Тус холбоог 2005 оны 3 дугаар сарын 14 –нд үүсгэн байгуулагчдын хурлаар байгуулж дүрмийг нь баталсан юм. Аймгийн хүн амын 10 орчим хувийг эзэлдэг монгол ястан болох урианхай, дөрвөд, тува зэрэг нутгийн уугуул иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангах, тэдний нийгмийн олон талыг хамран үүсч буй асуудлуудыг шийдэх шаардлагаар холбоог байгуулсан. 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж 4705 тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
Аймгийн хүн амын цөөнх болсон урианхай, дөрвөд, тува иргэдийн хөдөлмөрлөх сурч боловсрох эрхийг хангуулах, нийгмийн хамгааллыг сайжруулах, соёл, урлагийн үнэт өвийг хамгаалж сэргээн хөгжүүлэх, шашны зан үйлээ эдлэх боломжоор хангахад Холбооны зорилго оршино.
Холбооны үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх бөгөөд үндсэн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагаа явуулна.
1. урианхай , дөрвөд, тува иргэдийг ажлын байраар хангах талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах
2. Цөөнх оршин суудаг сумдын болон аймгийн төр, захиргааны байгууллагад шийдвэр гаргах түвшинд зохих төлөөлөлтэй байх бодлогыг хэрэгжүүлэх,
3. Цөөнх иргэдийнхээ хүүхдүүдийн ерөнхий боловсролд бүрэн хамруулж сурч боловсрох эрхийг нь хангуулах, ядуурлыг багасгах талаар төсөл хөтөлбөрт хамруулах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь хамгаалахад чиглэсэн сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг зохион байгуулах,
4. Урианхай, дөрвөд, тува угсаатны язгуурын соёл, урлагийн өвийг сэргээн хөгжүүлэх, хадгалж хамгаалах, хойч үедээ эзэмшүүлж дэлгэрүүлэх, уламжлалт шашны зан үйлийг чөлөөтэй эдлэх боломжоор хангаж сүм хийдээ сэргээн барих, боловсон хүчнийг нь бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Тус төрийн бус байгууллагын удирдах дээд байгууллага нь Төлөөлөгчдийн Хурлын чуулган бөгөөд анхдугаар чуулганыг 2005 оны 5 дугаар сарын 25-нд буюу Тахиа жилийн зуны эхэн сарын 17-ны Идрийн барилдлагатай шарагчин тахиа өдөр аймгийн төвд хийж Алтай, Алтанцөгц, Бугат, Булган, Буянт, Цэнгэл, Ногооннуур, Цагааннуур, Өлгий сумын төлөөлөгчид оролцсон. Хурлаар “Баян-Өлгий аймгийн цөөнх монгол угсаатан иргэдийн эрхийн хэрэгжилтийн байдал, нийгмийн асуудал” илтгэлийг Холбооны тэргүүн, хуульч Т.Батсүх тавьж хэлэлцүүлсэн нь тус аймгийн түүхэнд үндэсний асуудлаар тавьсан анхны илтгэл болсон.
Холбоо нь туг, бэлэгдэлтэй. Холбооны туг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр суурилна.Урианхай дөрвөд тува түмний эв нэгдэл, үндэс язгуур нэгтэйг илэрхийлсэн тугны их биеэс салаалсан гурван хиуртай /залаа/ байна. Тугны голд байрлах шар өнгийн дугуй дүрс нь эргэх орчлонгийн эх төгсгөлгүй амьдралыг бэлэгдэнэ. Алтан нарны гурван гурвын есөн цацраг нь уг гурван угсаатан ястан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт оюун ухаан цэлмэг, гэрэлтэн гийж байхын бэлгэдэл, цагаан өнгийн гурвалжин нь дотоодын самуунд үл өртөх, хүчирхэг байхын бэлгэдэл, дугуйн голд бадамлан асаж буй галын дөл нь үргэлжид дээшээ мандан бадарч өөдлөн хөгжин дэвшихийн бэлгэдэл болно.
Гал мэт мандан бадарч, наран, саран мэт мөнхжихийн бэлгэдэл болсон гал, нар, сар нь тус холбооны бэлгэдэл юм.
Тус төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд өөрийн үндсэн зорилгын хүрээнд олон ажлыг санаачлан хийж ирсэн байна. Тухайлбал: аймгийн төвд бурханы шашны сүм дугана барьж ашиглалтад оруулсан, ардын язгуур урлагийн сургалт явуулж олон арван охид хөвгүүдийг морин хуур, икэл, цуур, хөөмий, бий биелэг, тууль магтаал, ардын хөгжмийн ангид сурган авьяасыг нь нээж мартагдаж устах аюулд өртөөд байсан соёлын өвөө сэргээн хөгжүүлэх эхлэл тавьсан, язгуур урлагийн сургалт сурталчилгааны төвтэй болгосон, үндэсний хувцасаа хийж өмсөх хөдөлгөөн өрнүүлж жил бүр шалгаруулалт явуулдаг болсон, урианхай ардын урлаг,спортын их наадмыг аймагтаа гурав дахь жилдээ зохион байгуулж Ховд аймгаас гадна /Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумынхан анх санаачилсан наадам/ Орхон, Дархан-Уул аймгийн ардын авьяастнууд ирж оролцдог болж өргөжиж байна.
Нутгийн уугуул иргэд болох урианхай дөрвөд тувачууд өдгөө дэндүү цөөнх болсноор үндэс угсаа, нутаг ус өв соёлоороо бахархах үзэл нь бүдгэрч гундуухан амьдарцгаах болсон.Энэ байдалд дүгнэлт хийж үндэс угсаагаар бахархах сэтгэлийг бүрдүүлэх үүднээс ажил үйлс, бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан үлгэр дууриал болсон хүмүүсийг тухайн жилийн шилдгээр өргөмжилж тус Холбооны 9 алдартныг тодруулдаг боллоо. Олон түмнийхээ нэрийг тив улс аймгийн хэмжээнд гаргасан зарим хүмүүсийг тус Холбооны дээд шагнал болох “ Бидний бахархах хүн”-ээр шагнаж байхаар тогтсон юм. Эдгээр арга хэмжээ нь хүмүүсийн урам зоригыг сэргээн бид бусдаас дутахгүй алдар цуутантай бас алдар гавьяаг бүтээх чадалтай ард түмэн гэдгээ мэдэрдэг болж байна.
Угсаатнуудын зан үйлийг олон улс болон эх орныхоо хэмжээнд сурталчилах зорилгоор Монголын үндэсний телевизтэй хамтран 2006 оны 3 дугаар сард урианхай дөрвөд тувагийн язгуур урлагийн төрөл зүйлийн сурталчилгааны 20 минутын нэвтрүүлэг, 2007 онд “ Урианхайн цагаалах ёсон” сэдвээр Буянт сумын мянгат малчин О.Галдангийн суурийг түшиглэн хийж нэврүүлсэн ба алтайн урианхайн 3 дугаар наадмын урлагийн төрлөөс түүвэрлэн 30 минутын “Язгуур өв” нэвтрүүлгэ, “ Тува хуримлах ёсон” , “ Дөрвөд эх хэлний баялаг уламжлал” зэрэг зан үйлийн шинжтэй нэвтрүүлгийг бэлтгэн олон түмний хүртээл болгосон. Түүнчлэн тус холбооны үйл ажиллагааны цар хүрээ, ололт амжилт, шийдвэрлэх асуудал, цаашдын зорилтын талаар Монголын радио болон C1 телевизээр тусгай нэвтрүүлэг явуулсан.
Бидний дундаас төрөн гарсан алдар цуутан ,түүхэн хүмүүсийн намтар түүх, алдар гавьяаг сэргээн алдаршуулах, шинэ залуу үедээ мэдрүүлэх нь үндэс угсаагаараа бахархах сэтгэхүйг хөгжүүлэх нэг алхам гэж үзэж 1923-1937 хүртэлх хугацаанд Алтайхан хошууны дарга, Дотоод явдлын яамны сайд, Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, УБХ-ын дэргэдэх Бага ястны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Тамжидийн Сурахбаярын алдрыг мөнхжүүлэх талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудал тавьснаар 2008 оны эцсээр Хурлын тогтоол гаргаж хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж аймгийн Тагнуулын газрын өмнө талд түүний цээж баримлыг 2010 онд босголоо.
Холбооны бүтэц: Сонирхлын бүлгүүдийн дунд ажиллах Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын зөвлөл, Оюутны холбоо зэрэг байгууллагатай. Холбооны үйл ажиллагааны гол асуудлаар тогтвортой ажиллах албадтай. Үүнд: Төсөл, бизнесийн алба, боловсрол, өв соёлын алба, соён гэгээрүүлэх алба ажилладаг. Мөн 2010 онд тус холбооны дэргэд “ Ойрад судлалын төв “-ийг байгуулан угсаатнуудынхаа түүх, шашин, өв соёл, урлагийг судлах үйл ажиллагааг эхлүүлсэн. Уг төвийг доктор Г. Золбаяр удирдаж байна.
Тус холбооны эрх барих дээд байгууллаг болох Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар чуулган 2010 оны 02 сарын 08-ны өдөр хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэцэж холбооны тэргүүнээр Т. Батсүхийг дахин сонгож удирдах зөвлөлөө шинэчлэн байгуулсан.
Холбооны Удирдах зөвлөл 12 хүний бүрэлдхүүнтэй ажилладаг.
No comments:
Post a Comment