрдэг байсан бол 1970-аад оноос судалгаа явуулж байж, бүх урцыг брезентээр бүрэх болжээ. Нэг урцанд дунджаар 65-75 метр брезент ордог бөгөөд ихэвчлэн дангаар нь бүрнэ. Урцанд эд юмс тавих, гэр орны зүйлийг засах тогтсон хэв, ёс заншлыг хэрэглэдэгээс гадна энэ нь тэдний сүсэг бишрэлтэй холбогдсон ёс суртахууны зүйлүүдийг илэрхийлдэг.
Цаатан иргэдийн өөрийн соёл иргэншлийн гол онцлог баталгаа нь цаа бугатай салшгүй холбоотой.
Нэгэн үе социализмын үеийн цаатангуудыг төвлөрүүлж суурьшуулах гэсэн оролдлого нь цаатангуудын амьдралын хэв маяг, уламжлалтай зөрчилдөж, улмаар тайгыг эзгүйрүүлэхэд хүргэж байсан бол өнөөдөр тэдэнд чиглэсэн ямар ч бодлого, зорилтгүй явж ирсэн нь энэ өвөрмөц амьдралын хэв шинжийг аяндаа мөхөж алга болох аюулд хүргэхээр байна.
Тайгад амьдарч байгаа цаатан иргэд өлөн зөлмүүн байдалд, дутагдаж гачигдах нөхцөлд амьдарч, оршин тогтнож байна.
Цаатан ардуудын олонхиос онцгойрон ялгардаг зан заншил нь:
•    гэр бүл болох хурим найр хийх
•    оршуулгын зан үйл хийх
•    цаа сэтэрлэх
•    ан авд мордох
•    урц гэрээ барих
•    нүүж суух зэрэг төрөхөөс эхлээд жам ёсоор хорвоог орхих үе хүртэл амьдралын хугацаанд давтах үйлүүд болно.
Цаатан ардуудын амьдралын хэв хэвшил дотор эртний овгийн байгууллын үеийн улбаа өнөө хэр хадгалагдсаар ирснийг тэдний зан үйлийг судалдаг гадаад, дотоодын эрдэмтэд ажиглан мэдээлж байна. Тухайлбал, 2002 онд зүүн тайгын 10 өрхөд хийсэн судалгаагаар тэд хүнсээ (махаа) ав адилхан хуваан авч, яг нэг өдөр хүнсээ дуусгаж байгаа жишээ болно. Мөн нас барагсдаа оршуулах зан үйлэнд ч их эртний хэв шинж хадгалагдаж байгаа юм. Цаатан ардуудын эд өглөг, хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, эдийн соёлын бүхий л өв уламжлал нь өнөөдөр бараг бүрэн устан үгүй болж байна. Тэд орчин үеийн шаардлагаар арьсан гутал, богцноосоо аажим салж байгаа шигээ хэл соёл, зан заншлаа мөн бөхөөн орхиж байна.
Социализмын үед “Орон нутгийг судлах музей” байгуулсан байсан нь цаатан ардуудын соёл заншлыг олон нийтэд сурталчилах, ирээдүй хойч үедээ энэ өвөрмөц амьдрал, зан заншлыг хадгалан үлдээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Гэвч одоо энэ музей хаагдаж, дотор нь байсан зарим үнэт үзмэрүүд байхгүй болсон байна. Үүнийг дахин сэргээн засварлах, ашиглалтанд оруулах, байнгын ажиллагаатай болгож аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох асуудлууд тулгамдаж байна.
Цаатан ардууд нь бөөгийн шашин шүтсээр ирсэн. Социализмын үед бөө буух, удган (удгаан) зайран тодруулах нь хязгаарлагдмал байсан ч тэд шашин соёлоо хадгалсаар ирсэн. “Цаатан бөө нь дархад бөөгийн мөргөлтэй агуулга хэлбэрээрээ бараг адил. Гэхдээ эртний шинж, агуулга ёс дэглэмийг нэлээд хадгалсан, буддын шашны нөлөөнд ороогүй өвөрмөц шинжтэй байна” гэж С.Бадамхатан тэмдэглэжээ.
Цаатан ардуудын өрх бүр урц гэрийн хойморт эцэг дээдсийн нь сүнс сүлд шингэсэн онгод шүтээнээ гэрт эд зүйлс байрлуулах ёс жаягийн дагуу залсан байдаг. Харин нэг овог удмын цаатангууд өөр өөрийн тахиж шүтдэг онгон газар байдаг бөгөөд жилд 1-2 удаа очиж тахиж шүтэх ёс байдаг.
Цаатангууд тува, монгол хэлээр ярьдаг. Сумын дунд сургуульд тува хэлтэй боловсон хүчинг бодлоготойгоор бэлтгэж байсан байна. Одоо сумын 9 жилийн дунд сургуульд нийтдээ цаатан 135 хүүхэд суралцаж байна.
Мөн тус сургуульд Тувагаас мэргэжилтэн багш нарыг урьж сумын дунд сургуульд тува хэлний хичээл орж байсан. Тухайн үед цаатан хүүхдүүдэд тува хэл бичиг зааж байсан энэ сайхан уламжлал одоо алдагджээ.
Цаатан ардууд өнөөгийн байдлаар тува хэлээ зөвхөн хоорондын харилцааны түвшинд л эзэмшсэн, ялангуяа хүүхдүүд тува хэлээр энгийн хэдэн үгээс цааш мэддэггүй байна. Дунд сургуульд тува хэлийг үзэхгүй байгаа нь төрөлх хэлээ мартахад хүргэж буйд ахмад хүмүүс сэтгэл нь ихэд эмзэглэж явдаг ажээ. Хэсэг цаатан ардын төлөөлөгчид төр засгийн удирдлагууддаа эх хэлийг нь дунд сургуулийн сурагчдад оруулдаг болгохоор хүсэлт уламжилж байсан бөгөөд 2003 онд тус коммисоос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд БСШУ-ны сайдын 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр”-ийг батлуулсан байна.

Цаатан иргэдийн талаар илүү ихийг тайлан илгэлээс бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛ 2009

No comments:

Post a Comment