2015/02/10

ЭЗЭН ЧИНГИСИЙН ДӨЧИН ТҮМЭН ЦЭРГИЙГ ТӨВЛӨН ЯВСАН ДӨРВӨН ХӨЛТ АЛАГ ТУГ-СҮЛДИЙГ БАЯН –ӨЛГИЙ АЙМГИЙН БУЯНТ СУМЫН НУТАГТ БҮТЭЭН БОСГОЖЭЭ

2014 оны 6 дугаар сар 03

Монголын хаант төрийн ялгуусан 3 туг сүлдний нэг болох Алаг сүлд нь Монгол үндэстний эрт цагийн язгуурын их шүтээн юм.

Хүрэл зэвсгийн үеэс эртний нүүдэлчид адууныхаа дэл, үсээр туг бүтээн тахин шүтэж байсан бөгөөд энэ нь Монгол овогтнуудыг оюун санаа, эв нэгдлийн хувьд нэгтгэн зангидаж, нүүдэлчдийн үе үеийн хүчирхэг төрт улсуудын сүлд болж байжээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл Сумын Шивээт хайрхан болон, Баянхонгор аймгийн Баянлигийн Бичигтийн хадны зурагнуудад дүрслэгдсэн буй.



МНТ-ны 170-р зүйл: Ван хан Жамухаас асуув. Тэмүүжин хүүд хатгалдах мэс нь хэн хэн буй гэхэд Жамуха Ван ханд өгүүлрүүн “тэнд урууд мангууд гэх иргэн буй өчүүхнээс илд жаданд дадсан иргэд тэд харагч алагч тугтан тэд буй за” гэсэн нь эрт цагийн нүүдэлчин овог аймгууд өөр өөрийн туг, билэгдэл, тамга тэмдэгтэй байсны нотолгоо юм.
Монголын өвөг овог ураанхай нь дарлигин аймгаас гаралтай бөгөөд одоогоос  2700 гаран жилийн тэртээх эргүнэ куны домогт гардгаар Никусомгийн Ураанхайчууд омгоо төлөөлөн чоносын (киян) хамт тэрхүү галыг бадраалцсан түүхтэй баатарлаг дайчин аймаг бөгөөд Уугуул нутаг нь Бурхан халдунаас баруун сибир хүртэл нутаглаж байсан эрт цагийн язгуурын монгол аймгаас өдий хүртэл цулаараа оршин байгаа цөөн овгуудын нэг юм.
Чингис хааны мандуулан тахиж байсан алаг туг төрийн олон хааныг дамжин Лигдэн хааны ордны дэргэд саатжээ. Тухайн үеийн Монгол хаант төрийн зүүнгарын гурван түмний нэгэн болох цорос түмний алагчууд, ширнууд, хорчин, сүргүд, тугчин, янгаад,  өчигүүд, хаучид, ураанхай зэрэг 9 аймгийн иргэд алаг сүлдийг тайж тахих, манаж хамгаалах, залж дэвшүүлэх зэрэг ажлыг журамлан гүйцэтгэж байжээ.
Эдүгээ алаг тугийн уламжлал тасарсан бөгөөд Өвөр монголын отгийн өмнөд хошуунд тахиж байх хавт Хасарын алаг туг, хангин хошуунд тахиж байсан гэх Лигдэний алаг тугнаас өөр уламжилж ирсэн баримт үгүй болжээ.
Алаг туг-сүлдийг сэргээн залах нь улаан залаат түмний цог хийморь, сүр сүлдийг үеийн үед бадраан нэгтгэн зангидаж, халдах дайсныг номхруулан харь элэгтнийг дарах нигууртай бөлгөө. Үүний учир бид энэхүү их шүтээн Алаг тугыг шинээр залан дээдлэсэн бөлгөө.
Алаг сүлдийн сударт оройн гилбэр жад нэг тохой урт, хоёр талдаа долоон бурхан од /дээд 33 тэнгэрийн бэлгэдэл/-ыг сийлсэн байх ба 81 нүх бүхий дугуй царанд хар цагаан адууны хөхөл гурван төө дөрвөн хуруу хэмжээтэй зооглуулж адууны дэлийг онгон ямааны арьсан тасмаар сүлжин тогтоох ёстой, Иш нь арван гурван тохой өндөр хуш мод байх ба гадуураа хар шилбэт улаан торгон дээлтэй байдаг гэж заасан байдаг.
Алаг сүлдийг жилийн 4 улиралд /4 цагийн/ тус тус нэг удаа, /13 жилд нэг удаа бар жилд  догшуулах их тахилга/ тайж тахих бөгөөд тусгай томилогдсон тугчид ёслолыг удирдан гүйцэтгэдэг. Сүлдийн өчигийг цагаан хувцастай, цагаан морь унасан хүмүүн ирж тусгайлан зассан цагаан эсгий дээр мориноосоо буун ирж хоёр гараа алдлан гарын алгыг дээш харуулан бүсээ хүзүүндээ өлгөн чанга дуугаар хэлж айлдана. Өчиг айлдахад бүх эрчүүд бүсээ тайлж хүзүүндээ өлгөж гарын алгыг дээш харуулан тэргүүнээс дээш  өргөж сөгдөн сууна.

Богд алаг тугийн өчиг
Дээд 33 тэнгэрийн заяагаар үүдсэн
Хоёр их тэргүүт үлгэрээр босгосон
Бодончир цэцэн хаанаар үүтэгсэн
Боржигоны тэмдэг Богд алаг сүлд
            Хайртайг хардаг гэж тунгааж байгуулан
            Хатууг баяртай гэж тунгаан соёрх
Дээр их хар сүлд
Ерөнхий хүчлэн явсан
Есөн түмэн цэргийг төвлөн явсан
Дөрвөн хөлт хар сүлд
Найман аймаг цэргийг төвлөн явсан
Есөн хөлт цагаан сүлд
Дөчин түмэн цэргийг төвлөн явсан
Дөрвөн хөлт алаг сүлд
            Хадран татах бүр түрхрүүлэн өг
            Халдах дайсан бүхнийг хэвтүүлэн өг
            Хүчлэн явахад хүмүүнээр
            Аргал адгуусан шүүс бэлэн гэж
            Заяат заарт сархадыг чинь бэлдэн суунам
Хан ахул ач үр чинь
Хар уулыг зорин мордов
Харьтан дайсан ирэн айсуйд
Харцага шувуу мэт халин явуул
Хар эрээн барс мэт довтолгон явуул
             Өндөр уулыг зорин мордов
            Өштөн дайсныг эрэн хүрэхүйд
Өмөрхсөн бүргэд мэт туулан явуул
Өлөнгөрссөн чоно мэт довтолгон явуул
            Өшөөт дайсныг эцэслэн
            Өлзийт нэр цолоо биедээ оршоосон
Алахын дүрээр мордов
Атаат дайсныг алан өг
Ал начин мэт туулан явуул
Араатан бөртөнжин мэт туулан явуул
Алдаршихийн их нэрийг биедээ оршоосон
Баян хүмүүний ундаан дээр
Баатар хүмүүний хэвтэл дээр учруулан соёрх оо.
            Сүлдийн өчиг айлдсаны дараа сүлдэндээ хор саадаг буюу нум сумны ерөөл өргөнө. Нум сумыг хамгийн өндөр алдар цолтой мэргэн харваач хоёр гартаа тэргүүнээс дээш өргөн барьж сөгдөн суухад ерөөлийг тусгай бэлдсэн ерөөлч өндөр дуугаар хэлнэ. Үүний дараа харь элэгтний хараал зүхэл, хар хэл амнаас хамаг олноо хамгаалах, муу бузар бүхнийг зайлуулахыг бэлэгдэн бор бярууны арьсаар хийсэн хүүхэн хэлний дүрсийг зэвт сумаар харваж домын ёс үйлдэнэ.
Сүлдийн тахилгад ирсэн олон түмэн айл саахалт, аймаг сум, төрөл төрөгсдөөрөө  сүлдэндээ өргөл өргөх /тавиг тавих ёслол/ бөгөөд тугчид даатгалын ерөөл алдаж сархадыг тусгайлан бэлдсэн хундаганд хийж туганд өргөх бөлгөө. Сүлдэнд идээ шүүс, цагаан идээ, жимс амттаны дээж өргөж арц хүж үнэртүүлэх ёстой. Мөн эрчүүд зэр зэвсэг /нум сумаа агсаж, буу үүрч сэлэмээ зүүж/-ээ авч очино. Энэ нь алаг сүлд нь эр цэргийн сүлд, цэрэг дайны туг, эр хүний хийморийн бэлэгдэл гэдгээс улбаатайг харуулж байна.
Сүлдийн гадуур есөн алд урт, есөн алд өргөн, таван тохой өндөр шивээ хүрээтэй  байжээ. Сүлдийг 4 зүгийг сэргийлэгч, амар тайвныг батлагч, хар бурууг үл оруулагч  4 хүчтэн амьтнаар /дөрвөн хөлт гэхийн учир үүнтэй холбоотой/ хамгаалуулсан байна. Энэхүү амьтан нь ой тайгыг сахигч баавгай, хээр талыг сахигч чоно, хотыг сахигч  нохой тус бүрийн шинжийг биедээ шингээсэн ХАР ХУЛЗАТ  хэмээх эртний домогт амьтан болой.
Тус аймагт босгосон Алаг сүлдийг аймгийн бүх  сумын монгол өрхийн цагаан, бор азарганы дэлээр бүтээв. Сүлдийн ишинд нэг талдаа эртний монголчуудын шүтээн Эрчу шувууны  дүрс / Өвөг сүлд-дээд язгуур  сүлдний эртний дүрслэл/  нөгөө талдаа 2 их тэргүү /үхрийн 2 эвэр/  бүхий хөх өнгийн, гурвалжин хэлбэртэй  арьсан тугийг байрлуулжээ. Энэ нь төрийн хүн болон төрд зүтгэгчдийн бодол санаа шулуун тэгш байхын бэлэгдэл амой. Эрчү шувууны 3 титэм, 5 салаатай далавч, 6 салаатай сүүл, сарвуу, 7 хошуу од зэрэг нь бүгд өөр өөрийн бэлгэдэлтэй бөлгөө.
Алаг сүлдийн цээр нь:
Тайлга тахилгад оролцогчид архи уухгүй
100 алдын газрын эргэн тойронд нь архи ууж болохгүй
Харь хүн орж болохгүй
Үхсэн буюу сард суугаа хүний дэргэд очсон хүн зуу хоногоос нааш орж болохгүй
Ийнхүү Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг уулын энгэрт босгосон Алаг туг нь  монголчуудын соёлын их өв бөгөөд  ёс уламжлалын аль ч  талаасаа сэргээн мандуулж уламжлан сэргээж, хүндэтгэн авч явах язгуур шүтлэг зайлшгүй мөн. Туг сүлдийг шүтэх, тахих зан үйл нь Монголчуудын баатарлаг түүх, төрт ёсоо дээдлэн хүндэтгэх уламжлалт билэгдэл төдийгүй эв нэгдэл, үндэсний бахархалт нүүдэлчин Монголчуудын уламжлан ирсэн нандин өв соёл юм.
Мянган билгүүнт түмэн хорт
Богд алаг сүлдийн гэгээн
Авралдаан авч адислан гийгүүлж хайрла
Хишиг буяныг тогтоон батлаж
Цаг муусыг  үзэл үгүй
Цаг бусын хорлол үгүй болгож
Алдар нэрийг түгээмэл болгож
Алтан оосрыг гурамсан болгож
Ач үрийг тань өрнөн дэлгэрүүлж
Гүн их цолтой
Хүнд их хишигтэй
Барьсан ташуур бат
Унасан унаа мэнд байж
Богд эзэн Чингис хааны Алаг сүлд тэргүүтэн нөхөд лүгээ сэлт
Хүчин учрал өмөг лүгээ сэлт  эс энэ оронд   орших болтугай.


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УРИАНХАЙ ДӨРВӨД ТУВА ИРГЭДИЙН
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО


No comments:

Post a Comment