2012/03/22

Монголын нүүдлийн соёл иргэншил дэлхийн соёл иргэншилд гүйцэтгэсэн үүрэг

О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор

Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?
Товч утга: Соёл иргэншлийн нүүдэлчин монгол маяг, монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог шинж, өрнө дорнын орнуудын соёл иргэншилд ямар түүхэн нөлөө үзүүлж, хувь нэмэр оруулсныг тодруулах.

Хүн төрөлхтний соёл иргэншил бол асар баян сан буюу түүхэн дэвшлийн олон үе шат багтаасан их хөлгөн намтар юм. Зах хязгааргүй гариг эрхсийн ертөнцийн нэгэн цаг болсон манай гаригийн тогтоц дээр хүмүүсийн нэмсэн гол зуйл нь түүний соёл иргэншил билээ.
Энэхүү соёл иргэншилд янз бүрийн ундэс угсааны ард түмэн бур өөрийн гэсэн нэрээ оруулж, хувь нэмрээ өргөсөөр иржээ.
Соёл иргэншлийн нуудэлчин монгол маяг гэдэг өвөрмөц бодит хэлбэрийг монголчууд өөрийн нийтээр хэрэглэх ойлголт, томъёоллыг бий болгожээ.
Хүн төрөлхтний аж төрж ирсэн арга замыг ерөнхийд нь нүүдлийн, суурьшмал гэж хоёр хувааж болно. Гэвч энэхүү хоёр янзын арга зам нь бие биедээ харилцан шингэх, дотоод хөдөлгөөний тасралтгүй уйл явцыг ямагт агуулж байв. Тэрхүү нүүдэлчин загварын гол дүр төлөв нь байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлнэ. Байгаль нь унаган төрхөө хадгалах, хүн нь байгаль, мал хоёрынхоо зохистой холбоос байх, мал нь бэлчээрийн шинж агуулах онцлог энд товойн харагдана. Нүүдэл, бэлчээр, мал, малчин энэ дөрвөн нэр, үйл амьдрал туухийн бух хуудсыг, соёл иргэншлийн урт намтрыг бичилцэж хөдөлмөрийн малчин монгол хуваарийг буй болгосныг хүн төрөлхтний хөгжил дэвшлийн аян замд оруулсан нэгэн төрөл хувь нэмэр гэж үзэх бүрэн үндэстэй.
Монголчууд бие даан оршин тогтносоор ирсэн эх нутгийн улс үндэстний хувьд ч уг соёл иргэншлийн нүүдэлчин шинжийг төлөөлж, өнөөг хүртэл төрөлх сонгодог утгаар нь хадгалсаар явна. Хүн хоорондын харилцаа, нүүдлийн аргаар орших нутаг усны хамтын эзэмшлийн соёл, малчин хүн мал хоёрын харилцан шүтэлцэх арга, хүн байгаль хоёрын зохициол, монгол хүний аж төрөх арга ухааны тууштай сонголтын үзэл баримтлал энэ бүхэн өөрийн цогцолбор шинжээр уул сонгодог монгол маягийг бүтээжээ.
Хүн төрөлхтний хөгжилд Монголын нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүргийн тухай асуудал нь 1/Иргэншил судлалын, 2/түүхэн соёл судлалын гэсэн хоёр шалгууртай гэж узэж болох юм. Иргэншил судлаач, соёл судлаачдын бичсэнээс үзэхэд иргэншил материаллаг, соёл оюунилиг, иргэншил хатуу догшин, соёл эсвэргүү зөөлөн, иргэншил хайр найргүй, соёл, хүнлэг энэрэнгүй шинжтэй гэж тодорхойлжээ.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн буюу глобаль хөгжлийн үүднээс үзэх юм бол дэлхийн хөгжилд ХШ зууны үеийн Монголчуудын гуйцэтгэсэн үүргийг нааштай үнэлж болох талтай. Хэрэв хүний нийгмийг нэгэн бүхэл организм гэж үзэж, түүний дотоодод нэгдэх, задрах, төрөх, устах, хөгжих, уруудах зэрэг эсрэг тэсрэг үйл явц хөгжлийн гол хөдөлгүүр нь болж байдгийг бодолцвол Чингэс хаан, түүний залгамжпагчдаас Дорно, өрнө зүгт хийсэн аян дайнууд нь тухайн нийгмүүд дэх хуучирч доройтсон эд эсийн мөхлийг түргэтгэж амьдрах чадвартай эд эсийг нь сэргээж, уул нийгмийг эрүүлжүүлж, чийрэгжүүлж, амьдрах чадварыг нь дээшлүүлсэн гэдгийг гадаадын зарим судлаачид ч тэмдэглэдэг.
Харин уг үзэгдэлд соёл судлалын үүднээс хандвал, тухайн ард түмний олон зуун жилийн турш бүтээсэн соёлын асар их үнэт зүйлсийг бүрэлгэн сүйтгэж, энэрэх, нигүүлсэх хүнлэг ёсны эсрэг үйлдсэн том гэмт хэрэг байсан гэж узэж болно. Энэ талаас нь харвал аливаа дайн ямагт соёлын эсрэг хөнөөлт шинжийг агуулсан байдаг. Зөвхөн Монголчуудын төдийгүй, түүнээс өмнө болон хойно гарсан, түүний дотор орчин үед гарч байгаа том жижиг олон дайн бүгд ийм шинжтэй байсан, одоо ч тийм шинжтэй байна.
Ерөөс хүний нийгмийн урагшлан давших хөдөлгөөн нь өдөлт, хариу хоёрын харилцан шүтэлцээнд урагшлан хөгждөг бөгөөд орших, эс оршихын асуудлыг дэвшүүлэн тавьсан байгаль, нийгмийн хүнд сорилт, өдөлтийн ачаар дэвшил хөгжил гардаг тухай өрнөдийн их сэтгэгчдийн нэг А.Тойнбийн онолын үүднээс түүхийг харахад тал нутгийн "Зэрлэг догшин" нүүдэлчид нэгэн үе Евразийн суурьшмал орнуудын түүхэнд хүнд сорилт, өдөлтийг тулган хүлээлгэж, түүнийг давж гарах арга ухаанд түлхэж, бүтээлч чадлыг нь хурцлан билүүдэж, хөгжлийн өөр шатанд гаргасан нь Монголчууд хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэс болдог.
Дэлхийн түүхэнд Монголчууд хэн бүхний мэдэх маргашгүй үл мөрө гаргасан нь Аргын тооллын өмнө II зууны үед Тев Азийн олон нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэн хүчирхэг төр улсыг байгуулж, энэ том бүс нутгийн соёл иргэншлийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн Хүннүгийн үеэс эх авч, улмаар "Хамаг Монгол", "Их Монгол улс" түүхийн давцан дээр гарч ирсэн үе буюу XIII зууны үеэс оргил үедээ орсон билээ.
Японы эрдэмтэн зохиолч, түүхч Шиба Рёотаро Монголын эзэнт гүрэн дэлхийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар тэмдэглэхдээ:
...XIII зууны Монголын байлдан дагууллын улмаас дэлхийн түүх нэгэн шатаар урагш ахисан гэж бодох нь одоо цагт тун шинэ сэргэг мэт санагдана. Тэднийг үзэгдэж эхлэх хүртэл дэлхий ертөнцөд хагарч бутарсан олон тооны туурга тусгаар, жижиг улс аймгууд л зонхилж байлаа.
Монголчуудын Их байлдан дагууллын улмаас дэлхийд ийнхүү их салхи нэвтэрч, дөрвөн зүг, найман зовхист худалдаа арилжаа дэлгэрч, соёлын үүднээс харсан ч янз бүрийн соёл дэлхийн газар оронд соёлох болж, дэлхий ертөнц эрс өөрчлөгдлөө" гэжээ.
Мөн Монгол хаадын толгойлж байсан Юан гүрний үед Хятадын нийгэм урьд хэзээ ч байгаагүй нээлттэй болж, дэлхийн соёл иргэншилтэй олон талаар хэлхээ холбоотой болсон юм. Энэ талаар Хятадын өөрийнх нь түүхч Хун Юн Бин, Жан зэ фэн нар "Хубилай хийгээд Юан улс" хэмээх зохиолдоо бичсэн нь: "Юан улс ба дэлхийн эл улсын хоорондох харилцааг түрүү төрүүдтэй адилтгавал туйлын ихээр хөгжив. Юан улс өмнөд Сүн улсыг мөхөөсний дараа Юан улсаас дундат азийг дамжин Перс, Арабын орнуудтай түүнчлэн европын Эл улсад хүрэн хуурай зам нээсэн төдийгүй нааш цааш явалцах нь их л өргөжин хөгжжээ.
Өмнөд далай ба Энэтхэг далайн хөвө дагуу улс лугаа харилцдаг усан зам нэвтэрлээ ч их л бадарч эхэлсэн юм" гэжээ.
Монголын эзэнт гүрэн хэмээх нүүдэлчдийн хүчирхэг дайнч гүрэн түүхийн тавцан дээр гарч ирээд Дорно өрнө зүгт аян дайны өргөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь аяндаа дэлхийн бусад улс гүрнүүдийг батлан хамгаалах хучин чадлаа бэхжүүлэх, цэрэг дайныхаа зэвсэг хэрэгсэл, байлдах чадвар, арга тактиктаа яаралтай шинэчлэл хийхэд хургэсэн юм.
Гадаад орны судлаачид, түүний дотор Монголчуудын эрхшээлд байсан орны бичгийн хүмүүсийн нилээд нь Монголын ноёрхлын үеийг бүхэлд нь хараар будахыг чармайдаггүй нь дэлхийн бусад ард түмний түүхэн хөгжилд манай өвөг дээдэс ямар нэгэн хэмжээгээр эерэг нааштай үүрэг гүйцэтгэснийг зөвшөөрөн хүлээсэн хэрэг юм.
Монголын нүүдэлчдийн түүний дотор Чингэс хааны удам угсааныхан дэлхийн соёл иргэншлийн хөгжилд гүйцэтгэсэн үүргийг гүйцэд судлан харуулъя гэвэл өргөн хүрээтэй ажил шаардагдах нь мэдээж. Чингэс хааны удмын Доголон Төмөрийн ач хүү, улс төрийн зүтгэлтэн,  эрдэмт мэргэн Улугбек тэр үедээ дэлхийд гайхуулсан Самарландын алдарт одон орны оргилыг байгуулж, XIII зуунд одоогийн Иран, Ирак, Афганистан, Туркестан зэрэг оронд ноёрхлоо тогтоож байсан Чингэсийн удам Хулагу, Юань гүрний эзэн хаан Хубилай нар эзэгнэн суусан улс гүрэндээ шинжлэх ухаан, соёлыг ихэд хөхиүлэн дэмжиж байсан тухай тэдгээр орны болон гадаад бусад орны түүхчид маргашгүй баримтаар нотолсоор байдаг билээ.
XYI зууны Дэлхийн хамгийн баян, хүчирхэг гүрнийг үндэслэн байгуулж, одоогийн Афганистаны ихэнх, Пакистан, Хойд Энэтхэг 300 шахам жил ноёрхлоо тогтоосон хүмүүс Моголууд байлаа.
Гэтэл "Могол" гэдэг нь хэрэг дээрээ "Монгол" гэсэн үгийн сунжирсан дуудлага гэж судлаачид үздэг. Энэтхэгийн Могол хаадын удам угсааг Монгол хаадын "Алтан" ургаас гарган бичсэн тухай Академич Ш.Бира тэмдэглэсэн байдаг. Их Монголыг үндэслэгч Бабур хаан бол Монгол хаан Төмөрийн үе залгамжлагч бөгөөд түүний үр удмын нэг нь алдарт Тат Махалыг бүээл гэсэн Жахан шах билээ.
Өрнөдийн олонхи оронд дээр үеийн Монголын нэртэй холбоотой юм бүхнийг харанхуй бүдүлэг, харгис хэрцгий хэмээн хараан зүхдэг бол Энэтхэг тийм биш. Монголын үеийн төрийн мэргэн бодлого, засаг засаглал, нутгийн хүнийг албан тушаалд томилж байсан, олон төрлийн шашин мөргөлийг зохицуулан, газар газрын эрдэмтэн мэргэдийг ашиглаж байсан зэрэг өөрчлөлт, шинэчлэлт бүхнийг Монголын Чингэс хааны төрт ёсны уламжлал хэмээн үнэлдэг байна.
Монголын их байлдан дагуулалтын уед Ази, Европ, Ойрхи дорнодын орнуудад үлдсэн монголчууд тэр орныхоо ард түмний соёлд идээшин дасахын зэрэгцээ төрөлх хэл соёлоо ямар нэгэн хэмжээгээр хадгалсаар өдий хүрчээ. Нэгэнт хэл соёлын нь улбаа тасраагүй байгаа бол тэдгээр орны соёлд монгол соёлын хувь нэмэр ямар нэгэн хэмжээгээр байгаа гэсэн үг гэж ойлгож болно.
Монголын нүүдэлчид оршин тогтносон түүхийнхээ бүхий л үеийн туршид арав гаруй бичиг үсэг зохион хэрэглэж ирсэн төдийгүй, анх үүсгэн зохиомжилсон ард түмэн нь өөр соёлд уусан шингэж, уугуул бичгээ орхиж араб бичиг хэрэглэх болсоор олон зуун жил болж байхад тэр орхигдсон уйгур бичгийг хадгалан хямгадаж, эх хэлнийхээ онцлогт тохируулан сонгодог хэмжээнд хүртэл өөрчлөн хөгжүүлж хэрэглэсээр XXI зуунд залгуулсан нь хүн төрөлхтний соёлын түүхэнд оруулсан чухал хувь нэмэр төдийгүй нэгэн зүйлийн гавьяа гэж үзэх бүрэн үндэстэй.
Энэ бүгдээс дүгнэн үзэхэд XIII зууны Монголын нүүдэлчид хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд эерэг ба сөрөг, дэвшилтэй ба харгис хоёр тал бүхий томоохон үүрэг гүйцэтгэсэн үнэн бодитой түүх мөн.
Түүнчлэн Монголын нүүдэлчдийн туулсан их замын гол үр дүн, дэлхийн соёл иргэншлийн санд ямар байр эзлэхийг нэгэн цогц баримт бөгөөд түүнийг хэн ч өөрчлөн эзэгнэх боломжгүй өөрийн монгол нүүр, царайтай соёл иргэншил юм.
Монгол ёс зүйн мэндлэх намба, гэрлэх ёсон, хүнс хоолоо бэлтгэх арга технологи, үр хүүхэд хойч үеэ хүмүүжүүлэх туршлага сургамж, шашин шүтлэгийн онцлог, хүний сэтгэл зүй, үйл ажлын тууштай ноён нуруу зэрэг амьдрал ахуйн олон баримтлал зэрэг нь соёл иргэншлийн түгээмэл санд багтах бүрэн боломжтой.
Дэлхийн их бага ямар ч улс орон, ард түмэн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн их санд том, жижиг алин боловч өөрийн хувь нэмрийг оруулсан, оруулсаар байгаа юм. Түүний дотор монголчууд, малчин удмынхны туулсан зам, хийсэн бүтээсэн, санаж сэдсэн бүхэн цөмөөрөө биш ч гэсэн тодорхой хувь нэмэр оруулсан нь дамжиггүй.
Монгол нүүдэлчид малчдын дэлхийн соёл иргэншилд оруулсан чухал хувь нэмэр гэвэл нүүдлийн аргатай, бэлчээрийн мал аж ахуйг урт удаан хугацаанд эрхлэн аж төрж, энэ явцад олж бүтээсэн зүйлс юм. Үүнийг түүхийн шинжлэх ухаанд соёл иргэншлийн даян дэлхийн чиг хандлагын бие даасан нэгэн чиглэл, нэгэн арга хэлбэр гэж үнэлэх нь зүйн хэрэг билээ.

НОМ ЗҮЙ
1.    Батчулуун Б.     Соёл иргэншил нүүдэл хоёр хосолдог уу?
"Илтовчоо сонин" 1997 № 22
2.    Далай Ч.         Монголын түүх, хамаг монгол улс. УБ 1996
3.    Дашдаваа.С     Соёл ба бие хүн . УБ. 1988
4.    Ишжамц.Н     Төв Ази: Нүүдлийн феодализм, нүүдлийн иргэншил
"Манай монгол сэтгүүл" УБ. 1999. № 2
5.    Марко Поло     Орчлонгийн элдэв сонин УБ. 1987
6.    Намжим.Т     Монголын нуудлийн соёл иргэншил
"Манай монгол Сэтгуул" УБ. 2000 № 3
7.    Сумъяа Б.     Монголын нүүдэлчдийн соёл. Оршихуй, эс оршихуй
УБ1998
8.    Сумъяа Б.        Монголын нүүдэлчдийн соёл УБ. 200
9.    Э.Төмөржав М.     Монголын нүүдэлчин. УБ .1999
10.    Хавх Н.         Монголын соёл иргэншлийн гун ухаан. УБ. 1995
11.    Энхтувшин Б.     Глобалчлал ба соёл иргэншлийн аюулгүй байдал. УБ.2000
12.    Плано Карпини     Монголчуудын түүх. УБ. 1988
13.    Жуковская Н.Л.     Судьба кочевой культуры... Москва 1990
14.    Гумилев Л.Н.     XII-XIII зууны монголчуудын "Нууц ба "Ил" түүх УБ. 1984
15.    Гуревич А.Я.     Историческая наука и историческая антропология ....
Вопросы философии М.  1988 № 1

No comments:

Post a Comment