Тус аймагт амьдарч буй үндэсний цөөнх бидний нийгмийн хамгаалал, эх хэл, шашин, өв соёл, урлаг, язгуур эрх ашгийн өнөөгийн дүр төрх, үндэсний бахархал, үнэт зүйлсийн төлөв байдлын талаар дээр тодорхой дурдлаа. Ямархуу дүр төрх харагдаж байгааг асуухад илүүц биз ээ. Харин яагаад бидний үнэт зүйлсүүд ийнхүү бүүдгэр болов. Яагаад бид үндэстнийхээ хувьд сүр сүлд дорой, хийморь лундаа маань өөдрөг бус байна вэ. Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай өвөг дээдсийн үр удам биш билүү бид.
Бидний амьдралд гэрэл гэгээтэй, баярлаж бахархах үйл хэрэг олон бий гэдгийг би огтхон ч үгүйсгэхгүй байна. Ололт амжилтаа дурдвал олон хуудас, олон цаг болно биз ээ. Гэхдээ өнөөдөр бид баярлаж бахархах зүйлээ тоочих гэж цуглаагүй. Бид алдаа дутагдлаа засах гэж, мартагдаж мөхсөнөө сэргээх гэж, үрэгдсэн тасарсанаа залгах гэж, дундарсанаа нөхөх гэж, болж бүтэхгүй байгаа зүйлээ шүүн тунгаах гэж, бас язгуур эрх ашгаа мандуулах гэж энд хуран чуулж байгаа гэж үзэж байна. Олон жил сэтгэлдээ тээж явсан гомдол тунирхалаа нээж сэтгэлийн цэнгэл эдлэх гэж хуран чуулж байна. Үүнтэй холбогдуулан бидний хөгжил дэвшилд саад тотгор болж буй зарим хүчин зүйлийн талаар та бүхэнтэй саналаа хуваалцахыг хүч байна.
Аль ч үндэстэнд өөрийн гэх хор шар, бахархал байдаг. Бид зөвхөн анчин гөрөөчний удам бус аа. Бид баатар дайчин Зэлмэ, Сүвээдэй, Галданбошигтын удам. Бидний дундаас олон арван номч мэргэд, зохиолчид, урлагийн мастерууд, төр нийгмийн зүтгэлтэн, алдар цуутай ажилчин, малчин төрөн гарсаныг мартаагүй, мартах ч ёсгүй. Харин үүнийг таслахгүй байх эрхэм үүрэг хүлээсэн хүмүүс билээ бид.
Хор шартай хүн хөгжиж дэвших нигуур өндөр. Энэ талаараа бидний зэрэгцэн амьдарч буй казак түмний бэлэн туршлагаас суралцах хэрэгтэй юм. Бидний хөгжилд саад тушаа болж байгаа хамгийн гол хүчин зүйл бол сэтгэлгээний хоцрогдол.
Аль диван гарвын нүүдэлчний сэтгэлгээгээр амьдрах цаг үе өнгөрсөн гэдгийг мэдэрч байгаа байх. Зах зээл бол өрсөлдөөний эрин үе. Цагтай өрсөлдөж, бусадтай хөдөлмөрөөрөө уралдаж байж амьдрах нийгэм.
Бид цагийн үнэ цэнийг дэндүү тооцдоггүй. Цагийн лугшилтын хором бүрийг алдалгүй мэдэрч, түүнтэй талын салхи шиг уралдаж барианд ана мана ирвэл өөртөө ногдох хувиа хүртэнэ, эс тэгвээс амьдралын тоосон дунд гээгдэнэ гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг юм.
Залхуу хойрго, цагийн үнэ цэнийг үл ойшоосон сэтгэлгээ та биднийг хөгжлөөс хойш чангааж байна. Цагтай уралдан хөдөлмөрлөж байж өмч хөрөнгийг бүтээнэ. Ингэж чадсан хүн амьдралын хамгийн итгэлтэй зам дээр зогсоно гэсэн үг.
Социализмын үед бусдын төлөө хөдөлмөрлөдөг байсан бол одоо өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөх нь зах зээлийн хууль юм. Яаж ийгээд болно биз гэсэн сэтгэлгээ бидний хөгжлийн хамгийн том чөдөр тушаа яах аргагүй мөн. Бидэнд чөлөөт цаг гэдэг ойлголт байж болохгүй нийгэм юм шүү.
Үр хүүхэд, хойч ирээдүйнхээ боловсролын асуудалд онцгой анхаарч, мэдлэг боловсролтой, өндөр мэргэшилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх нь та бидний эрхэм зорилт болж байна.
Боловсролоороо бусадтай өрсөлдөж чаддаг цагт хөгжлөөр бусадтай өрсөлдөнө. Боловсролын сайн бодлого ядуурлаас гарах хамгийн өгөөжтэй арга хэмжээ болно гэж Засгийн газрын тэргүүн маань хэлснийг ямагт санахад огт илүүдэхгүй.
Үндэсний урлаг, соёлын өвийг ямар хувь заяа хүлээж байгааг дээр дурдсан. Яагаад соёлын үнэт зүйлс, урлагийн төрөл бүтээл урагш биш хойш явах болов гэдгийг та бүхэн дотроо тунгаан бодож зохих дүгнэлт хийж байгаа байх. Миний бодлоор үүнд бид өөрсдөө л буруутай.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн урлаг соёлын их өвөө бид өөрсдөө л хөгжүүлэх санал санаачлагыг гаргаж, өөрсдөө гар биеэр оролцож, хүчин зүтгэж, өөрснөө дэмжиж дэлгэрүүлэхгүй бол өөр хэн нэг албан тушаалтан, эсхүл төр, засгийн байгууллага, нам, эвсэл хөгжүүлж өгөхийг харж суувал хэзээ ч нөхөшгүй алдас болно гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Өнчин хүүхэд мэт дээш харж төв халхын хайр дэмжлэг горьдож тэдэнд хов хүргэж өрөвдүүлэх, өмгөөлүүлэх гэсэн арчаагүй сэтгэлгээнээс ангижирах цаг болсон. Бид өөрсдийгөө өөрсдөө хамгаалж, дэмжиж, хөгжүүлж, мандуулж, нэр алдраа дуурсгаж чадна гэдэгт би итгэл төгс байна.
Бидний сэтгэлгээнд амь бөхтэй оршсоор ирсэн хамгийн байж боломгүй үхмэл үзэл бодол бол бусдыгаа үл дэмжих үзэл буюу муулах, “нүхэнд унагах” үзэл юм. Өөрөөсөө арай жаахан өөд гарсан нэгнээ буцааж татах, нүхэнд унагахыг оролдоно. Юм хийдэггүй, сэтгэдэггүй мөртлөө юм хийхийг санаачилсан, зохион байгуулсан нэгнээ муулдаг, алдаа дутагдал эрж хайдаг, өөлж баалах буюу хий дэмий хардаж идсэн уусан гэж цоллохдоо нэн гарамгай улс.
Цагийн лугших зүүтэй уралдан байж, байгалийн хатуу хүтүүг тэвчин туулж байж хөлс хүчээрээ хөрөнгө мөнгөтэй болсон залуу хөрөнгөтөн ч төрж байна, мянгат малчид ч төрж байна, бусдыгаа удирдаж зохион байгуулах хүсэл эрмэлзэлтэй сэхээтнүүд ч байна. Мартагдаж мөхсөн зүйлээ сэргээх хөгжүүлэхийг зорьсон хүмүүс ч байна. Гагцхүү тэднийгээ дэмжиж дэвжээх сэтгэл л дутаж байна.
Үндэсний хөрөнгөтөн олон олноороо төрөн гарахыг ямагт хүсэн залбирдаг байхаас биш түүнд атаархаж жөтөөрхөх сэтгэхүй хэрхэвч байж болохгүй.
Хорин нэгдүгээр зуун гарчихаад улс үндэстэн бүр үндэс угсаагаа сэргээн мандуулах үйл хэрэгт аль хэдийн орчихоод байхад бид байсан байран дээрээ /магадгүй доошоо/ эргэлдсээр байх ёсгүй.
Цаг хугацаа биднийг сэхээрэхийг хүлээхгүй. Нойрмог, ноомой байдлаасаа сэрж, хүний оюун санааг дээдлэн шүтэж түүнийг хөгжүүлж чадвал ахуй амьдралаа дээшлүүлж чадна гэдгийг сэхээрэх цаг болжээ.
Сүр сүлд, хийморь лундаагаа чухамдаа хүн бид өөрсдийн оюун ухааныхаа эрч хүчээр сэргээн цог жавхлантай амьдрах болохоос бурхнаас заяасан хувь тавиландаа хүлэгдэж хэзээ сайн сайхан амьдрал, аз жаргал хайрлах бол гэж хүлээх сэтгэхүйгээр амьдрах учиргүй. Хэзээ хаана хэн гэдэг эхийн хэвлийгээс бөх төрөх болоо гэж хүлээх бус харин бөхийг хүмүүс бид өөрсдөө олж, дэмжиж, хөгжүүлж байж сайн хүчтэнг төрүүлнэ гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд бидний цөөнх төдийгүй аймаг, улсын хэмжээнд хүмүүсийн сэтгэлгээнд гарч буй нэгэн сөрөг үзэгдэл болох улс төржих явдал бидний хөгжил дэвшил, ялангуяа үндэс угсаагаан гэх үзэл бодолд саад тотгор болж байгааг та бид анхаарах цаг болсон гэж үзэж байна.
Үндэс угсаа гэдэг хүмүүний оюун сэтгэлгээний дотроос хамгийн эмзэг, эрхэм нандин, үеийн үед хөгжин хувирч улам төгс төгөлдөр болж байдаг нарийн мэдрэмжтэй үзэгдэл гэдгийг би дээр дурдсан. Үүнээс үндэсний үзэл суртал төрдөг. Үндэсний үзэл суртал гэдэг бол хүний өөрийн үндэстэн, угсаа гаралаа мэдрэх мэдрэмж, түүний хувь заяаны төлөө гэсэн чин сэтгэлийн бодит илэрхийлэл юм. Үндэсний үзэл суртлын цөм нь хүн өөрөө болохоос ямар нэг нам, эвсэл биш. Өөрөөр хэлбэл үндэсний үзэл суртал нь аливаа нам буюу хэсэг хүмүүсийн эрх ашгаас төрдөггүй. Сонгуульд ялсан улс төрийн хүчин боловсон хүчний томилгоонд болон тусламж, бараа, эд зүйл тараахдаа ч намын үзэл бодлоор хэт ялгаварлан гадуурхсан бодлого явуулах болсон нь бидний цөөнхийн үндэсний оюун ухааныг хорлож байна.
Энэхүү хэт намчирхсан үзэл суртал хүмүүсийг хоёр хэсэгт хувааж элэг нэгт ахан дүүсийг хүртэл бие биенийх нь эсрэг турхирав. Төрөл төрөгсөдийг ч эцэг үрийг ч эсрэг тэсрэг болгов. Эцэст нь үндэс угсаа нэгтний үндэстнийхээ төлөө гэх сэтгэхүйг намын төлөө гэсэн сэтгэхүй рүү чирэв. Бидний цөөхөн монголчууд зөвхөн үндэс угсаагаа гэсэн сэтгэлийн үзүүрт зовж хямардаг байсан бол одоо өөрс дотроо намчирхан хатгалдах боллоо. Намчирхсанаас болж бие биесээ өөлж баалах, гомдоллох, өширхөх, гүтгэн гүжирдэх гээд ер муу муухай бүхий л авир араншин гарч байна.
Бид эхээс төрсөн болохоос намаас төрөөгүй. Бусдын төлөө, өөрөөр хэлбэл хэн нэгэн нэр дэвшигчийн төлөө /тэр нь бидний төрөл садангын огтын холбоогүй/ бүхэл үндэстэн дотроо эвдрэлдэн тэрсэлдэх нь нэг бодлын туйлын өрөвдөлтэй, нөгөө бодлын хэрхэвч байж болохгүй эмэгнэлт үзэгдэл мөнөөс мөн. Намчирхсан үзэл суртлыг үндэснийхээ үзэл суртлаас дээгүүр тавьснаар өөр үндэстний доог тохуу болж байгаагаа ухаарах цаг болсон.
Цөөнх бидний хэн нэг нь ямар намын гишүүн байхаас үл хамааран тухайн нам дотроо өндөр байр суурьтай, нэр хүндтэй явахыг бүгдээрээ дэмждэг, хамгаалдаг, хайрладаг, хүндэлдэг байх нь бидний үндэсний үзэл суртлын цөм байх учиртай. Харин ч бид үндэсний чадварлаг боловсон хүчнүүдээ өөр өөр намд төлөөлөлтэй байхыг дэмжиж түүгээр дамжин өндөр албан тушаалд томилогдох, цөөнхийн дуу хоолойгоо хүргэх явдлыг гол бодлого, зорилтоо болгоход юу нь буруу байх билээ. Төр, захиргааны удирдах албан тушаалын томилгоог улс төрийн намаар дамжуулан хийдэг хууль журамтай өнөө үед ийм бодлого барих нь буруу бишээ.
Улс төрийн болоод мэргэжил боловсролоор ийм шалгуур хангасан боловсон хүчин байвал түүнийг албан тушаалын хэнээтэн гэж цоллох, муу үзэх буюу өөрийн намдаа үнэнчийн дүр эсгэж үндэс угсаатнаа шүүмжилсэн болж бусдад долигнож ая тал засах хэрэггүй. Харин өөрийн үндэс угсаагаан гэх үзэл суртлын дор эв эеийг эрхэмлэн бие биенээ дэмжин, сэтгэлийн урам хайрлаж амьдарцгаая.
Намчирхаж, улс төржих нь та бидний үндэснийхээ үнэт зүйлсийн хөгжлийн төлөөх сэтгэлгээнд чөдөр тушаа болж сарнихад хүргэх аюул заналхийллийг бий болгон гэдгийг ямагт ухаарах хэрэгтэй.
Аливаа үндэстний үндэсний үзэл суртал нь өөр бусад үндэстнийг үзэн ядах сэтгэлгээ байж болохгүйг нэгэн зууныг дамжин нэгэн дээвэр дор хамтран амьдарч буй казак, урианхай, дөрвөд, тувачууд бид мэдэхийн хэрээр сайнаар мэдэрч үйл хэрэг болгож ирсэн үндэстнүүдийн амьд жишээ гэдгийг би энд зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Зуун зууныг дамжин эв эеийг эрхэмлэн хамтран амьдарч буй бидний хоёр үндэстний сэтгэлийн мухарт хуримтлагдаж асан нэгэн асуудлаар ийнхүү та бид илэн далангүй ярилцах боломж нээгдсэнд би баяртай байна. Илүү зөрүү хэлсэн бол уучилж, дутуу дулимаг дуугарсан бол нөхөж сэлбэн сэтгэлээ харамгүй хуваалцана гэдэгт итгэл төгс байна.
Гал мэт мандан бадарч наран саран мэт мөнхжихийн бэлгэдэл болсон гал, нар, сарыг та бид бэлгэ тэмдэгээ болгов. Бидний хойч ирээдүй мандан бадарч гэрэлтэн мөнхжих болтугай.
Өсөж төрсөн Өлгий нутгаа хөгжүүлэхийн төлөө казак, урианхай, дөрвөд, тувачууд бид эв эеийг эрхэмлэн хамтын хүч хөдөлмөр, хамтын сэтгэл зүтгэлээр ажиллаж амьдарцгаая.
Та бидний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэгчилэн бүтэх болтугай.
Илтгэгч: Холбооны тэргүүн
Т.Батсүх
2005.05.25. Зуны эхэн сарын 17-ны
Идэрийн барилдлагатай
Шарагчин тахиа өдөр
No comments:
Post a Comment