2010/11/14

МОНГОЛ УГСААТАН ИРГЭДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ТУХАЙ

Нэг: Удирдтгал буюу түүх сөхвөл
    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаар манай улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхалгүй байх үндсэн зарчмыг хүн бүрт адил тэгш байхаар хууль зүйн дээд түвшинд баталгаажуулсан билээ.

    Түүнчлэн Монгол улсын иргэний олон чухал эрхүүдийг баталгаажуулсаны дотор сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг тунхагласан юм.

    Үндсэн хуульд зааснаар иргэдийн шууд оролцоотой байгуулсан төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн байна.

    1990 онд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний үр шимээр өмнөх нийгмийн үед хэлж ярьж болдоггүй сэдвүүдээр хэн ч хаана ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон билээ. Хүмүүсийн сэтгэлийн гүнд хуримтлагдан зовоодог байсан нэг эмзэг сэдэв болох үндэс угсааны язгуур эрх ашгаа сэргээн хөгжүүлэх түүнтэй холбоотой бусад олон асуудлыг төр засагтаа тавьж шийдвэрлүүлэх өргөн боломж олдсон юм.

    Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхолын үүднээс эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэн эрх ашгаа хамгаалах хөдөлгөөн чухамдаа тэртээ 1990 онд манай аймгийн хувьд хамгийн идэвхтэй өрнөсөн билээ. Урианхайн холбоо Тувагийн үндсээ аврах түр хороо, Урианхай дөрвөд, туваагийн түр эвсэл, Казак хэл соёлын нийгэмлэг, Мусульманы нийгэмлэг, Казахын эв нэгдлийн нийгэмлэг зэрэг сайн дураар эвлэлдэн нэгдэгчдийн олон нийтийн байгууллагууд шил шилээ даран байгуулагдаж байсныг та бид санаж байгаа.

    Эдгээр холбоо, нийгэмлэгүүд чухамдаа нэг л асуудлын төлөө ажиллах чиглэл зорилгоор байгууллагдсан нь тэдгээрийн нэрнээс нь тодорхой харагдана. Энэ бол шуудхан хэлэхэд үндэсний асуудал юм. Үндэстний шинжтэй олон нийтийн байгууллагууд яагаад заавал тус аймагт нэгэн зэрэг байгуулагдах болов  гэдэг асуулт тухайн үед хэн бүхний ой тоонд ороогүй байж болно. Үндэс угсааны шинжтэй холбоо заавал байгуулах ёстой байсан бол хамгийн олон үндэстэн ястантай Ховд аймагт илүү олноор үүсэх байсан бус уу.
    Үндэс угсаагаараа нэрлэгдсэн дээрхи үүсгэл санаачлагын байгууллагууд чухамдаа цөөнхийн аймаг Өлгийд эхлэн үүсч бий болсон нь нийгмийн захиалга жам ёсны үзэгдэл байсан юм.

    Үндэстэн байгаа цагт үндэсний асуудал заавал байх бөгөөд тэр нь бүрэн шийдэгдэн гэдэг нь хэзээ ч үл бүтэх ойлголт билээ. Социализмын үед тус улсад үндэсний асуудал бүрэн шийдэгдсэн гэх өрөөсгөл дүгнэлтээр олон түмний тархийг угаах үзэл сурталын хүчирхийлэл хийж, үндэсний асуудлыг бүдгэрүүлж, түүгээрээ бага үндэстэн, ястаныг ихэд нь уусгах бурангуй сургаалыг баримталдаг байсан.

    Манай Баян – Өлгий аймаг нь анх байгуулагдахдаа л казак, урианхайн аймаг нэртэй үүссэн. Нэг ёсондоо хоёр өөр үндэстэн нэг газар нутагт нэг дээвэр доор ханаа шийрлэж тооноо босголцсон түүхтэй. / энэ бол 1940 оны 8 дугаар сарын 20 буюу аймгийн хөдөлмөрчидийн анхдугаар бага хурлын шийдвэр гарсан өдөр/

    Ингээд 50 жилийн хугацаанд аймаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтран хөдөлмөрлөхийн хамт үндэстнийхээ хувьд өөр өөрийн гэсэн зовлон жаргалыг хамтдаа туулж 1990 оны ардчилсан хувьсгалтай, чухамдаа эрх чөлөөтэй золгов. Коммунист үзэл сурталын хүлээс алдарч нэгэнт “шийдэгдсэн” гэх үндэсний асуудлын талаар хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тэр нь төрийн болон төв орон нутгийн хэвлэлүүдэд ч нийтлэгдэж олныг шуугиулж байсан.

    Аймаг анх байгуулагдах үед тооны хувьд эн тэнцүү байсан монгол угсаатнууд эрс цөөрч өдгөө аймгийн хүн амын 10 хүрэхгүй хувийг эзлэх болжээ. Ингэж цөөнх үндэстний доторхи хэт цөөнх үндэстэн бий болсноор үндэстний цөөнхийн өөрийн гэх зовлон бэрхшээл, гомдол бухимдал хуримтлагдсаар “цөөнхийн асуудал” бодитойгоор бий болсон билээ.

    Ардчиллын салхи сэвэлзэж үзэл суртлын дарамт алдагдсанаар сэтгэлийн хур тайлагдаж үндэстний эрх, ашиг сонирхолыг өрнүүлэх хамгаалахад чигэлсэн тодорхой зорилго бүхий дээр дурдсан Холбоо, нийгэмлэгүүд үүсэн нь үүнтэй шууд холбоотой байв.

    1990 оны 5 дугаар сард Урианхайн холбоо, удалгүй Туваагийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулагдаж тухайн үедээ аймгийн хүн амын олонхи болох Казак үндэстний доторхи үндэстний цөөнх монгол угсаатны хувь заяатай холбоотой тулгамдсан олон асуудлыг шийдвэрлүүлэхэд өөр өөрсдийн хэмжээнд зохих үүрэг гүйцэтгэсэн билээ.

    1992 оноос тийнхүү тус тусдаа үйл ажиллагаа, тэмцэл явуулахаас хүчээ нэгтгэх, зангидах, хамтран ажиллах зорилгоор тус аймгийн  “урианхай, дөрвөд, туваагийн эрх ашгийг хамгаалах түр эвсэл” байгуулагдаж цөөнхийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд үгээ хэлж, эрх ашгаа хамгаалж байсан нь зохих үр дүнгээ өгсөн.

    Эзэн Чингисийн үр сад, монгол үндэстэн мөртлөө тэр тусмаа Монгол Улсынхаа дотор өөрсдийн эх нутагтаа амьдарч байгаа атлаа юуны тул ийнхүү яаран түүрэн холбоо байгуулах болов гэдэг асуулт гарнаа даа.

    Тиймээ бидний цөөхөн урианхай, дөрвөд, тувачууд нь Ховд Увс зэрэг бусад монгол үндэстний доторхи монгол угсаатан ястангууд биш казак үндэстний  доторхи тооны хувьд хэт цөөнх монгол үндэстэн байсан нь дээрх асуултын товч хариулт бөлгөө.
   
    Хэт цөөнхийн зовлон их бөгөөд тэр чинээгээр гомдол бухимдал ч ундарсаар савандаа багтаж ядсаар байсаан.

    Тэртээ 1980-аад оны хүмүүс муудалцахдаа хасаг, урианхай хэмээн үндэс угсаагаа дуудаж хариу барина, дэлгүүрт ороод монголоор харьцвал худалдагч авхай заавал казакаар хариулах ба “чи хаанаас гараад ирэв” гэсэн шиг нүд нь орой дээрээ гарч ширэв татна. Боловсон хүчний томилгоон дээрч, шагнал урамшил, зэм шийтгэлд ч үндэсний үзэл үнэртэн, нэг хэсэгтээ монголоор ярьдаг хүний тоо эрс цөөрч, аймгийн төвд монгол дээлтэй явахаас бэргэдэг болчихсон байлаа. Монголчууд гудамжинд тааралдахдаа бараг казакаар хоорондоо мэндлэхдээ хүрсэн байв шүү.

    Баян – Өлгий гэхээр төв халхчууд казак л гэнэ. Батсүх гэвэл монгол нэртэй, бас ч гэж монголоор овоо ярих юм гэсэн дүгнэлт хийнэ. Зарим нэрэлхүү нь төрсөн аймаг, сумаа өөрчилж хэл ярианы аялага ойролцоо Увс, Ховдынх гэж жишим ч үгүй туудаг байлаа. Энэ бол үндэстний өөрийн гэсэн төвөгтэй асуудлын нэг юм. Өөрсдийгөө монголчууд гэдгээ жилдээ ганц болдог цагаан сарын /малчдын баяраар/ баярын 3 хоногт л мэдэрдэг байсан түүх бий.

    Уралдаан тэмцээн, элсэлтийн шалгалт, бөх барилдаж, морь уралдахад ч “үндсэний үзэл гаргалаа” гэдэг яриа сонсогдож байлаа. Тэр ч дарга, захирал, эрх мэдэлтэн үндэсний үзэл гаргадаг “үзэлтэй нөхөр” гэдэг үг олны дунд тогтмол яригдах болсон. Ийм сэтгэхүй монголчууд цөөн сумдад монголчуудад нь, казак нь цөөн суманд казакуудад, тухайлбал: Буянт суманд гэхэд казакуудад нь түгээмэл төрдөг байлаа.
    Үндэстний өөр төлөөлөлгүй Толбо, Дэлүүн, Баян-нуур, Улаанхус сумдад ийм зовлон байдаггүй, байх ч үндэсгүй байлаа.

    Үндэс угсаа гэдэг нь хүний сэтгэхүйн хөгжлийн доторх хамгийн эмзэг процесс бөгөөд үндэстэн байгаа цагт үндэсний үзэл ч, үндэсний асуудал ч бодитойгоор оршин байдгийн тод илэрхийлэл нь дээрх жишээ баримтууд юм. Өөр өөр үндэстэн холилдон оршдог газар олонхи нь түрэмгий аархуу, цөөнх нь эмзэг байдаг нь амьдарлын бодит үнэн.

    Ийнхүү казак, урианхай, дөрвөд, тувачууд бид нэгэн аймаг байгуулан 60 гаруй жил эвтэй найртай ахан дүүгийн ёсоор бие биесээ үндэстний хувьд зохиомлоор хайрлан ирсэн нь гашуун ч гэсэн үнэн түүх билээ.

    “Хүн хүнээ хайрлаж болно, харин нэг үндэстэн нөгөөгөө үндэстнийх нь хувьд хайрлана гэж байдаггүй юм” гэж Монголын нэрт улс төрч,түүхч доктор К.Зардихан гуай үнэнийг онож хэлсэн байдаг.

    Нэгэнт үндэстэн байгаа цагт түүнийг үндэстэн гэх онцлогууд / хэл, соёл, зан заншил, шашин шүтлэг / байсаар байгаа учраас Өлгий дэх Монгол угсаатны цөөнхийн зовлон жаргал, Монгол дахь цөөнх үндэстэн Өлгийн казакуудын хувьд ч нэгэн адил байсан гэдгийг хамтран амьдарсан 150 гаруй жилийн хугацаанд хангалттай мэдэрсэн.

    Магадгүй миний энэхүү илтгэлд дурдаж буй асуудлыг хэлэлцэх ёстой юу? үгүй юу? гэдэгт зарим хүмүүс эргэлзэж тээнэгэлзэх, зарим нь таатай бус хандаж байж ч болох юм. Манай аймгийн хөгжлийн түүхэнд энэ сэдвээр буюу үндэсний цөөнхийн эмзэг асуудлаар хурал зөвлөгөөн дээр албан ёсоор хэлэлцүүлэг явагдаж, түүнийг аймгийнхаа төр захиргааны байгууллагын хүрээнд дэвшүүлж шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаж байсангүй.Тийм нөхцөл боломж ч хумигдмал байсан.

    Тийм болохоор зарим хүмүүст сонор содон, магадгүй бүр эмзэг мэдрэгдэж байж ч болохыг үгүйсгэхгүй байна.Гэхдээ нэгэнт бидний дунд бодитойгоор оршин байгаа энэ эмзэг атлаа “эрхэм нандин” асуудлыг ил тод хэлэлцэж шүүн тунгааж нуугдмал асуудлыг ил болгож сэтгэлээ онгойлгох, бүхэнд нээлттэй болгох цаг болсон гэж үзэж байна.

    Учир нь энэ бол их нууцлаад байх зүйл нэгэнт биш болжээ. Олон үндэстэн ястан оршин суудаг тус аймаг дахь үндэс угсааны асуудлын талаар зарим зовлон жаргал түүнтэй холбоотой түүхэн үйл явдлаас цухасхан дурдахад ийм буюу.

No comments:

Post a Comment