2010/11/14

Эмэгтэйчүдийн зөвлөлийн илтгэл


Эрхэм хүндэт төлөөлөгчид өө.
Эрхэмсэг хатагтай ноёд нараа

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, угтан золгох тийн урвагч хэмээх төмөр бар жилдээ айл хотлоороо амар тайван, энх тунх байхын  ерөөлийг  өргөн дэвшүүлье.
2008 оны жилийн эцсийн статистик мэдээнээс үзэхэд манай аймаг 93931 хүн амтай бөгөөд үүний  47372 буюу 50.4%-ийг эмэгтэйчүүд эзлэж байна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдлыг авч үзэхэд нийт ажиллагсдын 47.7% буюу 15587 нь ХАА, уул уурхай, боловсруулах үйлдвэр, цахилгаан, дулааны эрчим хүч,барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, зоогийн газар, тээвэр холбоо, санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө, төрийн захиргаа, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, нийтийн аж ахуй,  хөлсний ажилтантай өрхийн аж ахуй зэрэг салбаруудад ажиллаж байна.
Ажилгүйчүүдийн 46.8% нь буюу 550 нь эмэгтэйчүүд байна.
Сүүлийн жилүүдийн баримтаас  үзэхэд эмэгтэйчүүдийн 20  гаруй хувь нь  төрийн захиргаа, төсөвт байгууллагад, 15 гаруй хувь нь хувийн секторт  ажиллаж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлдвэр үйлчилгээний  салбарт ажиллагсдын 55-70-аад хувь нь  эмэгтэйчүүд байгаа нь  манай эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоо, боловсролын түвшин өндөр хэмжээнд  хүрснийг гэрчилнэ.
            Түүнчлэн ХАА, ялангуяа мал аж ахуйн салбарт ажиллагсдын ихэнх хэсэг нь эмэгтэйчүүд байгааг хэлэх нь зүйтэй. Мөн  гадаад дотоодын их дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудын ихэнх хувийг манай охидууд эзлэж байгаа нь бахархууштай.
            Бид өнөөдөр эмэгтэйчүүдийн ялангуяа урианхай, тува, дөрвөд болон бусад бага ястан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг бодлогоор дэмжих, тэдэнд тулгарч байгаа тулгамдсан асуудал, бэрхшээлүүдийг илэн далангүй ярилцаж цаашдаа хамтарч шийдвэл зохих асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэн хүргэх цаг нэгэнт болсныг хэн хүнгүй ухамсарлаж үр өгөөжтэй шийдлүүдийг гаргаж хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Үүнд
- Урианхай, тува, дөрвөд болон бусад бага ястан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бага  байна. Ялангуяа манай аймагт нутаг довын үзэл, төрөл садан, үр хүүхдээ дэмжин  талцах, эмэгтэйчүүдээ дэмждэггүй   байдал газар авсаар, за яахав дээ нөхцөл байдалд нь  тохируулж амьдрахаас даа  гэсэн шийдэлд хүргэх болсон нь   олон эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог бууруулж цөхрөлд хүргэж байна.  
- Ажилгүй  эмэгтэйчүүдийн тоо олширч байна. Их дээд сургууль төгссөн охид, эмэгтэйчүүд маань тэртээ тэргүй ажил олдохгүйн зовлонг алсаас мэдэрч төрөлх нутагтаа ирэхгүй байна. Мөн  амьжиргааны  түвшингээс доогуур орлоготой айл, өрхийн тоо олширч байгаа бөгөөд зарим нэг нь   байдгаа баран зах зээл бараадан  хот хүрээ рүү нүүх нүүдлийн цуваа хөдөлж эхэллээ.
- Эмэгтэйчүүдийн дунд явагддаг соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээнүүд үр өгөөж багатай явагддаг бөгөөд, түүнд хамрагдах урианхай, тува, дөрвөд болон бусад бага ястан эмэгтэйчүүдийн тоо цөөн байна. Энэ нь манай эмэгтэйчүүдийн идэвх султайгийнх  уу аль эсвэл  явагдаж буй ажил үр өгөөж, хүртээмж  муутайнх уу, нөгөө талаар хамтран ажиллах чадвар дутмагийнх уу.
- Монгол ёс, зан  заншил,  шастир түүхээ  дээдлэх,  тэднийг өвлөн үлдэх, хойч үедээ зааж  сургах, түгээн дэлгэрүүлэх, судлах, сурталчлах  ажилд эмэгтэйчүүд маань өөрсдөө идэвх зүтгэл гарган оролцох нь  бидний өмнө тулгарч байгаа асуудлын нэг нь болоод байна.
- Урианхай, тува, дөрвөд болон бусад бага ястан эмэгтэйчүүдийн  аж байдлын талаар мэдээллийн баазтай болох шаардлагатай байна. Манай аймгийн 2008 оны статистик мэдээг судалж үзэхэд эмэгтэйчүүдийн аж байдлын талын судалгаа байдаггүй бөгөөд ер нь энэ чиглэлийн судалгаа аймгийн  эмэгтэйчүүдийн байгууллага, болон манай энэ холбоонд ч байхгүй  байна.
- Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, нийгмийн асуудлуудад түлхүү анхаарч тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх  гэх зэрэг олон тулгамдсан асуудлууд эмэгтэйчүүдийн дунд  байгаа учраас  тус холбооны дэргэд  түүх соёлоо сэргээн судлах, ёс заншлаа сурталчлах, хойч үедээ өвлүүлэх талаар төрийн болон төрийн  бус бусад байгууллагатай нягт хамтран ажиллах  зорилго бүхий эмэгтэйчүүдийн эрх ашиг, нийгмийн хөгжлийг дэмжих,  аль нэг нам хүчний талд үйлчлэхгүй, тэднээс хараат бус статустай ажиллах орон тооны бус    эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулан ажиллуулах тухай саналыг тус хуралд оруулж  байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.






Ахлах 2-р сургуулийн сургалтын менежер                      Г.Элбэгзаяа


No comments:

Post a Comment