Баян-Өлгий аймгийн урианхай,
дөрвөд, тува иргэдийн нийгмийн
хөгжлийг дэмжих холбооны
тэргүүн Т. Батсүх
Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар чуулганы төлөөлөгч нөхөд өөдөрвөд, тува иргэдийн нийгмийн
хөгжлийг дэмжих холбооны
тэргүүн Т. Батсүх
Эрхэм хүндэт урилгаар оролцогч зочид оо
Үндэснийхээ түүх, эх хэл, соёл, үнэт зүйлсээ хамгаалах, сэргээн хөгжүүлэх эрхэм зорилгын дор бид дөрвөн жилийн өмнө нэгдэн нийлж одоогийн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан билээ. Үндсэн хуулиар олгогдсон эх хэлээрээ сурч боловсрох, шашины зан үйлээ хүссэн үедээ хэрэглэх, урлаг соёлын үйл ажиллагаа явуулах түүнийхээ үр шимийг хүртэх, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхээ төдий л бүрэн төгс хэрэгжүүлж чаддаггүй байсан тэр үед эв санаагаа нэгтгэн үндэс угсаагаараа нэрлэсэн төрийн бус байгууллагад нэгдсэн нь цаг үеэ олсон чухал шийдвэр, түүхэн үйл явдал байсан.
Үндэстний хувьд тулгараад байсан эдгээр олон чухал эрх ашгийг хөндсөн бодлогын асуудлуудаар манай холбооны тэргүүлэгчид өнгөрсөн хугацаанд тодорхой түвшинд ажиллаж ирлээ.
Хүн амын олонхи төвлөрөн суудаг аймгийн төвдөө бурханы шашны зан үйлийг явуулдаг сүм хийд байхгүйгээс иргэд хамгийн их чирэгдэж бас элдэв лам хуварга гэх өнгөө хувиргасан,ард түмний зовлонгоор ашиг олох гэсэн этгээдүүдийн доромжлолд байнга өртдөг байлаа. Энэ байдлыг хамгийн түрүүнд халах зорилгоор аймгийн төвд газар авч сүм дугана босгосон нь манай холбооны анхны олон түмэнд хүртээл бүхий чухал үйлс байсан. Эхний хоёр жил орчим уг хийдэд лам нар сууж ард иргэдэд тогтмол үйлчилж байсан боловч үүсгэн байгуулахад гар бие оролцсон зарим лам нар сургуульд сурах, өөр аймаг хот руу шилжсэнээс болж одоогооор өдөр бүрийн тогтмол ажиллагаа явуулж чадахгүй байна. Гэвч бидэнд юу ч байгаагүйг бодоход төрд бүртгэлтэй, тамга тэмдэгтэй, банкинд харилцах данстай “ Рашгэмпиллин “ хэмээх хийдтэй болсон. Энэ сүмийг байгуулахад БСШУ-ы сайд асан П. Цагаан, Гаалийн газрын хэнлтсийн дарга асан Ш. Адьшаа, Экос ХХК –ийн захирал Ц. Сособарам нар хамгийн их хандив өргөж буян үйлдснийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Хийдийн тэргүүн лам нь шашны дээд сургуульд өдрөөр сурч сургуулиа төгссөн орон гэр, байрны асуудлаас шалтгаалан энд ирж төвхнөхгүй байна. Баруун монголчуудын дунд хамгийн анх үүсэн байгуулагдсан хамгийн том хүрээ хийд болох Сагсайн хүрээний туурийг хамгаалах улмаар дурсгалын суварга босгох нь бидний өвөг дээдсийн буян заяаг дэлгэрүүлсэн их үйл хэрэг байх ёстой. Энэ утгаар уг хийдийн туурийг сэргээн хамгаалах суварга босгох төсөл, төсөв боловсруулан ЮНЕСКО – гийн Монголын Үндэсний комисст хандаад байна. аймгийн төвийн Рашгэмпиллин хийдийн хүндэтгэлийн хаалга, хашааны төсөв гаргаж Аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бариулахаар 2008 онд аймгийн Засаг даргад уламжилсан боловч шийдвэрлэгдээгүй байна.
Үндэсний уламжлалт ёс заншил, соёл, урлагаа алдсан үндэстэн үндэсгүй ногоо мэт мөхнө. Дахин хэзээ ч сэргэдэггүй гэж нэгэн ухаантны хэлснийг би энд зориуд хэлэхийг хүсч байна.
Манай холбоо анх байгуулагдаж байх тэр үед бидний цөөнхийн язгуурын их урлаг, өв соёлын үнэт зүйлс бараг мартагдан мөхөх аюул нүүрлэсэн байсан. Үндэстнийг өөр бусдаас нь ялгах гол шинж нь өөрийн өнгө төрх бүхий өвөрмөц урлаг, соёлын үнэт зүйлс байдаг. Бидний урианхай дөрвөд тувачууд өвөг дээдсээс
2.
өвлөн ирсэн өөрийн өвөрмөц төрх бүхий язгуурын урлаг соёлын баялаг их өвтэй ард түмэн билээ.
Биднийг үйл ажиллагаагаа эхэлж байх үед морин хуур, цуур, икэл татдаг, тууль хайлдаг хүн аймгийн хэмжээнд байхгүй болж мартагдах түвшинд, магтаал, ерөөл, бий биелэгийн төрөл зүйл үгүйлэгдсэн язгуур шинж нь алдагдсан байж билээ. Тус холбооны тэргүүлэгчид энэ байдалд дүгнэлт хийсний дагуу язгуурын урлагаа сэргээн хөгжүүлэх зорилгоор төсөл бичиж БСШУЯ-нд хүргүүлэн хөөцөлдсний үрээр 2006 онд 3 сая төгрөгийн санхүүжилтийг Соёл урлагийн сангаас авч амжилттай хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд Алтай, Алтанцөгц, Буянт, Өлгий сумдад морин хуур, икэл, цуурын аялгуу эгшиглэн, алдарт тууль хайлж, бий биелэх хүний тоо олшрон хүүхэд багачууд идэвхитэй сурч эхэллээ. Аймгийн төвд морин хуурын бэсрэг чуулгатай болж, цуурч,магтаалч, туульч хүүхдийн тоо нэмэгдэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх бололцоо олгож баруун Алтайн язгуурын их урлагийг дахин сэргээн дэлгэрүүлэх эхлэх тавьсан БСШУ-ны сайд асан П.Цагаан, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёл урлагийн сангийн тэргүүн асан Н. Бямбажав нарт аймгийнхаа нийт монгол угсаатан иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Өвөг дээдсийн уламжлалт язгуурын их урлагийг сэргээн хөгжүүлэх асуудлаар 2008 онд УИХ-ын гишүүн асан А.Муратын шууд дэмжлэгээр аймгийн төвд Баруун монгол ардын язгуур урлагийн сургалт сурталчилгааны төвтэй болов. Энэ төв 6 сая гаруй төгрөгийн ардын болон язгуурын хөгжмийн зэмсэгтэй, бий биелгээ,ардын бүжгийн анги, ардын хөгжимийн анги, язгуур хөгжим урлагийн ангитайгаар үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Монгол ардын хөгжмийн зэмсэг болох ятга, хуучир, шанз, ёочин, лимбэ болон хулсан хуур, цуур, морин хуур, икэл, товшуур зэрэг язгуур хөгжмийн төрөл зүйл уг сургалтын төвд хэрэглэж байна. Олон арван хүүхэд энэ сургалтын төвд суралцах хүсэлтэй байгаа боловч сургагч багшийн орон тоо, шийдэгдээгүйгээс уг төв одоогоор хаалгаа барьж олон сая төгрөгийн үнэтэй хөгжмийн зэмсэг хүйтэн байшингийн нэг өрөөнд хадгалагдаж байгаа нь харамсалтай.
Энэ асуудлаар аймгийн Засаг даргад 2009, 2010 оны эхэнд тус тус 2 удаа хандаж ганц орон тоог аймгийн БСГ-ын бүрэлдхүүнд шийдэж өгөхийг хүссэн боловч шийдэгдээгүй. Энэ үеэр БСГ-т шинээр 5 үндсэн орон тоо гаргаж хүмүүсээ авсан боловч цөөнх болсон нэг хэсэг угсаатныхаа өв соёлын төлөө гэх сэтгэл гаргаагүй.
Аймгийн боловсрол соёлын газартай хамтран Их монгол улс байгуулсны 800 жилийн ойн их байр наадамд 5 морин хуурч, 5 уртын дуучин оролцуулж аймгийнхаа нэрийг гаргаж нүүр тахалсан.
Алтайн урианхайн урлаг соёл спортын наадмыг баруун амбаны Булган, Дуут, Мөнххайрхан сумдын анх санаачилсныг бид үргэлжлүүлэн өөрийн аймагтаа жил бүр явуулж байгаа нь урлаг өв соёлоо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай аймгийн сумдад явагдаж байгаа уг наадмын удирдамжийг боловсруулан угсаатны талаас нь баримтлах бодлогыг тодорхойлон ерөнхий удирдлагаар ханган ажиллаж байна. Тус аймагт явагдсан 3 удаагийн наадмын үйл ажиллагаанд зарцуулсан нийт 20 орчим сая төгрөгийн дийлэнхийг урианхай, дөрвөд, тува түмэн өөрсдийнхөө хандиваар бүрдүүлсэн нь сэтгэл байвал үндэс угсааныхаа төлөө хамтарч хүч хөрөнгө гаргаж чаддагын илэрхийлэл юм. Энэ 3 удаагийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга 2.0 сая орчим төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд Та бүхний өмнөөс талархал илэрхийлж байна.
Холбооны гадаад харилцааг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2006 онд ОХУ-ын Халимаг, Тува, БНХАУ-ын Алтай аймгийн үндэс угсаа нэгтнүүдтэй холбоо тогтоон ажиллаж байна. Халимаг улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Люджеевич, болон Алтайн хязгаарын Аюулаас хамгаалахын сайд, хошууч генерал Валаев Ю.К нарыг 2006
онд урьж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан. Тува улстай боловсрол соёл урлагийн салбарт өргөн харилцаатай ажиллаж байгаа. 2007 онд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Алтай хот болон Хандгайт сумын урианхай түмний төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж хамтын ажиллагааны эхлэл тавьсан. Мөн ОХУ-ын Алтайн хязгаарын Улаган районы Алтан нуурын урианхай нартай 2008 онд ажил хэргийн холбоо тогтоогоод байна. Ингэснээр бид Алтайг тойрон амьдарч буй 3 улсын хэмжээнд хамтын ажиллагаа харилцаа холбоотой болж урлаг, соёл, спортын талаар хамтран ажиллаж бие биенээсээ сурах, дутуугаа нөхөх нөхцөл боломж бүрдэж байна. Харин энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улам гүнгийрүүлэх ажил удааширч байна. Үүнд орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн мэргэжилтэн бидний дунд бараг байхгүй байгаа нь ч нөлөөлж байгаа.
Энэ аймгийн газар шорооны эзэн, нутгийн уугуул иргэд болох урианхай дөрвөд тувачууд өдгөө дэндүү цөөнх болсноор үндэс угсаа, нутаг ус өв соёлоороо бахархах үзэл нь бүдгэрч гундуухан амьдарцгаах болсон билээ. Энэ байдалд дүгнэлт хийж үндэс угсаагаар бахархах сэтгэлийг бүрдүүлэх үүднээс ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан үлгэр дууриал болсон хүмүүсийг тухайн жилийн шилдгээр өргөмжилж тус Холбооны 9 алдартныг тодруулдаг боллоо. Олон түмнийхээ нэрийг тив улс аймгийн хэмжээнд гаргасан зарим хүмүүсийг “ Бидний бахархах хүн”-ээр шагнаж байхаар тогтсон юм. 2006 оноос эхэлсэн энэ арга хэмжээний үр дүнд Алтай сумаас Бидний бахархах хүнээр 1, шилдэгээр …, Алтанцөгц сумаас .. шилдэг, Булган сумаас … шилдэг, Буянт сумаас Бидний бахархах хүн 3, шилдэг …, Сагсай сумаас 1 шилдэг, Цагааннуураас 3 шилдэг, Цэнгэлээс … шилдэг, Өлгий сумаас бахархах хүн 3, шилдэг… тус тус тодорч сум орныхоо болон угсаа гарлынхаа нэрийг гаргасан байна. Харин Бугат, Ногооннуур сумаас энэ арга хэмжээнд анхаарал хандуулаагүй явдалд Холбооны тэргүүлэгчдийн зүгээс дүгнэлт хийж эдгээр суманд салбар зөвлөл байгуулж ажиллуулах болно. Мөн Цэнэгэл сум сүүлийн 2 удаа, Алтанцөгц сум энэ онд нэг ч хүний тодорхойлолт ирүүлээгүй явдалд дүгнэлт хийэж ажиллах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ нь хүмүүсийн урам зоригыг сэргээн бид бусдаас дутахгүй алдар цуутантай бас алдар гавьяаг бүтээх чадалтай ард түмэн гэдгээ мэдэрдэг болж байна.
Үндэсний хувцас бол тухайн ард түмний бусдаас ялгарах өвөрмөц төрхийг илэрхийлдэг биет соёлын нэг төрөл билээ. Үндэсний хувцас оёж өмсөх хөдөлгөөн уриалгыг холбооны тэргүүлэгчдээс гаргаж сумдад хүргүүлсэн бөгөөд одоогоор зарим сумдад зохих эхлэл тавигдаж байна. Алтай суманд И.Түвшрэх, Өлгий суманд М.Хандаа, Омаан, Пагма нарын үйлчид үндэсний дэвэл, тоорцог оёж байна. Үндэснийхээ дэвэл тоорцогоо найр наадам, хурим цайнд өмсөж хэвшихийг хүн бүр хичээдэг байвал энэ зорилт хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Манай холбооны бодлогоор 2007 онд Буянт суманд явагдсан Алтайн урианхайн 3 дугаар наадмын хөтөлбөрт анх удаа үндэсний хувцасны шалгаруулалтыг зориуд оруулсан нь ач холбогдолтой болсон билээ.
Уламжлалт шүтлэгийн зан үйлийг сэргээн хөгжүүлэх нь урианхай, дөрвөд, тува угсатны зан заншил даяаршилд үл өртөн элэг бүтэн оршин байхын үндэс мөн. Энэ зорилтын хүрээнд доктор М. Ганболдын бүтээл “ Алтайн урианхайн уламжлалт шүтлэгийн зан үйл “ хэмээх номыг нутгийн бизнесмен доктор Ц. Сосорбарамын ивээн тэтгэлгээр хэвлүүлж байна.
Угсаатнуудын зан үйлийг олон улс болон эх орныхоо хэмжээнд сурталчилах нь Холбооны тэргүүлэгчдийн өнгөрсөн хугацааны ажлын нэг байлаа.
Монголын үндэсний телевизтэй хамтран 2006 оны 3 дугаар сард урианхай дөрвөд тувагийн язгуур урлагийн төрөл зүйлийн сурталчилгааны 20 минутын нэвтрүүлэг бэлтгэж цацсан. Мөн тус телевизийн Соёл эрдэнэ студтэй хамтран 2007 онд “ Урианхайн цагаалах ёсон” сэдвээр Буянт сумын мянгат малчин
О.Галдангийн суурийг түшиглэн хийж нэврүүлсэн.Алтайн урианхайн 3 дугаар наадмын урлагийн төрлөөс түүвэрлэн 30 минутын нэвтрүүлгэ явуулсан. Үндэсний телевизийн нийгэм эдийн засгийн редакцитай хамтран “ Тува хуримлах ёсон” , “ Дөрвөд эх хэлний баялаг уламжлал” зэрэг зан үйлийн шинжтэй нэвтрүүлгийг бэлтгэн олон түмний хүртээл болгосон. Түүнчлэн тус холбооны үйл ажиллагааны цар хүрээ, ололт амжилт, шийдвэрлэх асуудал, цаашдын зорилтын талаар Монголын радио болон C1 телевизээр тусгай нэвтрүүлэг явуулсан.
Урианхай, дөрвөд, тува түмний түүх, соёл, зан заншилтай холбоотой нийтлэл, өгүүлэл, мэдээллийг багтасан “Тод номын гэрэл” сонины 2 удаагийн тусгай дугаарыг манай тэргүүлэгчид эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.
Аймгийн радиотой хамтран 2008 оны цагаан сарын баярыг тохиолдуулан монгол угсаатны зан үйлтэй холбоотой 9 сэдвээр тусгай нэвтрүүлгийг бэлтгэн явууллаа. Үүнд: Алтайн урианайн тууль,туульчид тууль хайлах ёсон, сэтэрийн зан үйл, тува түмний яруу найргийн онцлог, уул овоо тахих ёсон, хангай дэлхийгээ дээдлэн шүтэхийн учир, хөөрөг зөрүүлэх ёс, сар шинийн идээ зоог бэлтгэх архи сархад хэрэглэхгүй байхын учир зэрэг сэдвүүд байлаа.
Тус холбооноос ийнхүү төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан эдгээр арга хэмжээ нь уламжлалт зан заншил, урлаг соёлын өвөө сэргээн хөгжүүлэх улмаар ард иргэдийнхээ мартагдсанаа сэргээх идэвхи урам зоригийг хөхиүлсэн үйл ажиллагаа байлаа. Энэ нь зохих хэмжээнд үр дүнгээ өгсөн байх гэж үзэж байна.
Бидний дундаас төрөн гарсан алдар цуутан ,түүхэн хүмүүсийн намтар түүх, алдар гавьяаг сэргээн алдаршуулах, шинэ залуу үедээ мэдрүүлэх нь үндэс угсаагаараа бахархах сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал алхам болох ёстой гэж үзэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зарим түүхэн хүмүүсийн алдрыг мөнхжүүлэх асуудлыг аймгийн удирдлагуудад тавьж зохих хэмжээнд шийдвэрлүүлж байна. Тухайлбал: 1923-1937 хүртэлх хугацаанд Алтайхан хошууны дарга, Дотоод явдлын яамны сайд, Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, УБХ-ын дэргэдэх Бага ястны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Тамжидийн Сурахбаярын алдрыг мөнхжүүлэх талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэчдэд 2007-2008 онд бичгээр хүсэлт гаргаж мөн жилийн эцсийн аймгийн ИТХ-ын ээлжит чуулганд би өөрийн биеэр санал дэвшүүлэн хөөцөлдсөний хүчинд 4 сая төгрөгөөр босгохоор шийдвэр гарч тендэрт аймгийн уран барималч, зураач Солтан шалгараад цээж баримлын эхийг бүтээсэн болно. Т. Сурахбаяр бол зөвхөн урианхайчууд бус казахын ард түмний төлөө гэсэн сэтгэлээр төрд хамгийн өндөр албан тушаалыг олон жил үр бүтээлтэй хийж “ хасаг сайд ” гэж нэрлэгдэж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтний нэг байсаныг жирийн иргэд хэн хүнгүй сайн мэддэг юм билээ. Энэ мэт бусад олон алдар цуутан, өвөг дээдэс, ахмад үеийнхнийгээ тодруулах асуудал чухал байна. Ардын хувьсгалын партизан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, баатар гавьяатууд, хутагт хувилгаад, нэрт бөхчүүд , эрдэмтэн мэргэдийнхээ талаар манай хойч үе мэддэг, тэднийхээ түүхэн замналаар бахархан дууриах явдал нь хүмүүүжлийн олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ нь үндэстнийг сэргэн мандахад нөлөөлөх нэг хүчин зүйл болох учиртай. Аймгийн нэвтэрхий тольд урианхай, дөрвөд, тува түмний түүх, зан заншил, өв уламжлал болон бидний бахархал болсон алдар гавьяатнуудын намтар түүхийг багтаан оруулах ажлыг В. Сүрэнхүү, Г. Золбаяр бид зохион байгуулан бичиж номын редакторуудад хүргүүлсэн. Энэ ажилд идэвхтэй оролцсон Алтанцөгц, Буянт, Булган сумдын салбар зөвлөлийн дарга нарт талархал илэрхийлье. Мөн угсаатныхаа түүх, зан заншил, бичгийн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “ Ойрад судлаачдын бүлгэм” нэртэй эрдэм шинжилгээний байгууллагыг холбооны Тэргүүлэгчдийн дэргэд үүсгэн байгуулж доктор Г. Золбаяр удирдаж байна. Залуу судлаачдыг олноор төрүүлэх зорилгоор “Түүх,соёлоо дэлгэрүүлэгч” тусгай шагнал бий болгож жилд нэг хүнийг шагнаж байхаар тогтлоо.
Холбооны дотоод үйл ажиллагааг зохицуулсан хэд хэдэн бичиг баримт боловсруулж гаргалаа. Үүнд холбооны тугны тайлбар, удирдах албан тушаалтны
андгай, түүнийг өргөх журам, оны шилдэг шалгаруулах журам болон холбооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл зэрэг болно.
Тэргүүлэгч гишүүд болон удирдах албан тушаалтнуудын ажлын төлөө гэх идэвхи оролцоо, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх зорилгоор удирдах албан тушаалтныг андгай өргөдөг байх нь зүйтэй гэж үзээд андгай болон түүнийг өргөх журамыг боловсруулан тэргүүлэгчдийн хурлаар баталсан юм. Андгай өргөх нь тэргүүлэгч гишүүнээр болон удирдах албан тушаалтнаар сонгогдсон иргэний нэр төрийн хэрэг бөгөөд түүнд элэг нэгт олон түмнээс нь их итгэл , өндөр хариуцлага хүлээлгэж, хүндэтгэл үзүүлж байгаагын илэрхийлэл юм. Аливаа төрийн бус байгууллагын удирдах албанд сонгогдсон хүн нэг талаас чухам өөрийн чин сэтгэл, зүтгэл гаргаж нөгөө талаас багагүй шахаж шаардуулж байж л ажилладаг нь гэм биш зан. Энэ нь ч аргагүй тэд ямар нэг хэмжээгээр өөрийн хувийн болон албаны ажил төрлөө хойш тавьж цаг заваа алдан цалин хөлсгүй ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ нэгэнт олон түмнээс итгэл авч хийж чадна гэж сонгогдсон бол зүтгэл гаргах ёстой. Үүнийг баталгаажуулах үүднээс энэхүү андгай өргөдөг байх нь зохимжтой гэж үзсэн.
Холбооны бэлгэ тэмдэг болох тугны тайлбарыг тэргүүлэгчид гаргаж бэлэн болгосон ба үүнийг холбооны дүрэмд тусгаж орууллаа.
Тайлангийн хугацаанд тэргүүлэгчид тухайлсан асуудлаар 15 удаа хуралдаж зохих хэлэлцсэн асуудлаар олонхийн санлаар шийдвэр гаргаж ажиллаа. Эдгээр 17 удаагийн хуралд та бүхний итгэл үзүүлж сонгосон тэргүүлэгч гишүүд хэрхэн оролцсныг энд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. тэргүүлэгч А.Ариунаа, О.Алтанцэцэг, М.Адилбиш, Т.Галбаа нар 90-95%-д нь оролцож тэргүүлэгч Г.Золбаяр, Н. Жэнис нар 82-84%-д нь, Б.Энхболд 30%, Р.Олонбаяр , С.Оюундэлгэр нар 5-10% -д оролцож, Ц.Лонжоо огт суугаагүй байна.
Холбооны бодлого зорилтыг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагуудад шийдвэрлүүлэхээр олон асуудал тавьж хамтран ажиллаж ирлээ. Нэг талаар тэдэнд асуудал тавьж шийдвэрлүүлж байгаа ч нөгөө талаар манай холбоо аймгийн төрийн байгууллагын хийх олон ажлыг өөрсдөө санаачлан бие даан гүйцэтгэж ирснийг хэлэх нь зүйтэй.
Сумдын Засаг дарга нар, аймгийн Хурал, Засаг дарга болон БСШУ-ны яам, Засгийн газарт хүртэл олон асуудлаар санал хүсэлт тавьж заримыг нь нааштай шийдвэрлүүлсэн болно. Энэ талаар Та бүхэнд хэвлэн тараасан баримт бичиг-3 д тодорхой байгаа.
Ийнхүү холбооны зорилго чиг үүргийн хүрээнд хийвэл зохих асуудлаар тэргүүлэгчид боломжийн хэрээр ажиллаж ирсэн гэж үзэж байна. Гэвч бидэнд хуримтлагдсан олон асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломж хомс бөгөөд цаашид хийх ажил асар их байгааг дурдах нь зүйтэй. Үүнд:
1. Юуны өмнө боловсон хүчний бодлогын талаар эрс анхаарах хэрэгтэй байна. Сургууль соёл төгссөн залуучууд ажилд орж чадахгүйгээс өсөж төрсөн аймаг сумандаа ирэхгүй төв газар бараадан амьдарч байна. Тухайлбал сүүлийн 2009 онд тус аймгаас 91 монгол өрхийн 275 хүн бусад аймаг руу шилжиж нүүсэн байна. Үүнээс улбаалан манай монгол айл өрхүүд их хэмжээгээр шилжин нүүж эх нутгаа орхиж байна. Энэ асуудлаар аймаг сумдын удирдлагуудад тогтмол хандаж, хагас жил тутамд сануулан биелэлтийг нь шаардан ажиллахыг салбар зөвлөлийн дарга тэргүүлэгч гишүүдэд үүрэг болгож байна.Ер нь шат шатандаа төрийн байгууллагуудтай байнга нягт хамтран ажилладаг байх хэрэгтэй.
2. Ажил мэргэжилтэй холбоотой нэг асуудал бол хүүхдүүдийн мэргэжил сонгох тал дээр анхаарах цаг болжээ. Сургууль төгссөн залуусын дийлэнх нь түгээмэл мэргэжил эзэмшсэн байдаг. Түүх, нийгэм, монгол хэл уран зохиол, хуульч зэрэг түгээмэл буюу ажлын байрны илүүдэлтэй мэргэжлээр ажилд ороход маш
хэцүү. Улс, аймаг сумын хэмжээнд ямар салбарт мэргэжилтэн хэрэгтэй байгаа талаар урьдчилан судалж мэдэж түүнд чиглүүлэн мэргэжлээ сонгоход нь хүүхдүүдээ бэлтгэх хэрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд манай улс ,аймгийн хувьд уул уурхай болон ашигт малтмал, мэдээлэл технологи, дэд бүтэц / зам, өндөр хүчдэл/ -ийн салбар эрчимтэй хөгжих хандлагатай байгаа. Тэгэхээр инжнерүүд бэлтгэх нь илүү үр дүнтэй ирээдүйтэй болж байна.
3. Аймгийн Хурал болон Засаг даргын зөвлөлийн бүрэлдхүүнд зохих төлөөлөлтэй байх бодлогыг манай аймгийн улс төрийн намууд хэлэлцэн шийдвэрлэж болохоор байгаа. Алтай, Буянт, Цэнгэл, Булган зэрэг сумаас аймгийн Хурлын нэг тойргыг зөвхөн монгол иргэдээс нэр дэвшүүлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд манай холбооны тэргүүлэгчдийн зүгээс идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн манайд анх хэрэгжүүлэх гэж байгаа шинэ зүйл биш дэлхийн олон улс оронд хэрэглэдэг арга юм.
4. Монгол хэлээр сургалт явуулдаг ЕБС-дад монгол хэл муу мэддэг багш ажиллаж, монгол багш байсаар байхад ажилд авдаггүй явдал байна. Ялангуяа ийм сургуулиудын монгол хэл , уран зохиолын хичээлийг заавал монгол багшаар заалгадаг хэвшил тогтоох хэрэгтэй байна. 2 дугаар ахлах сургуулийн бага ангид казах багш хичээл дээр хүүхдүүдтэй казахаар харилцаж байгаагаас монгол хэл сурахгүй байх, монгол хүүхдүүд нь казах хэл ойлгохгүй тохиолдол гарах болсныг эцэг эхүүд шүүмжилж байна. Нэгэнт монгол хэлээр сургалт явуулдаг сургуульд сургуулийн босгыг алхангуут багш сурагчгүй бүхэлдээ монгол хэлээр харьцдаг байх дүрэм үйлчлэх учиртай. Энэ бол аль ч улс орны суоргуульд тогтсон хэв шинж билээ.
Бага ангид монгол хэл хагас хугас мэддэг багш хичээл зааснаар хүүхдүүд хохирох явдал гарч байгаа тухай иргэд гомдол гаргаж шүүмжлэлтэй хандах явдал байна. Тухайлбал Алтанцөгц суманд монгол хүүхдүүдтэй бага ангид хэл муу мэдэх багш хичээл зааж байхад мэргэжилтэй монгол багш нар ажилгүй явж байх жишээтэй. Энэ талаар аймгийн боловсрол соёлын газар анхааралдаа авч бодлого барьж ажиллах нь цөөнхийн эрх ашигт нийцсэн арга хэмжээ болно.
5.Тус аймагт монгол хэлээр сургалт явуулдаг хамгийн том сургууль нь Өлгий сумын Ахлах 2 дугаар сургууль бөгөөд энэ сургуульд тус аймгийн бүх сумаас хүүхдүүд ирж сурдаг. Энэ байдлыг харгалзан социализмын үед намын бодлогоор зориуд анхааран 2 давхар дотуур байр барьж өгсөн юм. Гэтэл энэ байрыг өөр сургуульд шилжүүлж өгснөөс өнөөдөр монгол хүүхдүүд аймгийн төвд сурах нөхцөл боломж бараг байхгүй боллоо. Хүүхдээ ахлах 2 дугаар сургуульд сургах гэж арай боломжтой хэсэг нь аймгийн төвд айлын карманы өрөө эсхүл шавар амбаар хөлсөлж нэг айл гэр хот хөдөө хоёр хуваагдан амьдарч хүнд байдалд орж байна. Иймд уг дотуур байрыг ахлах 2 дугаар сургуулийн мэдэлд буцаан өгүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм.
6. Бараг мартагдаж мөхөхийн ирмэгт хүрээд байсан язгуурын урлаг соёлын өвийг сэргээх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд “Алтайн урианхайн урлаг соёл спортын наадам” чухал ач холбогдолтой болж байна. Тийм учраас энэ наадмыг чанартай, шударга, олон түмнийг хамруулан хийх талаар манай холбоо улам их санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Юуны өмнө энэ наадмын ажиллагааг шүүх шүүгчдийг мэргэшүүлэн сургаж бэлтгэх нь наадмын ажиллагааг цаашид эрчимтэй хөгжихөд түлхэц болох болно гэж үзэж байна. Мөн сумууд энэ наадамд оролцохын тулд жилийн өмнөөс бэлтгэж чанартай баг бүрдүүлдэг байвал урлаг соёл маань улам хөгжиж хамрах хүрээ тэлж бүх нийтийн болж дэлгэрэх болно. Үүний тулд сумдад жил бүр урлагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг байх хэрэгтэй байна. Мөн ардын урлагийн наадмыг 2 жил тутам
явуулж уртын дуу зэрэг өвлөн тээгчид нь цөөрч буй зарим төрлөөр уралдаан тэмцээн явуулдаг байх хэрэгтэй байна.
7. Сумдын салбар зөвлөлүүд ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Алтай Буянт Булган Алтанцөгц Цэнгэл сумын салбар зөвлөлүүд бусдаас илүү их өргөн хүрээнд ажиллах шаардлагатай. Зарим сумдад угсаатны зүйн танхимтай болж байгаа нь нэн олзуурхууштай зүйл мөн. Аймгаас зохиож байгаа зарим төрлийн уралдаан тэмцээнд сумын дарга нарын ам харах биш манай салбар зөвлөлүүд өөрсдөө зохион байгуулж оролцдог байвал илүү үр дүнтэй байх болно. Энд би нэг жишээ дурдахад 2008 оны 5 сарын 21-нд аймгийн ерөөлч, хөөмийчдийн уралдааныг боловсрол соёлын газраас зарлахад нэг ч сумаас хүн ирж оролцоогүй. Гэтэл урианхайн наадамд эдгээр төрлөөр маш олон хүн ирж өрсөлдсөн. Ийм боломжийг алдах ёсгүй.
8. Ногооннуур, Сагсай, Бугат суманд амьдарч буй хэт цөөнх болсон урианхай, дөрвөд иргэдийн талаар дараах арга хэмжээ авах шаардлагатай байна.
• Судалгаанд хамрагдсан сумдын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон сумын Хурлын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэтийн бодлогод сумынхаа хэт цөөнх иргэдийн талаар баримтлах чиглэл зорилтуудыг бодлого болгон нэмж тусгах арга хэмжээг авахуулах.
• Эдгээр иргэдийн хүүхдүүдийг аймгийн төвийн Ахлах 2 дугаар сургуульд сургах боломжоор хангах талаар судалгаа гаргаж дотуур байранд эхний ээлжинд оруулах арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар зориуд авч хэрэгжүүлэх.
• Цөөнх болсон урианхай дөрвөд тувагийн уламжлалт соёл урлагийг сэргээн хөгжүүлэх үйл ажиллагаанд аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс онцгой анхаарч тэднээс гарсан санал санаачлагыг дэмжих талаар идэвхтэй хамтран ажиллах.
9. Аймгийн ЗДТГ-ын одоогийн бүтцэд багтаан цөөнхийн эрхийн хэрэгжилтийн талаар тодорхой бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чиглэлээр ажиллах ажилтантай болгох. Ийм туршлага хөрш ОХУ-ын Горно-Алтайн Кош-Агачын захиргаанд цөөнх үндэстний асуудал эрхэлсэн мэргэжилтэнтэй байна. Манай улсын хувьд ч Улсын Бага хурлын дэргэд Бага ястны /казах урианхайн/ зөвлөл гэж ажиллаж Т.Сурахбаяр даргалж байсан түүхэн уламжлал бий.
10. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй сүмийг бүх талаар дэмжин сүсэг бишрэлийн зан үйлээ улам эрчимжүүлэх хэрэгтэй.
Өнөөдөр холбоондоо хандаж асуудлаа хэлэх гэсэн, санал хүсэлтээ илэрхийлэх гэсэн хүмүүсийн тоо улам олширч байна. Иргэдийнхээ эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар бид төр засгийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулахын төлөө ажиллана,ажиллаж ч байгаа.
Өвөг дээдсээс уламжлагдсан өв соёлоо дээдлэн угсаа гарлаараа бахархаж үндэснийхээ эрх ашгийн төлөө хамтдаа гар нийлэн эрч хүчтэй ажиллацгаая, амьдарцгаая.
Урианхай дөрвөд тува түмний зовхи нь өөдөө байж хийморь лундаа нь бадарч байх болтугай.
No comments:
Post a Comment