Гэрэл зургийг Б.Галбадрах |
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийг бүрдүүлж байгаа цаа маллан тайгад амьдардаг уйгар угсааны тува /Духа/ хүмүүс нь Монгол Улсын үндэстний хамгийн цөөнх болно. Одоо бараг Монголжсон гэж хэлж болно. Цөөн тооны ахмад настай хүмүүсийг эс тооцвол хүүхдүүд нь монгол хэлээр ярьж, өөр хоорондоо харилцаж, боловсрол эзэмшиж байна.
Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Тувагийн нутаг хуучин Тожийн хошуу, Тоду, Соён Кыргиз, Ханачи, Маат, Балыкчи, Хуулар овгийн Тува яс угшлын хүмүүс юм. Монголд ойн иргэд цаа буга өсгөн маллаж, хонь малладаг малчидтай зөрчилдөж байдаг тухай Ираны түүхчид 1310 оны үед бичсэн байдаг. Цаатан иргэд нь Улаанбаатар хотоос 1000 гаруй, Хөвсгөл аймгийн төвөөс 300 гаруй, Цагааннуур сумын төвөөс 50-70 км алслагдсан, өндөр ууланд амьдардаг. Тэдний амьдардаг газар нь дэлхийн бөмбөрцгийн хойт өргөрөгийн 52°-60°, уртрагийн 98°-102° хоорондох зайд орших Монгол улсын нутаг дэвсгэрийн хөвдөн бэлчээртэй, ян сарьдаг уулууд юм.
Энд өвлийн улиралд цельсийн хасах 29-53 хэм хүртэл хүйтэрч, зуны улиралд цельсийн нэмэх 12-23 хэм хүртэл дулаарна. Жилийн дундаж хур тунадас нь 320 мм хүрдэг. Хойд талаараа Их Саяны салбар уул 2100-2900 м өргөгдсөн сарьдагуудтай, хамгийн өндөр цэг нь Холбонтой уул далайн түвшнээс дээш 2339.6 метр, Хултраг уул 2862.4 метрт оршдог. Уул нуруунууд нь дунджаар далайн түвшнээс 1200 метр өндөрт өргөгдсөн, эрс тэс уур амьсгалтай.
ОХУ-ын Автономит Тува болон Монголын хил залгаа аглаг их тайгад дураараа нүүдэллэн цаа маллаж, ан аваар амьдарч байсан 53 өрх иргэдийн хүсэлтийг харгалзан 1955 онд Монгол Улсын иргэн болгожээ. Цаатан ардын аж төрлийн байдал, зан заншлын талаар хамгийн ултай судалгаа явуулсан эрдэмтэн С.Бадамхатангийн дурдсанаар 1960 оны байдлаар нийт 574 цаа бугатай 30 цаатан өрх бүртгэгджээ.
Түүнээс хойш цаатан ардууд Монгол улсын иргэний ёсоор өөрсдийн малладаг цаа бугынхаа ашиг шим, ан авын өгөөжөөр амьдарч байгаад нэгдэлжих хөдөлгөөний үед цаагаа нийгэмчилжээ.
Тэдний амьдралыг дээшлүүлэх, сурч боловсроход нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор тэр үед төрөл бүрийн арга хэмжээ авдаг байжээ. Юуны түрүүн тэднийг тайгын бөглүү амьдралаас ангижруулж төвд суурьшуулан байшинд амьдруулах гэсэн оролдлого хийснээс эхлээд тэдэнд зориулж цаа бугын болон загас, ан агнуурын аж ахуй буй эрхэлж хамт олноороо хөдөлмөрөө хоршин амьдрахад чиглэгдсэн алхам хийгдэж, 1985 оны АИХТ-ийн 245 дугаар зарлиг, СнЗ-ийн 26 дугаар тогтоолоор Цагааннуур сумыг шинээр байгуулах шийдвэр гарч 143 өрх, 500 гаруй хүн амтай, 682 цаатай, 2900 толгой малтай, 1,0 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр бие даасан сум болгон байгуулжээ.
Цагааннуур сум 540.8 мянган га газар нутагтай. 319.5 мянган га бэлчээртэй, ОХУ-ын Тува улсын Тува, Буриад, Ханх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумтай хил залган оршдог. Нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь хөвчийн ой, уул тайгаар хүрээлэгдсэн, 23 төрлийн шилмүүст ба навчит мод, модлог ургамал, 44 төрлийн эмийн ургамал, 22 төрлийн үнэртэй ургамал, цэцэг, 10 төрлийн жимс жимсгэнэ, ан амьтны баялаг нөөцтэй, Бярангийн ногоон хашийн үнэт чулуун орд газартай. 2008 оны эцсээр 12,9 мянган толгой малтайгаар бүртгэгдсэн.
Ашигт малтмалын хайгуулаар 3 аж ахуйн нэгж 42938.87 га газар талбай хамарч байгаа нь нийт нутгийн 7.9 хувьд лицензолгогдсон. 75 гол, горхи, 22 булаг шанд, 42 нуур тойром, 2 рашаан, худаг 1 байдаг.
Цаатан ардуудыг суурьшуулах талаар тэр үед хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан байна. Цаатан хүмүүс анх Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын нутагт харъяалагдаж амьдарч байжээ. 1950-аад оны үед Улаан-Уул сумын намын хорооноос цаатан ардуудыг суурин амьдралтай болгох, тайгаас буулгаж ирэх зорилт тавьж тэдэнд зориулан байшин барьж, цаа бугынх нь хоол болох хөвд ургамлыг нь ой тайгаас машинаар зөөж, цаатангуудыг тайгад нь буцааж явуулахгүй барьж байхын тулд харуул манаа хүртэл гаргаж жил орчим байлгасан байна. Гэтэл цаатангууд, цаа буга аль аль нь гундаж, өвчин эмгэг тусах, хөвд ургамлыг нь олж ирэхэд маш их зардал гаргах зэргээс үүдээд Намын Төв Хороонд уламжилж тэдгээр цаатан ардуудыг тайгад нь буцааж байжээ.
Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нууруудаас 1970-аад оноос эхлэн загас агнаж байсан бөгөөд цагаан загасны нөөцөнд тулгуурлан анх Цагааннуур сумын суурин дээр 1942 онд аймгийн идэш тэжээлийн комбинатын харьяа загасны цех байгуулагдан ажиллаж байжээ.
1956 онд Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг Хогорогын аманд загасны үйлдвэр барих үеэр дахин цаатан ардуудыг суурьшуулах ажил хийгдэж эхэлсэн. Энэхүү загасны үйлдвэрийн гол ажилчдыг цаатангуудаас бүрдүүлэх бодлого барьж байжээ.
Энэ үед мориор загас агнуур явуулж 1956-1970 онд 60.3-190.5 тонн, 1970-1980 онд 43.9-158.6 тонн, 1980-1990 онд 40.0-50.0 тонн загас олборлож байсан.
Үйлдвэрийн анхны дарга байсан Батаа “…тэр үед цаатангуудыг загасны үйлдвэрт авч ирж ажиллуулах гэж маших ажил болдог байсан”. Анхны өрх бол Намжилсүрэн гэдэг 4 хүүхэдтэй цаатан эмэгтэй үйлдвэрт ажил хийх болсон. Тэрнээс хойш ихэвчлэн залуучууд нь ажиллах болсон. “…Тэд бол их хөдөлмөрч, цаг агаарын хүйтэнд тэсвэртэй сайн ажиллах хүч байсан, нам засгаас тэдэнд маш их анхаарал тавьж тэдэнд зориулж тус бүр нь 2 өрөө бүхий 30 байшин барьж өгсөн. Мөн жижиг цахилгаан станц, радио, хүүхдийн цэцэрлэг, ясли, бага сургууль зэргийг Цагааннуурт байгуулж өгсөн…” гэж ярьсан юм. Тэр үед загас агнуурын аж ахуйд тайгын цаатан залуус бараг бүгдээрээ ажиллан загасчин болж хэдхэн хөгшчүүл тайгадаа амьдарч байв.
ОХУ-ын Астархань хотод загас агнуурын мэргэжил эзэмшсэн Дашдоржийг 1970 онд ирэхэд тайгад О.Цэвэг, Эрэгсэл, Жамбадорж, Гомбосэд, Самдан, Эрэнцэн, Чаришхан нарын 7 өрх л үлдсэн байв.55 Энэ нь залуусыг зохион байгуулалттайгаар ажилчин болгож байснаас болж их тайга эзгүйрч цаатан цөөнхийн хувьд устаж үгүй болоход хүрсэн үе байв. Тухайн үед нийтдээ 190 гаруй ажилчидтай, 2 бригадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
Дээр нэр дурдсан цаатан ардууд бол өөрсдийн уламжлалт зан үйл, хэл соёл, цаатай холбоотой нүүдэл суудал, аж төрлийн хэвшлээ хуучнаар нь хадгалж ирсэн хүмүүс байжээ. Энэ хүмүүсээс эрдэмтэн С.Бадамхатан, профессор О.Сүхбаатар, доктор Ж.Саруулбуян, судлаач Г.Аюурсэд нар цаа буга, цаатангийн тухайд сонирхолтой судалгааны материал цуглуулжээ. Социалист системийн жилүүдэд Монголын цаатан ардууд нийгэмд хөдөлмөр эрхлэх, ан авыг төлөвлөгөөтэй авлах, цаагаа эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах нь тодорхой бодлогоор зохицуулагдаж байв. 1962 оноос загасны үйлдвэр нь агнуурын аж ахуй болон өргөжиж загас, ойн булга агнах аж ахуй эрхлэн жилд дунджаар 350-500 ширхэг ойн булга агнан улсад нийлүүлж байсан баримт байна. Хоёр удаа 1000 цааны баяр ёслол тэмдэглэсэн түүхтэй. 3 дахь удаагийн 1000 цааны баярыг 2010 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар сум орон нутгийн удирдлагууд төлөвлөж байна.
Энэ цаг үед цаатангуудад өвлийн дулаан хувцас олгох, өндөр настнуудыг үнэгүй хооллох, тайгад амьдарч байгаа өндөр настнуудад тэтгэвэр олгох, цаа буга малласны хөлсийг бусад малынхаас харьцангуй өндөр тогтоон, хүнсэнд нь зориулан бусад малын мах өгч байсны зэрэгцээ сар тутам өрх бүрт 210 төгрөгийн тэтгэмж олгох зэрэг ажил хийгдэж байжээ. Түүнээс гадна цаатан боловсон хүчнийг бэлтгэх бодлого барьж, ОХУ-ын Автономит Тува улсын их, дээд сургуулиудад суралцуулан мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байсан.
Тэр үеийн Парламент болох Ардын Их Хурлын дэргэдэх Залуучууд Үндэсний Асуудлын Комисст үндэстний цөөнхийн асуудлаар тусгайлан судалгаа хийдэг ажилтныг ажиллуулж, цаатангууд дээр жилд тодорхой хугацаагаар очих томилолтыг төсвөөс гаргаж, тэдний амьдралын түвшин, боловсрол, эрүүл мэндийн байдал, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлтийн талаар Комисст мэдээлэл, тайлан бичиж өгдөг байжээ. Энэ нь үнэн бодит мэдээллийг төрийн удирдлагад өгөх, энэ дагуу ажил зохион байгуулахад тус дөхөм болж байв.
2011 оны байдлаар Хөвсгөлийн баруун болон зүүн тайгад нийтдээ 41 цаатан өрх уламжлалт аргаар цаа бугаа маллан амьдарч байна.
Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭЛ 2009
No comments:
Post a Comment