2012/11/05

Урианхайн бөх Жумаг

Нутгийн буурлууд Жумаг нэртэй, нутаг усандаа дуурсагдсан бөх хүн байсан тухай домоглон ярьдгийг их сонсож байснаас тодорхой юм тэмдэглэж авч байсангүй. Харин интернэтээр хайлт хийж үзэхэд http://news.undesten.mn вэб сайт дээр нэгэн домог байхыг блог уншигч та бүхэндээ шууд хүргэж байна.
Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Булган сумдын нутгийн заагт Булган голын хавцлын зам дагуу орших Жумагийн шархал чулуу



Энэ чулууг Жумаг өргөж тавьсан гэдэг



Урианхайн бөх Жумаг

Эрт цагт баруун монголын олон ястны дунд хүч чадал, бяр тэнхээгээрээ гайхагдан явсан эрчүүл олон ажээ. Үүний нэг нь баруун аймгийн олонд алдаршсан Урианхайн бөх Жумаг юм. Угийн ядуу Жумаг амьдрахын эрхээр Урианхайн амбаны адуу мал хариулан бага залуу насаа өнгөрүүлэхдээ амбаны харгис хатуу, шударга бус байдлыг биеэр мэдэрч өсчээ. Жумаг 20 насандаа нэгэн жил Урианхайн хошуу наадамд барилдаж шөвгийн дөрөвт амбаны 3 бөхтэй үлдээд, тэднийг цувуулан хаяж түрүүлэхэд халзан толгойтой, үрчгэр царайтай, хатангир биетэй өвгөн амбан ихэмсгээр ширвэн харж: "Үзүүрийн хоёр бөхийг дахин барилдуул" хэмээн тушаажээ. Дахин барилдахад Жумаг амбаны бөхийг хоёр гарын үзүүрээр өргөж, асрын өмнө ирж ар нуруугаар нь тавиад буцахад наадамчин олон Жумагийн хүч чадалд бишрэн гайхаж шуугилдан байв. Тэр үед Урианхай болон баяд, өөлд, дөрвөд, торгуудын олон хошуунд Жумагийн зодогноос барих хүн байсангүй. Тэрбээр нэг удаа арван нэгэн сарын үед айлын идэш дээр очиход нас бие гүйцсэн амбан  шар төхөөрч байжээ. Шарын мах эвдэж байтал хоёр морьтой хүн ирж мэнд усаа мэдэлцэн хүмүүсээс "Танай энүүгээр чөдөр чиргүүлсэн хээр  морь өнгөрсөн үү" гэж асууж гэнэ. Байсан хүмүүсээс үзсэн хүний дуу гарсангүй. Тэгтэл шарын гуя салгаж суусан Жумаг: "Өглөө тэр доор цагаан түнгийн цаана хойд хөлөндөө чөдөр чиргүүлсэн хээр морь байсан" гэж салгасан шарын гуя нэг гартаа бариатай чигээрээ заасан гэнэ. Энэ үед тэнд байсан хүмүүс цөм гайхацгаан бөх Жумагийн бяр чадлыг гайхаж гэнэ.

Жумаг нэг удаа амбаны адуу дамжуулсан хэрэгт баригдан, шийтгэгдэн, хоригдож байгаад хар гэрээс нь оргож, манжийн хааны баруун мужид тэнэж байгаад торгууд вангийн хорьж цагдсан Атны 5  салаа гэдэг уулнаас буга алж, морио чөдөрлөн байж дээр нь тавьж үүрээд бугаа барьсаар уулнаас бууж яваад баригдан торгууд ванд хүргэгдэн иржээ. Ван нэр алдрыг нь асуувал, Урианхайн бөх Жумаг гэж нуулгүй үнэнээ хэлжээ. Тэгэхэд ван: "Чи миний цагдсан газраас ан хийжээ.
Үүнээс хойш битгий энэ ууланд явж байгаарай. Унаган албат минь биш болохоор чамд ял оноохгүй. Харин баруун амбанд мэдэгдэж хэл чимээ ирэх хүртэл хорьж цагдана" гэжээ. Тэгээд "Танай албат Жумаг нь харь газарт хулгай дээрэм хийж, амбан таныг өр төлбөрт оруулж магадгүй" гэсэн зар бичгийг баруун амбанд явуулжээ. Тэд торгууд вангийнхаас Жумагийг авч, монгол шарын арьсаар ширлээд нутгийн зүг эргэжээ. Жумаг замдаа түшмэлээс тамхи татуулахыг хэд хэд гуйгаад өгөхгүй болохоор нь: "Би эзний зарлиг, төрийн цааз хүндэтгээд явж байгаа болохоос чиний гууртай бярууны арьсанд баригдаж яваа юм биш" гэж хэлээд цээж түрж, хөлөө хүчлэн жийхэд, шир нь тас язран урагджээ. Тэгэхэд түшмэл: "Амь өршөө" хэмээн өвдөг сөхрөн унахад: "Би таны амийг гуйгаагүй, тамхи гуйсан билээ" гэж хэлээд тамхийг нь авч татаж байсан байна.
Жумаг баруун амбанд хүрэх замдаа ижилхэн гурван хар чулууг тулга хэлбэрээр байрлуулаад, дээр нь саахалт орчмын газраас том цагаан чулуу өргөж ирээд тавьжээ. Энэ нь одоогийн Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр бригадын нутаг "Өмнө цөөгийн ам" гэдэг газарт буй. Энэ чулуу нь диаметрээрээ 1.10 метр, өндөр нь 1.2 метр орчим, хоёр ширмэн тогоог амсраар нь нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнхий хэлбэрийн чулуу байжээ. Нутгийнхан энэ чулууг Жумагийн чулуу гэж нэрийджээ. Жумагийн ийн баруун амбанд аваачихад, амбан гарыг нь гавлаж: "Чи үнэхээрийн хүчтэй юм бол энэ гавыг эвдэл. Тэгвэл чамайг цаазнаас өршөөе " гэхэд, Жумаг гавтай гарынхаа завсраар өвдгөө оруулж байгаад хүчлэн жийхэд гав тас үсэрч, хугархай нь гэрийн хананы толгойд тусч улмаар хананы мод хугарч байжээ. Үүнийг үзээд амбан "За Жумаг чи үнэхээр хүчтэй юм. Үүнээс хойш харь газар битгий тэнэж бай. Миний албат хошуу нутагт ямар ч хэрэг хийсэн чамд цаазгүй" гэж зарлиг буулган, дархлан тавьжээ. Энэ цагаас хойш Жумаг насан эцэс болтлоо төрсөн нутагтаа амьдарсан байна. Жумаг одоогийн Баян-Өлгий аймгийн хүн бөгөөд 1910 оны орчим амьдарч байжээ.

No comments:

Post a Comment