2011/04/12

МОНГОЛ ТУУРГАТНЫ ГОЛ ШҮТЭЭН “АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”

“АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”

ҮНДЭСЛЭЛ
         Монгол туургатны гол шүтээн Атаа таван тэнгэрийн тахилга гэдэг бол харуй бүрийд ч, харанхуй шөнө ч, гэгээн цагаан өдөр ч хүмүүн заяатны хийморь сэргээсэн хатуу туурайт, халуун хошуут хөх морийг хөх тэнгэр эцгээр дамжуулан Алтайн арван гурван хайрханд хүрч залбирал,тайллага үйлдэхийг хэлнэ.
Монгол туургатан Арван гурван Алтай минь, атаа таван тэнгэр минь өршөө гэж үеийн үед, үрийн үрд, үндэс угсаа бүхнээрээ улбаалан залбирч, тахилга тайллага хиж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Атаа таван тэнгэр нь хүн, байгаль, од гарагийг хүйн холбоогоор холбож, шүтэн барилдуулж байдаг хөх толбот монгол туургатаны гол шүтээн болоод зогсохгүй төрийн их тахилга байсан байна. Ийнхүү монгол туургатан атаа таван тэнгэрийг тахиснаар Алтай Таван Богд хайрхан, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цамбагарав хайрхан, Сутай хайрхан, Хөх сэрхийн нуруу, Хар Азаргын нуруунд тахилгын үр дагавар нэгэн зэрэг хүрч түмэн олон, мал амьтан айх аюулгүй амар амгалан болж, төр улс хүчирхэгжин бадарч байсан түүхтэй ажээ.
Монгол туургатан төрт ёсны уламжлалаар зуны дунд сар буюу нар буцахаас өмнө атаа таван тэнгэрийг тахиж тайлж ирсэн түүхэн уламжлал өдгөө хэдэн зуун жилээр ор тас орхигдосноос атаа таван тэнгэр хилэгнэж байгаль дэлхий, од эрхэс өөрчлөгдөн давж дийлшгүй гай гамшиг олширч, улс гүрэн доройтож, хүн, мал, амьтанд үзүүлэх сөрөг үр дагавар ч жилээс жилд, өдрөөс өдөрт манай гариг дээр нэмэгдсээр байна.
Иймээс Атаа таван тэнгэрийг тахин тайлж, номхоруулан байгаль эх дэлхийгээ шүтэн хайрлах, түмэн олны амь нас даатгах, хийморь сэргээх, эд хөрөнгө бататгах, амар тайван байлгах, Монгол төр улсаа хүчирхэгжүүлэх түүхэн боломж цагаан туулай жилд тохиож байна.

ЗОРИЛГО 
          Монгол туургатны төрт ёсны Атаа таван тэнгэрийн тахилга хийх гол зорилго нь дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт, цөлжилт хуурайшилт, үер ус, ган зуд, газар хөдлөлтийн давж дийлдэшгүй аюултай хилэгнэлийг аргадан тайтгаруулж, түмэн олны юугаар ч сольж болшгүй алтан амь насыг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалан бататгах, эд хөрөнгийг арвижуулах, хийморь сэргээх үр хойчоороо үеийн үед айх аюулгүй, амар амгалан амьдрах үүд хаалгыг нээх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үзэл уламжлал, Монгол туургатны олон үндэстэн ястны мартагдаж алга болсон зан үйл, ёс заншил, урлаг, соёлын өвийг сэргээн Монгол төр улсыг хүчирхэгжин мандуулж, дэлхий ертөнцийг авран үлдээхэд оршино.

ҮР ДҮН
Атаа таван тэнгэрийг төрийн хэмжээнд тахиснаар дор дурдсан чухал үр дүн гарна. Үүнд:
1. Байгаль эх дэлхий сэргэж, түмэн олон эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үзэл улам бүр сэргэж төлөвшихийн хэрээр дэлхий ертөнц гашуун зовлонгоос аврагдана.
2. Монгол төр улс хүчирхэгжин, хүмүүн заяатны алтан амь нас батжиж, эд хөрөнгө арвижин, хийморь сэргэж, үр хойчоороо үеийн үед айх аюулгүй, амар амгалан амьдрах үүд хаалга нээгдэнэ.
3. Монгол туургатны олон үндэстэн ястны мартагдаж алга болсон зан үйл, ёс заншил, урлаг, соёлийн өв сэргэн гарч дэлхийд гайхагдана

Зохион байгуулагч
- Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл
- Баян-Өлгий аймгийн хөгжлийг дэмжих “Харуул Алтайн хишиг сан”
- Чингис хааны дэлхийн академи
- Азийн бөөгийн “Тив дэлхий” холбоо
- Монгол бөөгийн “Голомт төв”

ХАРИЛЦАХ УТАС: 99092643, 99002668
                                         E-mail: haruul.altai@yahoo.com

ХУГАЦАА: 2011 оны 6 дугаар сарын 8-наас 10-ны өдөр
ТАХИЛГА ХИЙХ ГАЗАР: Баян-Өлгий аймгийн Буянт сум, Цагаан салаа, Бортоо нуур


Жич: Атаа таван тэнгэр нь өнгө, утгын дараах бэлэгдэлтэй
            1. Одод хөх тэнгэр - цэнхэр
2. Онгон сүлд тэнгэр - ногоон
3. Эцгийн ачлалт дөчин дөрвөн тэнгэр - хар
4. Эхийн энэрэлт тавин таван тэнгэр - цагаан
5. Амин заяат тэнгэр -улаан

No comments:

Post a Comment