Эва Шүбэрт (Монгол улсын Ховд их сургууль)
1. Алтайн магтаалыг судлах хэрэгцээ
Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Тууль хайлахын өмнө туульч, сонсогчдын бэлтгэл болж хэлэгддэг энэ магтаалыг судлах нь монгол ардын баатарлаг туульсын судлалд чухал байр эзлэх ёстой. Монгол ардын баатарлаг туульсыг сурвалжлан тэмдэглэх судалгаа одоогоос 200 жилийн өмнө эхэлсэн гэж үзэж болно. Энэ хугацаанд Монгол, Орос болон бусад гадаад эрдэмтэд судлаачид туулийг судлахдаа заримдаа Алтайн магтаалыг онцгойлон дурдаж, улмаар монгол судлаачид үүнд илүү анхаарал тавьж, Алтайн магтаалын байр суурийг тэмдэглэн, хэд хэдэн хувилбар ялгаж гаргасан боловч өнөө хүртэл Алтайн магтаалыг дагнаж судалсан эрдэм шинжилгээний бүтээл бидний судалгаанаас үзвэл нийтлэгдээгүй байна.
Монгол тууль судлалын зарим асуудал, 1999, (1) гэсэн номдоо тууль судлаач Б.Катуу “Энэ талаар дагнасан судалгаа өнөө хэр хийгдээгүй...” харин “тууль судлагчдын бүтээлд анхааран тэмдэглэсэн нь мэр сэр тааралдана” гэжээ. Энэ үг одоо хүртэл Алтайн магтаалыг судалсан байдлыг тодорхойлж байдаг. Ном зүйгээс үзсэн ч, эрдэмтэн, судлаач, багш нараас сурагласан ч дээрх дүгнэлт батлаглаж байлаа. Ийм учраас олон судлаачийн бүтээлүүд болон бусад эх сурвалжаас олдож байгаа мэдээллийг цуглуулж, эмхтгэн цэгцэлж, дүгнэлт гаргах болон нийтэд таниулах нь аман зохиол судлалын маш чухал үүрэг гэж үзэж байна.
Алтайн магтаалыг судлах хоёр гол эх сурвалж байдаг: нэгд, туулийн судлал буюу туулийг судалсан ном, эрдэм шинжилгээний бүтээл, туульчдаас авсан бичмэл болон соронзон хальсанд буулгасан тэмдэглэлүүд, хоёрт, монголын ерөөл магтаалыг судалсан эх сурвалжууд. Үүнээс гадна орчин үеийн урлагийн чанартай хувилбаруудыг судалж, уламжилж ирсэн шинжээр нь арай эртнийхийг нь тогтоож, харьцуулан судалж болох юм.
2. Алтайн магтаалын тодорхойлолт
Монгол ардын баатарлаг тууль хайлах явдал тогтсон тодорхой дэг журамтай байдаг. Энэ нь нэг талаас туулийн эртний уламжлал, нөгөө талаас зан үйлийн чанартай нь холбоотой гэж үзэж болно. XIX зууны үеэс XX зууны хоёрдугаар хагас хүртэлх үеийн нэрт туульчдын хувьд тууль зөвхөн урлагийн бүтээл байхаар зогсохгүй тууль хайлах нь хайлуулж байгаа айлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд заримдаа тухайн айлд туссан бэрхшээл зовлон арилгахаар туульчийг дуудан тууль хайлуулдаг байжээ. Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно.
Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэж хэлнэ. Бас туульчийн газар нутгаас шалтгаалан зарим нь Алтайн магтаалыг “Алтай хайлах”, “Туулийн оршл магтаал “, “Алтайг магтах”, “Баян Алтай”, “Алтай уулын магтаал” зэрэг янз янзаар нэрлэж зарим газарт харин “Алтай Хангайн магтаал”, Хангайн магтаал”-ыг хайлдаг. Мөн магтаал гэдгийг “тухайн дүрслэгдэхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг” гэж Ш.Гаадамба, Х.Сампилдэндэв нар Монгол ардын аман зохиол , 1988 (2) гэсэн номдоо тодорхойлсон байдаг. Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг. Үүнд Алтай хайлах хоёр янзын хоолой байдаг бөгөөд “өндөр хоолой” гэдэг нэг дээр нь дуугаа маш түрэлттэй гаргадаг учир туульчаас хүч их шаарддаг байхад “нам хоолой” гэдэг нь энгийн дуулах байдалд илүү ойролцоо бөгөөд хайлахад биед арай амар байдаг ажээ.
3. Алтайн магтаалын зорилго
Алтайг магтах явдал нь байгаль эзэнгүй биш, ямагт эзэнтэй байдаг, энэ эзэдтэй хүмүүс бид харьцдаг, тэд бидний амьдралд нөлөөлдөг гэсэн ойлголтод дээр үндэслэдэг.
Туульч Б. Уртнасантай хийсэн ярилцлагад түүний хэлсэн нь:
“Тэгвэл Алтайн арван гурван цав цагаан уул гэж байна. Алтайн арван гурван цав цагаан уулсыг ахалж байдаг арслан - ? – цагаан уул гэж байна....Алтайн эзэн өнө үргэлжид үүрд мөнх 25 настай байдаг Алиа хонгор гэдэг эзэн байна. ...гэж үздэг. Алиа хонгор гэдэг эзний ажил явдал явуулж дамжуулж өгдөг уулын эзэн Уваа гүнчид байдаг. Энэ хоёр ... энэ алтан дэлхийг зохицуулж өгдөг. Нэг нь Алиа хонгор, нэг нь түүний үүрэг гүйцэтгэгч, өөрөөр хэлбэл доод тушаалыг гүйцэтгэгч хүнийг уулын эзэн Уваа гүнчид гэж байдаг учиртай. Ингэж өөрөөр хэлбэл Алтайн эзний доор таван мөч савдаг гэдэг юм байна. Энүүгээр дэлхий бүрдэж байна. ...гэж байна. Зуд турхан болсон ч эд нар хариуцна. Цасан шамрага болсон шуурганд аюул аваар гарсан ч эд нар мэдэж байна. Тэгэхлээр Алтайн магтаал гэдэг бол аюул аваараасаан уучилж өршөөж яваасай гэхийн тулд Алтайн магтаалыг магтдаг учиртай. Алтайн магтаалыг магтаад сүүгээн өргөөд сангаан тавиад залбирал гэдэг (одоо) хүний оюун санаа нь хийж – хэлж л байна уу даа. Тэрүүндээ бодох санадгаа бодоод Алтайгаа магтаж дуусгачихаад тэгээд баруун монголын баатарлаг туулийг хэлэх учиртай.” гэлээ. (3) Алтайн магтаал хайлах явдал нь хэд хэдэн зорилготой байдаг бөгөөд үүнийг олон талаас үзэж болох юм.
1. Хамгийн энгийн ойлголтыг авч үзвэл С.Дулам, Г.Нандинбилэг Монгол аман зохиолын онол, Х.234 (4) гэсэн номдоо тодорхойлсон “эх нутгийнхаа байгалийн гоо сайхныг бахдан дуулах гоо сайхны учир холбогдолтой” байхад оршино.
2. Түүхийн буюу гарал үүслийн үүднээс ялангуяа Урианхай уламжлалд туульчид голдуу анчид байсан учраас анд явахдаа Алтай уулсыг магтаж уулын эзэд лус савдгийг баясгаж тэднээс ивээл хишиг өөрөөр хэлбэл ангийн сайн олз гуйсан үйлдэл байна. Үүнийг гарал үүсэл гэдэг хэсэг дээр илүү дэлгэрэнгүй үзье.
3. Энэ зан үйлийн чанарыг цаашаа дэлгэрүүлж судлахад хүрээлж байдаг сүрлэг сайхан Алтай уулс, хүн төрөлхтөн, амьтан ургамлыг тэжээж ивээн, хэрэгцээтэй бүх зүйлсийг хайрладаг, муу бүхнээс хамгаалдаг гэсэн ойлголтоор бүх хүн амьтныг тайван сайхан, амар тайван байлгах, өвчин зовлон тохиолдоход “Алтай магтахад бүх юм сайхан болдог” (Монгол тууль судлалын зарим асуудал, Б.Катуу, 1999) гэж үздэг юм байна. Тийм учраас Алтайн магтаал зөвхөн оюуны хэрэгцээг хангах биш амьдралд хэрэгцээтэй байсан. Харин зарим туульчид бас Алтай магтаж мэргэ тавьдаг байсан гэж туульчид хүүрнэдэг.
4. Тууль хайлахад Алтайн магтаал товшуурын аяыг дагаад туульч хоолойн зөв өнгөнд ороход туслахаас гадна магтаалыг хатуу дэглэмтэй хайлдаг тул сонсогчдыг ч гэсэн тууль сонсоход бэлтгэдэг. “Алтайн магтаалыг хайлахдаа туульч малгайгаа авахгүй, суудлаа өөрчлөхгүй, дунд нь ямар нэг зогсолт хийхгүй, үзэгч сонсогч нараас ямар нэгэн чимээ гаргахыг хориглодог байна. Алтайн Эзэн Алиа хонгор ирэхэд гадна болон гэрт сан тавиулж, цацал өргүүлдэг.” (14) Иймээс туулийг анхааралтай сонсох уур амьсгал сонсогчдын дунд бий болдог юм.
4. Алтайн магтаалын агуулга
Алтайн магтаалын агуулга гэвэл Алтай уулсын сайхан байгаль, тэнд амьдардаг бүх ан амьтан, ургамал жимсийг төрөл төрлөөрөө, хад асгын янз бүрийн хэлбэр, рашаан булаг, ашигт малтмал, ер нь бүх баялгийг нь бишрэн магтаж байхдаа тодорхой дэс дараа, тогтолцоотой бөгөөд тухайлбал дөрвөн зүг, дөрвөн талаас нь үзэж магтах, дээрээс эхлээд доод хэсгийг нь хүртэл магтах, дөрвөн улирлын байдлаар салган ангилж магтдаг юм. Хувилбараас шалтгаалан маш олон эсвэл цөөхөн бадагтай, бадгийн хооронд давтагдах түрлэгтэй, үүнд “Баян буурал Алтай минь ээ” зэрэг байдлаар шууд Алтайд хандан Алтай уулс минь ер нь ийм сайхан, бүх хүмүүсийн хэрэгцээг хангаж, бүгдийг сайхан элбэг дэлбэг, аз жаргалтай байлгадаг гэсэн утгыг илэрхийлдэг. Харин XX зууны ялангуяа Баяд, Дөрвөд туульчдийн хайлдаг хувилбаруудад шарын шашны нөлөө илүү орсон байна.
5. Алтайн магтаалын гарал үүсэл
Алтайн магтаалын гарал үүслийг хэд хэдэн талаас авч үзэх хэрэгтэй. Туультай нягт холбоотой байдаг тул туулийн гарал үүслийн судалгааг дагаад үүнтэй хамт судалж болох юм. Судалгааны сэдвээс тийм ч холдохгүйн тулд энд тууль судлалын хувьд зөвхөн тууль судлаач Б.Катуу багшийн нэлээд орчин үеийн, гүнзгий, бүрэн судалж нийтэлсэн “Монгол тууль судлалын түүхэн тойм”, Аман зохиол судлал XXV-р боть, (5)гэсэн судалгааг дурдъя.
Ерөнхийд нь Алтайн магтаалын гарал үүсэл байгальтай харьцах монгол хүмүүсийн уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншилд хамаарна. Алтайн магтаал маш эртнийх учраас зөвхөн соёл урлагийн чанартай биш, хүмүүс байгальтай харьцан зохицох, байгаль болон байгаль доторх, байгалийг захирдаг ер бусын бодьгал эздээс хишиг гуйж, ямар нэгэн ашиг гаргах, эдгээрийн уур хилэнгээс өөрсдийгөө хамгаалах явдлаас үүсэлтэй гэж ойлгох нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эхний зорилго нь зан үйлийн хүрээнд оршиж байна.
1. Бичиж тэмдэглэсэн анхны хувилбар Үүсэл гарлын судлалд бичгээр тэмдэглэсэн анхны хувилбарыг олох, үүнээс цаашаа илүү эртний хувилбарыг хөөн мөрдөх нь их чухал байна. Үүнийг энэ судалгаанд хараахан гаргаж амжаагүй явна. Жилхэр туульчийн хайлсан Алтайн магтаалын хувилбар байдаггүй гэснээс үзвэл Б.Уртнасан туульчийнх одоо хүртэл тэмдэглэгдсэн хувилбараас нэлээд эртнийх байна.
2. Алтайн сангууд Алтайн магтаалын бичмэлээс эртний Алтайн сан гэсэн тэмдэглэлүүд байдаг. Алтайн сан гэдэг нь бол Алтайн уулс, эдгээрийн эздэд хандсан залбирал юм. Үүний дунд анд явахад сайн олз олохын төлөө тавьдаг сангууд байдаг. (Арван гурван Алтайн ариун сангууд, Ж.Цолоо, 1999) (6) Ан амьтдаар баян Алтай ууланд очоод ан хийхээсээ өмнө уулын эзнээс (лус, савдаг) зөвшөөрөл гуйх, амьтны амийг тасалж байгаа учраас өчил хүлцдэг. Энэ уламжлал анчин-түүчин соёл иргэншилтэй олон үндэстэнд байдаг. Тууль судлаач Ж.Цолоо Алтайн магтаалыг Алтайн сангуудаас гаралтай бололтой гэсэн санал дэвшүүлсэн. Үүнийг судлахын тулд Алтайн сангуудын эртний хувилбаруудыг олоод Алтайн магтаалтай харьцуулах хэрэгтэй.
3. Гарал үүслийн тухай домгууд Алтайн магтаал анх яаж үүссэнийг тайлбарлах домгуудыг туульчид хэлдэг бөгөөд туулийн судлаачид ч тэмдэглэсэн байдаг. Одоо хүртэл бидэнд хоёр хувилбар олдоод байна. А. Нэгэнд нь анчин, үзмэрч, туульч гурав Алтайн ууланд анд явж эхлээд ямар ч амжилтгүй байгаад туульч нь Алтайг магтан Алтайн эздийг баясгасны улмаас тэд ангийн сайхан олзтой болдог. (Монгол тууль судлалын зарим асуудал, Б.Катуу, 1999). Үүнийг тууль судлаач Б.Катуу багш С.Чойсүрэнгийн хүү Батчулуунаас тэмдэглэж авсан. Энэ домгийг бас судлаач Ж.Цолоо Б.Авирмэд туульчаас 1971 онд тэмдэглэн авч, мөн туульч Б.Уртнасангаас миний бие 2007 онд тэмдэглэн авчээ. Б. Хоёрдах домогт нэгэн туульч тууль хайлах гэж байхдаа Алтайн уулын эздийг хилэгнүүлнэ гэж айгаад хайлахаасаа өмнө хэлэх магтаалыг зохиожээ. (Монгол тууль судлалын зарим асуудал, Б.Катуу, 1999, 12)
6. Алтайн магтаалын хувилбар
Туульчид Алтай магтахдаа тууль хайлахтай адил бие биенээсээ үгчлэн давтаж сурдаггүй, харин өөрийнхөө уран сэтгэмж, урлагийн дүрслэлээр Алтайгаа магтаж, туульч бүрийн хайлдаг магтаалууд хоорондоо агуулга, уран сайхны дүрслэл, найруулгын хэрэглүүрүүд, хайлахын өнө, хайлж байгаа байдлын хувьд харилцан адилгүй байдаг. Хэд хэдэн туульчийн хувилбаруудыг хооронд нь харьцуулсан бяцхан судалгааг зөвхөн судлаач Б.Катуугийн Монгол тууль судлалын зарим асуудал гэдэг номоос оллоо.
Одоо хүртэл дараах туульчдийн хайлсан хувилбарууд бидэнд олдоод байна:
- Захчин: Туульч Энхбалсан, Ховд аймгийн Манхан сум. Тэрээр эртний, маш өвөрмөц аяаар хайлдаг. (Хэдэн хүнээс авсан аман мэдээ)
Дөрвөд: Туульч Цагаадайн Зодов, Увс аймгийн Бүхмөрөн сум (үүнд шарын шашны нөлөө их байдаг).
(Дөрвөд ардын тууль, Б.Катуу, 1996). Дөрвөдийн “Алтай хайлах” гэдэг бүтэн тууль байна. Үүнийг Б.Цэрэл Алтай хайлах (7) гэдэг номдоо тэмдэглэсэн.
- Торгууд: М.Пүрэвжал (Аман мэдээ)
Урианхай: Жилхэр, Ш.Буян, С.Чойсүрэн, Г.Баатар, Б.Авирмэд, Мэнгэт, Б.Уртнасан, Х.Сэсээр (1, 3, 8, 10, 13)
Халх:
- Баяд: Туульч нар У.Батаа. Лхагва, Лувсан, Пүрвээ. (8)
Увсын туульч нараас:
Г.Хайнзан, З.Дамиа. Ц.Зодов, У.Мунц. (1)
Туульч С. Чойсүрэн настай болсон хойноо Алтайн магтаалыг сард нэг удаа тогтмол хайлдаг байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна. (Б.Катуу, Лха.Туяабаатар)
Баядын туульч нарын хайлдаг “Хан Харангуй” туулийн 7-р бүлэг “Алтай хайлах” гэсэн бүтэн тусгай бүлэг байдаг бөгөөд үүнийг туульчид хүндэлж үзэж, ард нь заавал ерөөл хэлж дуусгадаг. (Монгол ардын баатарлаг туульс, Ж.Цолоо, УБ, 1982, Х.24) гэнэ. (8)
Бидний тэмдэглэж авсан хувилбар:
1. Монгол уран зохиолын унших бичиг, Д.Цагаан, УБ., 1961, Х.5-6 дээр байгаа магтаалыг Монгол ардын зан үйлийн аман зохиол, Х.Сампилдэндэв, 1987, Х.219-221, (9)номоос авсан.
2. Монгол ардын аман зохиолын дээж бичиг, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном, 1967, Х.115-117 дээр байгаа магтаалыг Монгол ардын зан үйлийн аман зохиол, Х.Сампилдэндэв, 1987, Х.216-219, (9) номоос авсан.
3. Туульч Баатарын Уртнасангийн хайлдаг хувилбар
3.1. Алтайн Урианхайн аман зохиол, М.Ганболд, Хувилбар 2, Х.25-31, (10)
3.2. 2007 оны 4 сарын 15нд туульчтай биечлэн уулзаж, комьпютер ба кассетэд хурааж авсан
4. Туульч Мэнгэтийн хайлсан хувилбар: “Алтай уулын магтаал” Алтайн Урианхайн аман зохиол, М.Ганболд, Хувилбар 1, Х.22-25 (10)
5. Туульч Гөлөгийн Хайнзан Дөрвөд ардын тууль, Б.Катуу, (11)
Үүнээс гадна Шинжлэх Ухааны Академийн хэл зохиолонгийн хүрээлэнд Б.Авирмэд туулчийн хайлсан Алтайн магтаалын хоёр хувилбар (1987: 724 /B/-A-1, A:B 1:1, 9:5, 1972: 507 A-1), Ш.Ринчен (1972: 402 B-4), Г.Хайнзан (1975: 534 A-1), Д.Сунгаржав (1987: 581 A-2) нарын соронзон хальсанд хураасан тус тус хувилбар болон бичгээр хоёр хувилбар (4-4-4-18, 5-27-27-37) байдаг.
7. Алтайн магтаалын байр суурь
Алтайн магтаал нь монгол ардын баатарлаг туульстай зайлшгүй холбоотой байхын зэрэгцээгээр онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймээс “Алтайгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэсэн зүйр үг гарсан билээ. Энэ зүйр үг туульчдийн дунд их хэлэгддэг бөгөөд тухайлбал туульч Ц.Зодовоос эрдэм шинжилгээний ажилтан Д.Өлзийбаяр, туульч Б.Уртнасангаас миний бие тэмдэглэн авчээ. Энэ зүйр үг бол Алтайн магтаал нь тууль хайлах ёс заншилтай зайлшгүй холбоотойг батлах гэрч юм.
Алтайн магтаалын утга учир, ач холбогдол нь бидний үзэж байгаагаар эхлээд дан зан үйлийн шинж чанартай байгаад дараа нь тууль хайлахад бэлтгэхэд зан үйл, практикийн холилдсон чанартай болоод өнөө үед дан соёл урлагийн чанар луу шилжиж байна. Гэтэл өнөөдөр ч гэсэн уламжлалыг илүү дээдлэдэг газар нутгаар зан үйлийн чанар нь хадгалагдсан нь таарж байна. Тухайлбал, Алтайн магтаалыг хайлахад дээжийн саванд сүү өргөж, хүж асаах зэрэг зан үйлийг одоо ч баримталдаг ажээ.
Дүгнэлт
Алтайн магтаал бол монголын нүүдэлчдийн соёл иргэншилд хадгалагдсан, эх нутгаа хайрлах сэтгэлгээг илэрхийлдэг, уран сайхны баялаг хэрэглүүртэй, байгальтай харьцах эртний зан үйлийн чанарыг шингээсэн монгол ардын аман зохиолын маш гайхамшигтай, өвөрмөц бүтээл юм. Иймээс үүнийг цаашдаа илүү нарийн судалж, судлалын тойм гаргаж, гарал үүслийг нь тодорхойлох, тэмдэглэж авсан болон одоо хэлэгдэж байгаа хувилбаруудыг ирээдүйн судалгаанд хадгалж хамгаалах, хоорондоо харьцуулах, гадаад хэл рүү орчуулах нь туулийн судлалд зайлшгүй тавигдах асуудал юм.
Номзүй
1. Катуу, Б. Монгол тууль судлалын зарим асуудал, Х.17 – 26, Ховд, 1999
2. Гаадамба, Ш., Сампилдэндэв, Х. Монгол ардын аман зохиол, Х.119хх, УБ, 1988
3. 2007 оны 4 сарын 15нд Ховд аймгиын Дуут сумын иргэн туульч Б. Уртнасантай илтгэгчийн хийсэн ярилцлагаас
4. Дулам, С., Нандинбилэг, Г. Монгол аман зохиолын онол, УБ., 2007
5. “Монгол тууль судлалын түүхэн тойм”, Катуу, Б. Аман зохиол судлал XXV-р боть, Х.31-128, Улаанбаатар, 2003
6. Цолоо, Ж. Арван гурван Алтайн ариун сангууд, 1999
7. Цэрэл, Б. Алтай хайлах, Ред. Гүрсэд, Улаангом, 1964
8. Цолоо, Ж. Монгол ардын баатарлаг туульс, УБ, 1982,Х.24
9. Сампилдэндэв, Х. Монгол ардын зан үйлийн аман зохиол, УБ, 1987, Х.219-221
10. Ганболд, М. Алтайн Урианхайн аман зохиол, Хувилбар 2, Х.25-31
11. Катуу, Б. Дөрвөд ардын тууль, УБ, 1996
12. Катуу, Б. Монгол тууль судлалын зарим асуудалд 1999, Х.18 (Урианхайн туульчид, Ж. Цолоо, Утга зохиол урлаг. УБ. 1972. №46) гэсэн номноос иш татсан.
13. Туяабаатар, Лха., Алтайн урианхайн баатарлагийн туульс, түүний эх сурвалж өвөрмөц шинж, Өлгий, 1995
14. Катуу, Б., Алтайн урианхайн тууль, Улаанбаатар, 2001, Х.5
No comments:
Post a Comment